Ц.Даваасүрэн: АН, МАН хоёр улс орныг авч явж чадахгүй нь батлагдлаа
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.11.11

Ц.Даваасүрэн: АН, МАН хоёр улс орныг авч явж чадахгүй нь батлагдлаа

Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж 2015 оны Төсвийн тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Хууль ёсоор энэ бямба гариг гэхэд энэ хуулийг баталсан байх учиртай юм. Энэ тухай болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Төсвийн тухай хуулийн төслийг энэ сарын 15 гэхэд баталсан байх учиртай. Баталж амжих нь уу. Төслийг сайжруулах талаар танай байнгын хорооныхон ажиллаж байна уу?

2015 оны Төсвийн тухай хуулийн төслийг цаг хугацаанд нь амжаад батлах бүрэн боломжтой. Манай Төсвийн байнгын хорооныхон төслийг хэлэлцэхэд бэлэн байна. Ажлын хэсгийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд ч гэсэн төслийг сайжруулах талаар ажилласан байгаа.

Энэ төслөөр 160 гаруй тэрбумын зардал бууруулахаар тусгасан. Ялангуяа, төр, засгийн удирдлага түүний туслахуудын тансаг хэрэглээг бууруулж байна. Тэгэхгүй бол тэд замбараагүй тансаг хэрэглээтэй байна шүү дээ.

-2014 оны Төсвийн тухай хуульд тодотгол хийх тухай яриа байна?

Төр, засгийн өнөөгийн байдлыг харахад тодотгол хийж болзошгүй магадлал үүсэхээр байна. Шинээр бүрдэх Засгийн газрын бүтцээс хамааралтай гэж хэлэх байна.

-АН-ын ҮЗХ өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдлаа. Засгаа эмхлэн байгуулах талаар дорвитой шийдэлд ч хүрсэнгүй. Эцэстээ МАНАН-гийн Засгийн газар байгуулж магадгүй талаар ярих болжээ. Та энэ үйл явдалд ямар дүгнэлт өгч байна?

Би нэг зүйлийг зориуд хэлье. Өнөөдөр Монголд өөрсдийгөө хамгийн том гэж хэлдэг хоёр улс төрийн хүчин бий. Энэ нь мэдээж АН, МАН хоёр. Гэхдээ нэг зүйлийг зарлах ёстой юм байна. Энэ хоёр нэгэнгүйгээр улс орноо авч явах чадваргүй болсон байна. 2008 оныг эргээд сана. С.Баяр 45 суудал авчихаад АН- гүй явж чадахгүй гээд МАНАН-г байгуулсан.

Одоо хар. Бас л адилхан АН-ынхан “Бид МАН- гүйгээр явж чадахгүй” гээд түнэр харанхуй МАНАН-гийн төлөө явах гэж байна. Залуу нам нь туршлага хуримтлуулж чаддаггүй, хөгшин нь түшиж ханахгүй л байна шүү дээ. Эцэст нь АН. МАН хоёр улс орныг авч явж чадахгүй гэдэг нь батлагдлаа. Сайдын суудалгүйгээр тэд явж чадахгүй байгаа нь эргээд төрийг хямрааж байна.