Д.Дамба: Шинэчлэлийн Засгийн газар мэргэжлийн холбоо, байгуулагуудтай нягт хамтарч ажиллаж байгаа
Уул уурхайн мэргэжлийн институтын Ерөнхийлөгч Б.Дамба
2014.11.14

Д.Дамба: Шинэчлэлийн Засгийн газар мэргэжлийн холбоо, байгуулагуудтай нягт хамтарч ажиллаж байгаа

Дисковер Монголиа 2014” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Уул уурхайн мэргэжлийн институтын Ерөнхийлөгч Б.Дамбатай ярилцлаа. 

-Жил, жилийн “Дисковер Монголиа” чуулга уулзалт өөрийн гэсэн онцлогтой бол­дог. Энэ удаагийн чуулга уул­зал­тын онцлогийн талаар яриа­гаа эхэлье?

-Уул уурхайн салбарын баримт бичгүүд нэлээд ээдрээтэй болчих­сон байсныг өөрчилсний дараа болж байгаагаараа онцлог болж бай­на. Уул уурхайн сайд Д.Ганхуяг чуул­ганы эхэнд бодлогын гол гур­ван баримт бичгийн талаар ярьж, тодорхой мэдээлэл хийлээ. Мон­голын төр уул уурхайн салбарт али­ваа шийдвэрийг гаргахдаа мэр­гэжлийн байгууллага, холбоодын са­налыг тусгах, уул уурхайн салбарыг улс төрөөс ангид байл­гах талаар тодорхой үр дүнд хүр­сэн нь урьд өмнө байгаагүй ши­нэлэг зүйл.

Чуулганы эхэнд төр, хувийн хэвшил, иргэний нийг­мийн байгууллагууд хамтран тун­хаг бичиг байгуулсан нь үүний но­толгоо болж байна.  

-Хөрөнгө оруулагчид хэрхэн хүлээж авч байна?

-Хуралд ирсэн хүмүүс ерөн­хий­дөө гайгүй хүлээж авч байна. Гэх­дээ хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулсан улсын хууль эрхзүйн орчин сайн, муу байх гэдгээс гадна тогтвортой бай­хыг хүсдэг. Тэгэхээр хууль өөр­чилс­нөөр эерэг сөрөг мессэж аль аль нь очиж байгаа гэсэн үг. Өнөө­дөр таатай сайхан болсон ч гэсэн маргааш өөрчилж болно гэ­сэн болгоомжлол нь арилахгүй байна л даа. Үүнд манай улс тө­рийн тогтолцоо хамгийн ихээр нө­лөөлж байна.

Дөрвөн жилд нэг удаа сонгууль болдог, ялсан нам нь өмнөх на­мын­хаа харьяалалтай бүх хүмүү­сийг халж хаяад өөр хүмүүс то­милчихдог. Хуулиа өөрчилдөг. Уг нь уул уурхай бол цэвэр эдийн засгийн салбар юм шүү дээ. Улс төртэй ямар ч хамаагүй. Гэтэл улс төрийн нөлөө орж ирээд байдаг. Бодит байдал ийм учраас хуульд хийсэн өөрчлөлт баталгаа болж чадахгүй байна. Дор хаяж хоёр сонгуулийн хугацаанд тогт­вортой байж гэмээ нь хөрөнгө оруу­лагчдад итгэл төрнө.

Ашигт малтмалын үнэ өндөр байх үед авсан орло­гын татвараас тодорхой хэсгийг санд байршуулаад үнэ унасан үед аж ахуйн нэгжүүдээ дэмждэг байж болно. Сангийн мөнгийг өөр бусад зүйлд оруулж өсгөж ч бол­но.  
-Татварын тал дээр манайх дэлхийн бусад улсуудтай харь­цуулахад хэр гар чангатай бай­даг вэ. Хөрөнгө оруулагчид ямар санал бодолтой байдаг бол? 


-Ажиглаад байхад дэлхийн улс орнуудад татвар тухайн ком­­па­нийн ашгийн 20 хувиас хэ­тэр­дэг­гүй. Манайх бол нэг их өн­дөрт ордоггүй. Бага ч биш. Би га­даад дотоодод хурал чуулганд оролцохдоо хөрөнгө оруулагчдад хэлдэг юм, “Манай татвар дун­даж шүү” гэж. Тэд ч хүлээн зөв­шөөрдөг, “өндөр биш ээ” гэдэг юм. Гэхдээ дээр хэлсэнчлэн, тат­вар их, бага байх нь хамаагүй, гол нь тогтовортой байх л чухал.

-МНН-ын дарга О.Бум-Ялагч гадаа жагсч байна. Ашигт малтмалаас олсон орлогоороо тусгай сан байгуулах ёстой гэсэн санаа дэвшүүлж байна?

-Би бол энэ санааг буруу биш гэж боддог. Ийм сан байгуулж дэд бүтэц, нийгмийн ажилд зар­цуулах хэрэгтэй. Бас салбарын аж ахуйн нэгжүүдийг дэмждэг байх ёстой юм.

Гэхдээ одоо авч бай­гаа татварын тодорхой хувийг хуримт­луулах ёстой болохоос татвар авчихаад, дээр нь нэмж, санд төвлөрүүлэх мөнгө татаж бо­лохгүй. Ашигт малтмалын үнэ өндөр байх үед авсан орло­гын татвараас тодорхой хэсгийг санд байршуулаад үнэ унасан үед аж ахуйн нэгжүүдээ дэмждэг байж болно. Сангийн мөнгийг өөр бусад зүйлд оруулж өсгөж ч бол­но. Жишээлбэл тэр мөнгөөр том цэнгэлдэх бариад дэлхийн хэм­жээний тэмцээн зохиож болно. Тэгээд орлогыг нь буцаагаад сан­даа татдаг. Түүнээс биш 20 000 аар хуваагаад өгч болохгүй.
 

-Барууны орнууд ОХУ, БНХАУ-аас хөндийрч байгаа нь энэ хоёр улсын дунд байдаг манай улсад нөлөөгөө үзүүлж байна. Хөрөнгө оруулалт буурч байгаа нь үүний нэг хэлбэр гэсэн санаа хэлэх хүн байна?

-Би бол тэгж бодохгүй байна. Монгол Улс бол газар нутгийн байршлын хувьд маш ашигтай. Дэлхийн хамгийн хүчирхэг хоёр улс манай хоёр талд байна. Тэ­дэнд манай баялаг хэрэгтэй бай­на. Хэнээс ч гуйх шаардлага байх­гүй. Хэн ч энэ хоёр хүчирхэг гүрнийг даваад манайх руу дайрч чадахгүй.

-“100 чухал сэдэв” нэвт­рүүлэгт таныг нарийн цари­гийг дэмжиж үндэсний эрх ашгаа­саа урвасан мэтээр харуулсан. Энэ талаар юу хэлэх вэ?        

-Өргөн царигийг дэмждэг хүн үзэл бодлоо илэрхийлж байна л гэж бодсон. Хувь хүний үзэл бодол. Түүнээс Монголын төр тийм бодлого баримталдаггүй шүү дээ.

-Та Монголын Уул уурхайн үндэсний ассоциацын аж­лаа өгчээ дээ. Одоо ямар байгуул­ла­­гад ажиллаж байна вэ?

-Уул уурхайн мэргэжлийн инсти­тут гэж байгуулагдсан юм. Энэ бай­гууллагын ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаа. Энэ бол зү­гээр сонгуульт ажил. МУУҮА жи­шээ нь, уул уурхайн салбар дахь хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалж ажилладаг. УУМИ бол тийм биш, Монголын уул уурхайн стандартыг олон ул­сын жишигт хүргэх зорилготой.

Мон­голын уул уурхай нөөцийн ан­гилалтай байх ёстой. Дэлхийд тү­гээмэл хэд, хэдэн стандарт бай­на л даа. Австралийн ЖОРК гэх мэт. Бид үүнтэй маш дөхөж очи­хуйц өөрсдийн гэсэн Монгол стандартыг бий болгож байгаа. Энэ стандартуудыг бүртгэж ба­тал­гаажуулдаг олон улсын бай­гуул­лагад элсэх бэлтгэл аж­лыг хийж байна.

Ингэснээр мон­гол инженерүүд нөөцийн тай­лан­­гаа дэлхийн жишгээр өгөх бо­ломжтой болох юм. Уул уур­хай өндөр хөгжсөн Австрали, ОХУ, Ка­над зэрэг 20 гаруй улс энэ байгууллагад элссэн байдаг. Ми­­ний хувьд УУМИ-ийг хөл дээр нь босгож өгөөд боллоо. Бид бас уул уурхайн мэргэшсэн ин­жене­рүүдийг ёс зүйтэй болгох тал дээр анхаарч ажиллаж бай­на. Нөөцийг үнэн зөв, байгаа­гаар нь тогтоолгүй ашиг сонир­хол оруу­лахаас сэргийлж, хариуц­ла­гын тогтолцоо бий болгож байгаа юм.

-Ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Салбараас зайлж, баяртай бол­но гэсэн үг. 

-Манайх ашигт малтмалаас олох орлогыг нэмэгдүүлэх гол арга зам бол боловсруулалт хийх, олборлолт, экспортыг нэмэгдүүлэх гэж үздэг. Тэгвэл ашигт малтмалдаа судалгаа шин­жилгээ сайн хийж, үзүү­лэлтийг нарийн гаргаснаар аш­гаа нэмэгдүүлэх бас нэг гарц бай­гаа юм шиг. Нүүрснээс л гэ­хэд 30 гаруй төрлийн бодис гар­гадаг гэх юм билээ?

-Юунд ашиглах вэ гэдгээс шалт­гаалах асуудал. Түлж, эр­чим хүч гаргах зорилгоор авч бай­гаа компани бол олон үзүү­лэлт шаар­дахгүй шүү дээ. Илч­лэг, үнс­лэг, хүхэрлэг, чиг­лэг, дэг­дэм­хий гэсэн таван үзүүлэл­тийг л шаардана. Харин чиний хэлсэн шиг нарийн юм гаргаж авах гэж байгаа компани бол илүү нарийн үзүүлэлт шаардана, тэгвэл бид түүнийг нь гаргаж өгөх үүрэгтэй болно л доо.    

-Төрөөс уул уурхайн салбарт сүүлийн үед хийж байгаа ажлын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь бол Уул уурхайн яам, Ши­нэчлэлийн Засгийн газар урьд, урьдын Засгийн газруудаас ял­гаа­тай нь ил тод, салбарын бай­гууллагуудтай хамтарч ажил­лаж чадаж байна. Өмнө нь бол хэн дуртай УИХ-ын гишүүн нь уул уурхайн салбарын хууль санаа­чилдаг байлаа шүү дээ. Бараг л шөнө зүүдэлж босч ирчихээд хуулийн төсөл болгоод барьж гүйдэг байсан гэхэд хилсдэхгүй.

-Уул уурхайн яам мэр­гэж­лийн байгууллагуудтай хам­тарч ажил­ладаг болсон гэлээ. Энэ чиг­лэлээр ямар ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

-Уул уурхайн мэргэжлийн зөв­лөл гэж байдаг. Энэ байгуул­лагын үүр­гийг институтэд шил­жүүлэх асуу­дал яригдаж байгаа. Гэх­дээ шууд биш, үе шаттайгаар хийгдээд явах байх.