Г.Баярсайхан: Телевизүүдэд таван тэрбум төгрөг хувааж өгчихөөд өөрсдийнхөө дохиогоор хөдөлгөх нь ээ
УИХ-аар "Монгол контент” хөтөлбөрийг хэлэлцэхийг дэмжээд байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-Соёлын тухай хуульд нэмэлтээр орж буй “Монгол контент” хөтөлбөр батлагдвал хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөнд халдаж, боомилсон явдал болно. Таны хувьд энэ хуулийн төсөлд ямар байр суурьтай байна?
Монголын төр аливаа бизнест оролцохгүй байхыг хаа хаанаа ярьжбайгаа. Тиймээс миний хувьд “Монгол контент" хөтөлбөрийг дэмжихгүй. Хувийн телевиз, хэвлэлүүд өнөөдөр төрөөс ямар ч татаас авалгүйгээр өөрсдийгөө авч яваа салбар. Өнөөдөр 140 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Өрсөлдөөн дундаас сайн телевизүүд нь шалгараад л гараад ирнэ.
Тиймээс төрийн оролцоо заавал байх шаардлагагүй гэж бодож байгаа. “Монгол контент” хөтөлбөр нь нэг ёсондоо редакцийн бодлогод шууд нөлөөлж байна шүү дээ. Энэ хөтөлбөрийн гол агуулга нь эх оронч үзэл, хүмүүжил, монгол ёс заншил, өв соёлыг залуу хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй гэж байна л даа. Үүнийг телевизээр нэвтрүүлснээс ард түмнээс сонгогдсон улстөрчид, УИХ- ын гишүүд өөрсдөө үлгэрлэж харуулах ёстой.
Төрийн өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт асар их холбогдож байна. УИХ-ын гишүүд ёс зүйтэй баймаар байна Аливаа асуудлыг нам болоод албан тушаал харгалзахгүй шийдэж байх хэрэгтэй л дээ. Гэтэл найзан дундаа, нам дундаа хийгээд явж байгаа тохиолдолд Монголын ёс суртахуун, хүмүүжлийн талаар телевизээр ухуулна гэж хичнээн яриад ч нэмэргүй. Тиймээс төр биелэгдэхгүй хуулийг гаргах шаардлагагүй юм.
-Телевизүүдэд гадаадын кино, нэвтрүүлэг зонхилж, тархи угаалт явагдаж байна, гадны нөлөөнд орлоо гэхчилэн Ц.Оюунгэрэл сайд “Монгол контент”- оо батлуулахаар тэмцэж байгаа шүү дээ...
Гадаадын кино үзээд тархи угаагдана гэж ойлгохгүй байна. Харин ч чөлөөтэй байх ёстой. Тэгж байж монголчууд бидний оюун ухаан дархлаатай болно. Хойт Солонгос шиг бүх юмыг хорьчихоод нэг тавибал юу болох нь тодорхой.
Өнөөдөр сайн муугаараа дуудуулдаг телевизүүдийн чанар сайжирч байгаа. Бүх телевиз хүүхдэд зориулсан өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болсон байна. Монгол ёс заншлыг сурталчилсан, үлгэр домгийн цаг, нэвтрүүлгийн цагтай. Өөрийнхөө зах зээлийн жамаар явж байгаа энэ салбарт төр оролцоод хэрэггүй гэдгийг дахин хэлмээр байна.
Бид гадны нөлөөнд орлоо гээд байгааг ойлгохгүй юм. “Компьютер”-ийг дэлхий нийтээр ингэж л нэрлэдэг. Бид адилхан “компьютер” гэдэг шүү дээ. Өөрөөр юу гэж хэлэх вэ. Үүнийг тэгээд гадны нөлөөнд орж байна гэх үү. Туйлшрахдаа хэмжээндээ л туйлшрах хэрэгтэй.
-Харин ч манайхны хийдэг кино харгис хэрцгий балмад үйлдэлтэй байдаг. Тэгсэн атал эфирийн 50 хувийг заавал үндэсний нэвтрүүлэг байхаар төсөлд тусгасан. Энэ нь өнөөгийн нөхцөлд хэрэгжих боломжийг нь та хэрхэн харж байгаа вэ?
Монгол ёс заншил, ахуй соёл монголчууд бидний цусанд, генд бий. Тиймээс телевизээр тэгтэл нь гаргаад байх шаардлагагүй. Харин ч бид дэлхийн сонгодог урлаг, кино бүтээл, уран зохиол зэргийг түлхүү нэвтрүүлэх хэрэгтэй. Дэлхий нийт хоног цаг хугацаагаар хөгжиж байна. Бид үүнтэй хөл нийлүүлмээр байна.
-Дэлхий чигтээ даяаршиж байхад манай телевизүүдийн нэвтрүүлгийн тэн хагас нь монгол агуулгатай болбол бид хөгжлөөс ухарч байгаа хэрэг юм биш үү?
Даяаршлын үед бид дэлхий нийттэйгээ улам ойртох ёстой. Ц.Оюунгэрэл сайд хэвлэлийн салбар руу биш жуулчдыг хэрхэн эх орондоо татаж, тэдний ая тухыг хангахад анхаараасай. Тухайлбал, Оросын жуулчид манайд ихээр ирж байна. Адаглаад л тэднийг дэлгүүр ороход нь хөтөч байх хэрэгтэй. Энэ бүгдийг салбарын сайд нь анхаарч, зохицуулах ёстой баймаар.
-Ямартай ч ирэх оны төсөвт “Монгол контент” хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван тэрбум төгрөгийг суулгасан. Энэ дүнг 140 телевизэд хуваахаар юу ч болохгүй нь ойлгомжтой. Тэгэхээр олигтой уран бүтээл гарах уу гэдэг асуудал байна?
-Уран бүтээлчдийг чөлөө- тэй орхичихвол тэднээс олон сайхан бүтээл төрнө. Ингэж телевизүүдийн эфирийн цагаас хугаслаж байхаар харин ч Монголын урлаг соёлыг гадаадад сурталчлаад ирсэн хүмүүст дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ ажлыг салбарын яам нь хиймээр байна. Ерөнхийлөгч олимпод түрүүлсэн тамирчдад насан туршид нь мөнгөн дэмжлэг үзүүлдэг болсон. Үүн шиг л эх орныхоо соёл урлагийг дэлхий дахинд таниулж, амжилт гаргасан уран бүтээлчийн хөдөлмөрийг үнэлмээр байгаа юм.
Мэдээж манайд үйл ажиллагаа явуулж буй CNN зэрэг гадны томоохон телевизүүд хууль батлагдлаа гэхэд дагахгүй нь тодорхой.
Ц.Оюунгэрэл сайд телевизүүдтэй таван тэрбумаар хаалтын гэрээ хийх гэлээ гэж шүүмжлэлд өртөж байна. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?
Төрөөс мөнгө авсан телевиз чинь төрийн заавраар явахаас өөр аргагүй болно шүү дээ. Өөрөөр хэлбэл, телевизүүдэд таван тэрбум төгрөг хувааж өгчихөөд өөрсдийнхөө дохиогоор хөдөлгөх нь ээ. Эрх баригч нам нь телевизийн эфирийг хянаад байхаар тухайн хэвлэлийн байгууллага амаа бариулна. Нөгөөтэйгүүр тухайн намын мэдэлд байдаг телевизүүд ч тэр мөнгийг авах гэж зүтгэнэ.
Энэ зэргээс “Монгол контент” төсөл орж ирсэн нь угаасаа буруу. Хамгийн гол нь мэргэжлийн холбоод нь асуудлыг шийдэх ёстой. Тэгэхээр Телевизүүдийн холбоо өөрсдийнхөө үйл ажиллагааг мэдэг л дээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд тендер зарлавал тэнд жинхэнэ авлига хээл хахууль явагдана. Тиймээс энэ салбарыг зүгээр л орхичих гэж хэлмээр байна. Ёс суртахууныг Монголын ард түмэн өөрсдөө шүүнэ.
-Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал манайд үйл ажиллагаа явуулж буй CNN, Bloomberg гэх мэт гадаадын томоохон телевизүүд мөрдөхгүй нь ойлгомжтой. УИХ-аар хэлэлцэгдэж байгаа уг хуулийн төсөлд уг асуудлыг хэрхэн тусгасан юм бол?
Ер нь хуулийн төсөлд ойлгомжгүй асуудлууд байна л даа. Хуулийг баримтлахгүй байгаа телевизииг яах ёстойг төсөлд тусгаагүй байна лээ. Тухайн телевизийн эрхийг нь хаах юм уу, тун ойлгомжгүй байгаа юм. Хэрэв хууль мөрдөөгүй телевизийн үйл ажиллагааг зогсоовол хэвлэлийн эрх чөлөөнд шууд халдаж буй хэрэг болно.
Мэдээж манайд үйл ажиллагаа явуулж буй CNN зэрэг гадны томоохон телевизүүд хууль батлагдлаа гэхэд дагахгүй нь тодорхой. Ер нь таван тэрбум төгрөгийг хэдэн телевизэд тарааж өгч байхаар гадаадын нэр хүндтэй телевизүүдэд Монголоо сурталчлахад зарцуулах ёстой санагдаж байна. Монгол ёс заншлыг ингэж л сурталчилмаар байгаа юм.
АН гараад ард түмний нуруун дээрээс ачаа авдаг гэж ойлгогддог байсан. 1996 онд үнэхээр бид ачааг нь авсан.
-Ер нь АН гарснаас хойш ХМХ-ийг хааж боож, өөрсдийнхөө хувийн эрхшээлд байлгах гэсэн, бизнес эрхлэгчид рүү халдаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцсон хуулийн төслүүд орж ирж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
АН гараад ард түмний нуруун дээрээс ачаа авдаг гэж ойлгогддог байсан. 1996 онд үнэхээр бид ачааг нь авсан. Харин 2012 оноос хойш намтайгаа олон зүйл дээр санал нийлэхгүй байна л даа. Ялангуяа хэвлэл мэдээлэл дээр авч байгаа арга хэмжээний хувьд Засаг хийх ажлаа л хийж, бизнест бага оролцооч ээ. Нэг ёсондоо тэд хэвлэлийн мэдээлэл түгээх эрхэнд халдах гэж байна шүү дээ.