Д.Зоригт: Миний нэрийг Сангийн сайдад дэвшүүлсэн Засгийн газар огцорсон
Улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Д.Зоригт ямар бодолтой явааг нь сонирхон ярилцлаа.
-Сая АН-аас МАН-тай зөвшилцөх ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Батчимэг зөвшилцөл амжилттай үргэлжилж байгаа, удахгүй Засгийн газрын бүтцийн талаар ярилцана гэлээ. Хоёр намын зөвшилцлийн талаар УИХ-ын гишүүд ямар мэдээлэлтэй байгаа вэ. Ялангуяа Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй байх тухай тохиролцооны талаар олон таамаг, сэжиг өрнөж байна. Энэ талаар та ямар бодолтой явна?
Ерөнхийдөө АН, МАН-аас томилогдсон зөвшилцөх ажлын хэсгүүдийн яриа хэлцэл амжилттай үргэлжилж байгаа талаар мэдээлэл авч байгаа.
Хамгийн гол нь зүгээр л хамтрахын тулд хамтарч Засгийн газар байгуулах гээгүй болохоор нэлээн ул суурьтай асуудалд хандаж анхнаасаа маш зөв гараанаас гарах шаардлага байгаа. Бид анх удаа хамтрах гээгүй болохоор урьд өмнөх алдааг яагаад ч давтаж болохгүй. Өнөөдөр улс орны эдийн засаг хүндхэн байгааг бид бүгдээрээ харж, амьдрал дээр мэдэрч л байгаа шүү дээ.
Тэгэхээр өнөөдөр хоёр намын дунд хийгдэж байгаа зөвшилцлийг сэтгэлийн хөөрөл, урьд өмнөх болон ирээдүйн тооцоо бодох байдлаар хийж хэрхэвч таарахгүй. Олон багц асуудлаар зөвшилцөл хийгдэж байгаа. Нэгдүгээрт улстөрийн хүрээнд яаралтай зохицуулах хэдэн гол асуудал байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгууль, улстөрийн намуудын хууль гээд. Дараа нь эдийн засгийн хүрээний тулгамдсан багц асуудал байна.
Давын өмнө Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд шийдвэрлэх нөлөөтэй том төслүүдийг урагшлуулах, хөрөнгө оруулалтын орчин нөхцлөө сайжруулах, хувийн хэвшлийг дэмжсэн шиг дэмжих гээд. Мөн түүнчлэн санхүүгийн асуудал ярихад хамгийн эхлээд өрийн асуудлыг нэг тийш цэгцлэх ёстой.
Засгийн газрын өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байхаар урьдчилсан байдлаар тохиролцож байгаа тухай мэдээллийг саяхан авлаа. Миний хувьд энэ асуудалд их хатуу байр суурь баримтлах нь тийм ч сайн үр дүнтэй биш л гэж бодож байгаа. Өрийн таазыг тодорхой үед нь шаардлагатай хэмжээгээр ярих л ёстой. Тэр ямар гагначихсан тоо биш шүү дээ. Хэрэгцээ шаардлагадаа тохируулаад тухайн цагт нь шийдээд л явах ёстой асуудал л даа.
-УИХ дахь бие даагчдын зүгээс “Эрх баригчид Оюутолгойн Монголын эзэмшлийн 34 хувийг Рио Тинтод зарахын тулд, УИХ дахь сөрөг хүчнээ дуугүй болгохоор тулд хамтарсан Засгийн газар байгуулахаар улайрч байна” гэж ярьж байгаа. Үнэхээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар Оюутолгойн 34 хувийг зарахын тулд хамтарсан танхим байгуулж байгаа хэрэг үү. Та энд юу хэлэх вэ?
-Энэ тухай сонсож л байгаа. Гэхдээ энэ бол Засгийн газрын албан ёсны байр суурь биш л дээ. Миний хувьд асуудлыг ингэж дэвэргэж, хүмүүсийг бухимдуулж байгааг буруу л гэж бодож байна. Ядаж л худал, үнэн иймэрхүү мэдээллийг гадны хөрөнгө оруулагчид сонсохгүй байна гэж байхгүй шүү дээ. Шинэ Ерөнхий сайдын зүгээс энэ асуудлаар юу ч яриагүй. Хаанаас гарсан нь мэдэгдэхгүй нэг ийм хорлонтой яриа яваад л байгаа.
Иймэрхүү яриа дан ганц монголчуудыг бухимдуулаад зогсохгүй гадны хөрөнгө оруулагчдад зарим нэг санал, сэдлийг төрүүлэхийг ч үгүйсгэх аргагүй юм. Энэ талаар АН-ын бүлэг дээр, УИХ-ын байнгын хороон дээр ерөөсөө яригдаагүй, Ерөнхий сайдын амнаас ч энэ талаар ганц үг унаагүй гэдгийг л хэлье. Яаж ч бодсон 30 ам. долларын үнэтэй байсан зүйлийг гуравхан ам. доллар болсон үед нь зарна гэж ямар ч эрүүл ухаантай хүн бодохгүй нь тодорхой шүү дээ.
Энэ талаар ярихын оронд ямар арга замаар Оюутолгойгоо гацаанаас хурдан гаргах, хөрөнгө оруулагчидтайгаа хэрхэн учраа ололцох талаар л оюун ухаанаа уралдуулах цаг болоод байна. Дундын хувилбар сонгох өөр олон боломж байгаа гэж миний хувьд дүгнэж, харж яваа.
-Таны нэрийг шинээр байгуулагдах Засгийн газрын Сангийн сайдаар тодруулснаас хойш нэлээн хэд хоног өнгөрчихлөө. Таны нэр өнөөдөр ч Сангийн сайдад яригдсан хэвээрээ байгаа юу?
/Инээв/.Миний нэрийг Сангийн сайдад дэвшүүлсэн Засгийн газар огцорсон л доо. Тэгэхээр тэр санал Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай хамт хүчингүй болсон гэсэн үг. Одоо хоёр намын зөвшилцөл ид явагдаж байгаа болохоор шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг эхлээд шийдэх байх.
Дараа нь сайд нарын нэрс яригдана л даа. Гэхдээ шинэ Засгийн газар 70-80 хувь нь гаднаас томилогдох болов уу.
-Таны хувьд дараагийн сайдууд давхар дээлгүй байх ёстой гэдэгтэй санал нэг байна уу?
Намын дарга, Ерөнхий сайд нарын үгнээс УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болох өнөөдрийн хүчин төгөлдөр Үндсэн хуулиа баримтлан, шинэ Засгийн газрын гишүүдийг зохистой харьцаагаар томилох юм байна л гэж ойлгож байгаа.
Нэгэнт л одоо хүчин төгөлдөр мөрдөгддөг байгаа Үндсэн хууль байгаа болохоор тэр хүрээндээ Засгийн газраа байгуулаад явах нь тодорхой. Тэгэхээр УИХ-аас тодорхой тооны сайд гарах нь гарцаагүй. Харин зохистой харьцааг л баримтлах нь чухал болов уу.
-Хоёрхон хоногийн дараа Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулах ёстой. Хугацаандаа амжих нөхцөл харагдана уу?
Амжилгүй яах вэ. Өчигдөр /уржигдар/ орой манай Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж шийдвэрээ гаргасан. Мөн саяхан Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаа талаар мэдээлэл авлаа.
Хэрвээ өнөөдөртөө багтаад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлчихвэл хэн, хэнийг сайдад нэр дэвшүүлэхээ намын бүлгүүд энэ долоо хоногт багтаж шийдэх боломжтой л гэж бодож байна.
Одоо даруйхан Засгийн газраа бүрдүүлж, дараагийнхаа ажилд яаравчлан орох шаардлагатай байгааг УИХ дахь бүх нам, эвслийн бүлгүүд сайтар ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Улс орны эдийн засаг, санхүүгийн өнөөдрийн бэрхшээл яах аргагүй улстөрийн намуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгаж, сөргөлдөөнөө аль болох хойш нь тавьж бүх зүйл дээр хамтран ажиллаж, асуудлаа шийдэх бололцоо олгож байгааг бид дээд зэргээр ашиглах ёстой.
-Өнгөрсөн 10 дугаар сарын 7-нд баталсан Засгийн газрыг 13 яамтай байгуулахаар тогтсон бүтцэд өөрчлөлт орох нь тодорхой болж байна. Дор хаяж хоёроос гурван яам нэмэгдэх болов уу. Дахиад л шинэ яам, шинэ бүтэц бүрэлдэхүүний талаар яригдана. Ингэхээр нөгөө бүсээ чангалсан, төсөв санхүүгийн асуудал юу болох бол?
Ерөнхий сайдын зүгээс яамдын тоог нэмэхээр төлөвлөж байгаа юм билээ. МАН Засгийн газарт хамтрах болсон нь нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилсөн гэж дүгнэж болно. Зөвшилцлийн хүрээнд яамдын тоо, бүтэц бүрэлдэхүүний талаар ч хөндсөн нь тодорхой.
Ямар ч гэсэн хоёроос доошгүй шинэ сайдын асуудал яригдах байх. Засгийн газрын бүтэц тодорхой болсон үед төсөв мөнгөө шийдээд л явах нь ойлгомжтой. Харин шинэ яамдын бүрэлдэхүүний хувьд хуучнаасаа нэмэгдүүлж болохгүй гэдгийг УИХ дээр яригдах нь тодорхой.
-Саяхан яаравчлан баталсан ирэх оны төсөвт дахин гар хүрэх нь ээ дээ?
Мэдээж төсвөө эргэн харж, зохих өөрчлөлт хийж таарна. Шинэ бүтцэд тохирсон, шинэ төсвийг дахин хэлэлцэж батлах нь ойлгомжтой.
-Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах цаг болсон гэж байна. Давын өмнө ямар өөрчлөлт хийх бол?
Парламентын ардчилал, парламентын тогтолцоог илүү бэхжүүлэх чиглэлд л өөрчлөлт оруулах болов уу. Товчхондоо Ерөнхий сайдын эрх мэдлийг илүү өргөжүүлж, Засгийн газрын гишүүдийн томилгоог өөрөө мэдээд хийдэг болох, бас бус өөрчлөлт зайлшгүй хийх шаардлагатай болоод байгаа юм.
Шинэ Засгийн газар Эрдэнэс Тавантолгойг хувьчлахаар шийдсэн гэх юм. Мэдээлэлд ойр байдгийн хувьд энд та ямар хариулт өгөх вэ?
Харин наад асуудлыг чинь зурагтаар л сонслоо. Уг нь яригдаж байгаа асуудал нь тэс өөр юм л даа. Энэ компанийн менежментийг л төр, хувийн хэвшлийн түншлэлд шилжүүлж, илүү үр дүнтэй ажиллуулах тухай яриа явж байгаа. Эрдэнэс Тавантолгойд миний, чиний 1000 гаруй хувьцаа байж л байгаа шүү дээ.
Энэ компанийн лиценз төрийн мэдэлд байгаа. Хувьчлах талаар хэн ч, хаана ч яриагүй. Харин олборлолт, борлуулалтыг нь гадна, дотны хувийн хэвшлийнхэнд тодорхой хугацаагаар, гэрээний үндсэн дээр шилжүүлэх талаар яригдаж байгаа юм бол бий.