Ардчиллын төлөө
УИХ-ын гишүүн Л.Болд
2014.12.08

Ардчиллын төлөө

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Болдод Ардчилсан нам өөрийн дээд шагнал “Чингисийн одон”-гоо олголоо. Тэрээр ерэн оны ардчилсан хувьсгалаас эхлэн өнөөг хүртэл Монголын нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцож яваа улстөрч юм. Тэр тусмаа тодорхой үзэл санаа дэвшүүлэгч, сэтгэгчийн байр сууринаас оролцож ирсэн улстөрч гэдгийг та бид мэднэ-

 Түүний улс төрийн намтар ерэн оны хувьсгал, Монголын оюутны холбооноос эхлэн бичигддэг. Чухамдаа ардчилсан хувьсгалыг манлайлсан дөрвөн хөдөлгөөн байсны нэг нь Монголын оюутны холбоо байлаа.Төрийн эрх мэдэлд хүрэх, өөрсдийн зорьж буй шинэ нийгмийнхээ жолоог атгах зорилго, үүрэг бүхий улс төрийн хөдөлгөөнүүдээс ялгаатай нь гэвэл Монголын оюутны холбоонд тийм “албан тушаалын” амбици, зорилго байгаагүй юм.

Эрх мэдлийг биш эрх чөлөөг эрмэлзсэн ерээд оны оюутан залуус ардчилсан хувьсгалын эцсийн зорилгыг хамгийн эрүүлээр харж байсан хэсэг гэхэд болох байх. Тус холбоог ардчилсан хувьсгалын нэгэн хүч болгож зангидсан удирдагчдынх нэг нь өнөөгийн УИХ-ын гишүүн Л.Болд байв.

“Иргэн нь эрх чөлөөгүй, итгэл үнэмшилгүй, эдийн засгийн баталгаагүй байгаа цагт энэ улс орныг хэн ч ийм амархан худалдан авч дөнгөх юм байна”

Тэр үеийн ардчилсан Германд дээд сургууль төгсч ирээд ажлын гараагаа Монголын Үйлдвэрчний эвлэлийн зааварлагчаас эхэлж байсан тэрээр уг нь төр, засгийн томилолтоор Монголын оюутны холбоог удирдахаар очиж байжээ. Гэсэн ч тэрээр нийгмийнхээ үзэл суртал, тогтолцооны эсрэг зогсч, ирээдүйг бүтээх оюутан залуусыг нам-төрийн даалгавраар биш сэтгэл зүрхнийхээ дуудлагаар удирдан жолоодсон байдаг.

Өлсгөлөн, хэлэлцээр гээд өдий төдий сорилтыг даван туулах амаргүй, бүр няцмаар үе ч цөөнгүй тохиосон биз. Тэр өдрүүдийнхээ дурсамжаас Л.Болд нэгэн түүхийг сөхсөн юм. Хувьсгалчдыг хянах, нөхцөл байдлыг ажиглах үүрэгтэй дотоод яамны албан хаагчийг хайрцаг тамхиар дайлахад тэрээр хувьсгалчдын талд ортлоо өөрчлөгдөж байхыг хараад “энэ улс орны эрх чөлөө, тусгаар тогтнолын баталгаа ердөө хувь хүний амьдралын баталгаа, эрх чөлөөнөөс л шалтгаалах юм байна” гэдгийг  ойлгосон гэдэг. “Иргэн нь эрх чөлөөгүй, итгэл үнэмшилгүй, эдийн засгийн баталгаагүй байгаа цагт энэ улс орныг хэн ч ийм амархан худалдан авч дөнгөх юм байна” гэдгийг тэгэхэд ухаарсан хэрэг. Энэ явдал түүний мөнхийн итгэл үнэмшлийнх нь үндэс суурь болоод зогсохгүй улстөрчийн тавиланг сонгох уг шалтгаан болсон гэж хэлэхэд болох биз.  

Гэвч өнөөдрийн цаг хугацаанаас эргээд харахад “Бид иргэдээ эрх чөлөөнд дуртай болгосон ч дүүрэн жаргалд хүргэж чадаагүй байна” гэж тэрээр хоёр хоногийн өмнө болсон Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын хурлын индэр дээрээс хэлсэн. Тийм ээ, түүнд иргэдээ эрх чөлөөнөөс гадна дүүрэн амьдралтай болгох том зорилго бий. Сүүлийн жилүүдэд түүний дэвшүүлсэн үзэл бодлууд тэрхүү зорилгод хүрэх гарцыг хайх, тодорхойлоход чиглэж ирсэн юм.

Монголын газрын баялгийн мэдэгдэж буй нөөцөд түшиглэн хувьцаат компани байгуулж, иргэн бүрт хувьцаа олгох “Баян Монгол” корпорацийн санааг тэрээр 2008 онд дэвшүүлсэн. Баялгийн хуваарилалт хийх эрх мэдлийн төлөө өнөөдрийн улс төр улангасч, улам бүр бохир болж байгаа явдлыг хаах хамгийн ирээдүйтэй гарц нь тэр гэдэгт Л.Болд өнөөдөр ч итгэлтэй байгаа.

Түүний энэ санааг 2008 онд Ардчилсан нам мөрийн хөтөлбөрийнхөө амин сүнс болгосон ч МАН ба АН-ын хамтарсан Засгийн газраас зарчмын өөр агуулгаар хэрэгжүүлсэн нь “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт мөнгө тараасан явдал байлаа. Харин 2012 онд Л.Болд “Иргэн бүрт газрын сертификат олгох” санаачилгыг дэвшүүлсэн. Иргэдийн газар өмчлөх эрхийг үнэт цаасаар баталгаажуулбал эдийн засгийн үр өгөөж нь илүү гэдгийг тэрээр үүгээрээ тайлбарласан.

Хүн бүр хашаа хатгаж газраа дарж хэвтэхийн оронд газрын үнэтэй тэнцэх хэмжээний үнэ цэнтэй сертификаттай болчихбол түүнийгээ зээлийн барьцаа болгох, худалдах, худалдан авахаас эхлээд санхүүгийн арга хэрэгсэл болгох боломжтой. Амьдрал газар дээр л өрнөдөг учраас энэхүү үнэт капиталыг нь иргэддээ ийм замаар өмчлүүлэхээс илүү ирээдүйтэй хувилбар байхгүй гэж хэлдэг. Түүн шиг хөгжлийн санаа, үзэл баримтлал дэвшүүлдэг сэтгэгчид, бодлоготнууд Ардчилсан намд цөөнгүй бий ч түүнийгээ хэрэгжүүлэх бололцоо ховор олдсоор ирсэн. Харин Л.Болдын хувьд гурван ч удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд намынх нь зүгээс итгэл хүлээлгэн хамгийн халуун салбарт удирдлагаар томилон ажиллуулсан юм.

Газрын баялгийн төлөө тусгай зөвшөөрлийн наймаа хөл, толгойгоо алдаад байх 2004 онд тэрээр Ашигт малтмалын газрын даргаар томилогдон дөрвөн жил ажиллахдаа энэ салбарт эрс шинэчлэлийн бодлого хэрэгжүүлсэн.

 “Иргэн бүр Элчин сайд” гэдэг зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөж, “Гадаад харилцаа бол хамгийн том Батлан хамгаалах салбар” гэдэг үзэл санааг бодлогын төвшиндөө баримтлан ажилласан юм

Цүнх дамжин наймааны хэрэгсэл болж байсан тусгай зөвшөөрлүүдийг цэгцэлж, тусгай зөвшөөрөл олгох, шилжүүлэх, худалдахтай холбоотой бүх мэдээллийг хэвлэлээр нийтэлж, эдгээр процессыг ил тод явуулдаг болгосон. Дараа нь 2008-2012 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж, Монголын цэрэг, дайчдыг дэлхийн цэрэг болгосон юм. Энэ хугацааны үйл ажиллагааны үзэл баримтлалаа тэрээр “Батлан хамгаалах салбар бол том Гадаад харилцаа” гэж тодорхойлов. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монголын зэвсэгт хүчнийхэн ТОП-20 орны нэг болсноор бид НҮБ төдийгүй дэлхий дахинд байр суурь, дэмжлэгээ бэхжүүлсэн учраас тийнхүү хэлэх бүрэн үндэстэй байх.

Харин сүүлийн хоёр жилд тэрээр Гадаад харилцааны яамыг удирдахдаа “Иргэн бүр Элчин сайд” гэдэг зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөж, “Гадаад харилцаа бол хамгийн том Батлан хамгаалах салбар” гэдэг үзэл санааг бодлогын төвшиндөө баримтлан ажилласан юм. Өнөөгийн дэлхий ертөнцөд бид улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг дипломат арга замаар л хангахаас өөр сонголтгүй учраас үүнээс өөр оновчтой тодорхойлолт ховор биз. Энэ бүхнээс Л.Болд хэмээх улстөрчийн сэтгэлгээний цараа, улс төрд тэмцэж ирсний утга, зорилго тодорхой харагддаг.

Тэрээр ардчилсан хувьсгалыг эхлэхээс нь авахуулаад өнөөг хүртэл зүтгэхдээ ардчиллыг бүтэц, үйл явц, цаг үеийн зорилготой нь хамт сэтгэлдээ багтаасаар ирсэн улстөрч юм. Ардчилал ийм тэнхээтэй, тэсвэртэй, туйлбартай, түүний төлөө ямагт санаа зовдог, хов жив хорон үгэнд гунидаггүй хүмүүс дээр тогтдог бөлгөө.