2014.12.08

О.Батсайхан: Хорих байгууллагад эрүү шүүлтийн асуудал байхгүй

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач,  иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа хүний эрхийн ноцтой зөрчил болох хүнд гэмт хэрэгт тооцогддог  эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн асуудлыг хөндөн, энэ төрлийн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах тогтолцоо Монголд байгаа эсэхийг эрэн сурвалжиллаа.

 Энэ талаар ХСИС-ийн докторант, судлаач, хуульч О.Батсайхантай ярилцлаа.

-Та хорих байгууллагад хичнээн жил ажилласан бэ. Ял эдлүүлэх чиглэлээр НҮБ-ын баримт бичиг гэсэн сэдвээр илтгэл тавьсан гэж сонссон?

За баярлалаа. Би 1988 оноос 2011 оныг хүртэлх хугацаанд хорих байгууллагын системийн удирдах газар болон, харъяа анги, албадад ажиллаж байгаад, түүнээс хойш Хууль сахиулахын сургуульд багшилсан. ХСИС-д Ял эдлүүлэх чиглэлээр НҮБ-аас гаргасан баримт бичиг, түүний хэрэгжилт сэдвээр хичээл зааж, сонсогч, оюутнуудын илтгэл удирдан эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүлд илтгэл хэвлүүлж байсан.

Эмнести интернейшнэл, ХЭҮК болон, бусад байгууллага, хүмүүстэй хамтран ажиллаж хэлэлцүүлэг зохион байгуулж байсан.

Миний хувьд насанд хүрээгүйчүүдийн хорих ангиас эхлээд, онцгой дэглэмтэй хорих ангид ажиллаж байсан гэдэг утгаараа, 1990 оноос өмнөх, болон хойших хорих ял эдлүүлэх үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын талаарх  ялгааг мэднэ. Ажиллах хугацаандаа дэглэм бүхий хорих ял эдлэгсдийн эрхийн чиглэлээр судалгаа явуулж байсан.

Ялангуяа хорих ял эдлүүлэх үйл ажиллагаа, түүний үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан юм. Судлагаа маань гүнзгийрч явсаар 2010 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаархи хуулийн хэлэлцүүлэгт санал маань тусгагдаж, шинэ төрлийн болон, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх асуудал яригдаж эхэлсэн юм.

-Хорих ангид ял эдэлж байгаа хүмүүст эрүүдэн шүүх асуудал байдаг уу. Таныг судлагаа хийх явцад ийм асуудал гарч байсан уу?

Манай улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдсэн орсныхоо дараа НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бус хэлбэрээр буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг нэмэлт протоколд нэгдсэн байдаг.

Хорих ял эдлүүлэх үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын түүхэн уламжлалаас үзэхэд 1931 онд хорих ял эдлүүлэх байгууллагын эрх зүйн зохицуулалтандаа “Аливаа хэрэгтэн, ялтныг засан сайжруулах тухай хууль”- д ял эдэлж  буй хүмүүсийг зодож занчих, гавлаж, дөнгөлөх, хууль бусаар ажил хийлгэж хөдөлмөрийн хөлсийг мөлжиж болохгүй гэсэн байдаг. Монгол улс эрүүдэн шүүхийн эсрэг асуудлаар хуулиндаа анхнаасаа тусгаж ирсэн эрх зүйн зохицуулалтын түүхэн уламжлалтай гэсэн үг.

Мэдээж хуулиуд боловсронгуй болсоор, үе үеийн нийгэм, улс төр, эдийн засгийн байдалтай уялдан хөгжиж  ирсэн. Мөн түүнчлэн конвенцийн агуулга, зарчимд нийцсэн заалтууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулинд тусгалаа олсон.

Хорих байгууллагын ажилтнуудын зүгээс  ял эдэлж байгаа ялтантай зүй бус харьцсанаас болж, бие махбодид нь хүч хэрэглэх асуудал гарсан тохиолдол бий. Ялтны зүгээс ч тэр хууль сахиулах байгуулагын ажилтны тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх байдал түгээмэл тохиолддог. Энэ байдлаас дээрхи зөрчил гарсан байдаг. Тухайлбал саяхан орон нутгийн шүүхээр ийм асуудал шийдвэрлэгдэн, тухайн албан тушаалтанд “албадан ажил хийлгэх ял” оногдуулсан байх жишээтэй.

Эрүүдэн шүүлт бол өөр хэрэг. Хүнийг тарчлаасан, зовоосон шинжийг агуулдаг.  Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид ялтныг хэрхэн хүлээж авахаас эхлээд, ял эдлүүлэх орчин нөхцөл, ялтны захидал, харилцааны асуудлыг нарийвчлан тусгасан байдаг. Яг үнэндээ манай улсын хорих байгууллагын нөхцөл байдал нь олон улсын жишигт хүрэх хандлага руугаа явж байна. Улс орон бүр харьцангуй өөр.

Ял эдлэх бүхий л ахуй нөхцлийг хангаж, хуулиар зохицуулсан.

Манай улсын хувьд 2006 оноос эхлээд хорих байгууллагуудад бүтээн байгуулалтын шинэчлэлийг хийж, хоригдож буй хүмүүсийн орчин нөхцөл, сурч боловсрох, шашин шүтэх эрх, хөгжих эрх, хөдөлмөрлөх, зохистой хоол хүнсээр хангагдах гээд бүхий л нөхцлийг нь сайжруулсан. Социалист  нийгмийн үед  нийтийн байранд бөөнөөр нь ял эдлүүлдэг байсан бол, одоо олон улсын жишгээр өрөөний системд шилжин байрлуулдаг болсон. Ял эдлэх бүхий л ахуй нөхцлийг хангаж, хуулиар зохицуулсан.

Цагдан хорих байр ч гэсэн сайжирсан. 2006 оноос өмнө Ганц худаг гэж байхад цагдан хоригдож байгаа хүмүүс байгууламжаасаа хэтэрсэн дүүргэлттэй хорьж байсан. Энэ нь өөрөө залхаан цээрлүүлэлтийн нэг хэлбэр. Даацаас хэтэрсэн хүмүүстэй байх нь хэцүү. Түүнтэй адилхан хорих байгууллагад 2006 он хүртэл ялтнуудын ачаалал их байсан.

Онцгой дэглэмтэй хориход 200 ялтан ял эдлэх боломжтой байтал 400 хүртэл ялтан ял эдэлж байсан. Үүний цаад учрыг судлаад үзэхэд 2002 оны Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулаад ялын санкцыг сонгомол шинжгүй болгосноор ялтнуудын тоо нэмэгдсэн байдаг. Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенцид ялтнуудыг хэт дүүргэж, бөөнөөр нь байрлуулж хорих нь эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр гэж үздэг. Дэлхийн шоронгийн холбоо, Азийн шоронгийн холбооны хуралдааныг үзэхэд улс орон бүр өөр өөрийн асуудалтай байдаг бөгөөд, шоронгийн дүүргэлт их гэдэг нь нийтлэг байдаг.

Ер нь хорих ял ихээр оногдуулах нь хувь хүний засрал хүмүүжилд тэр болгон эерэг нөлөө үзүүлээд байдаггүй, мөн улс орны эдийн засагт ч ачаалалтай байдаг. Энэ ч утгаараа улс орон бүр хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх чиглэлд анхаарч байгаа. Манай улс ч мөн адил.

-Манай улсад эрүүдэн шүүлтийн ямар хэлбэрүүд илэрдэг вэ, түүнд гарч буй гомдол саналыг хэрхэн шийддэг вэ?

Манай улсад хүний эрхийн чиглэлээр үйл ажиллгаа явуулж буй Эмнести интернэшнл, Хүний эрхийн үндэсний комисс хяналт шалгалт явуулж судалдаг. Өөрсдөө зөвлөмж заавар өгдөг.

1980-аар  оны сүүлчээр хорих ял эдэлж буй этгээд, ямар нэгэн сахилгын зөрчил  гаргалаа гэхэд сахилгын арга хэмжээ болох тусгаарлах тасалгаанд ганцаарчлан хорьж, хөлийн өвдөгнөөс доош хүртэл устай өрөөнд байлган шийтгэж байсан. Харин 1990 оноос хойш эрс багасч, одоо устаж үгүй болсон. Эрүү шүүлтийн  асуудал байхгүй гэж үзэж болно.  Харин Цагдан хорих байранд хоригдож байгаа хүмүүсийн хувьд хүндрэлтэй асуудал гардаг.

-Тодорхой ярихгүй юу?

Ялангуяа орон нутагт байдалд хүнд. Яагаад гэхээр олон улсын жишигт нийцсэн Цагдан хорих байрны зориулалтын барилга байгууламж байхгүй.

-Цагдан хориход эрүү шүүлт тулгах байдлаар мөрдөн байцаалт явуулж байгаа юу?

 ШШГБ-д Цагдан хорих үйл ажиллагааг шилжүүлснээс хойш, Цагдаагийн ажилтнуудын зүгээс эрүү шүүлт тулган, мөрдөн байцаалт явуулсан тохиолдол гараагүй. Үүнийг НҮБ-аас батлан гаргасан “Хууль сахиулах албан тушаалтны зан үйлийн дүрэм”-ээр зохицуулдаг.

Үүнд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хорьж саатуулж буй эрх бүхий албан тушаалтнууд гэж зааж өгсөн. Тодорхой үндэслэлгүйгээр удаан хугацаагаар хорьчихдог нь эрүү шүүлт, залхаан цээрлүүлэлтийн нэг хэлбэр.

-Гэтэл буруугүй гэдэг нь тогтоогдоход тэр хугацаанд саатуулагдаж хоригдсон гомдол, хохирлоо хэрхэн шийдүүлэх эрхтэй вэ?

Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны явцад учруулсан хохирлыг төр өөрөө хариуцахаар хуульчилаад өгчихсөн. Цаазаар авах ял сонссон этгээдийн жишээ байдаг. Тухайн үед сонин хэвлэлээр шуугиад л байсан даа.

-Гомдлоо цагдаад, эсвэл өмнө нь бол УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд өгч байсан. Цагдаа цагдаагийнхаа хэргийг шалгахыг та юу гэж боддог вэ?

Олон улсад энэ асуудлыг авч үзэхдээ ял эдэлж буй нөхцөл байдал цагдан хоригдож буй нөхцөл байдал, мөрдөн байцаагдаж буй нөхцөл байдалд иргэний нийгмийн хяналтыг тавьдаг юм билээ.

Улс бүр өөр өөр арга хэмжээтэй байдаг. Англи-Саксоны системтэй улсуудад иргэний нийгмийн төлөөлөл гаргаад тогтмол шалгадаг жишээтэй. Японд бол гэмт хэрэгт өртөж болзошгүй болон, хорих ял эдэлж буй хүмүүст иргэд нь өөрсдийн санаачлагаар тусалж, дэмжиж ажилладаг.

Суллагдаж буй хүмүүстэй ч гэсэн дутагдлыг нь арилгах, нийгэмтэй нь ойртуулах, нөхцөл байдал бололцоог хангаж өгөх үүднээс ахуйн нөхцөл байдал, сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг. Тэр байгууллага нь 1888 оноос эхлэлтэй байдаг. Хууль зүйн яамныхаа шууд харъяалалд үйл ажиллагаа явуулдаг онцлогтой.

Манай улсад ялтан өөрт холбогдох асуудлаар хэнд ч, ямар ч байгууллагад гомдол саналаа хэлж, харьцах эрх нь чөлөөтэй байдаг.

-Цагдаа цагдаагаа хянах нь хараат бус тогтолцоо биш ОУБ шүүмжилж байна.

Хорих ял эдэлж буй хүн өөрт холбоотой асуудлаар гомдол гаргах эрхтэй гэж сая ярьлаа. Өргөдөл, гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байгаа гэж боддог.  Прокурор, хүний эрхийн байгууллага, шүүх, цагдаад санал гомдлоо гаргадаг. Цагдаа, цагдаагаа хянах нь буруу гэж би боддог.

-Эрүүдэн шүүлт гарахгүй байх нөхцөл нь хууль сахиулагчдад хүний эрхийн сургалт, хандлагыг төлөвшүүлэх явдал. Та хууль сахиулахын сургуульд багшилж байсан хүний хувьд хэлнэ үү. Танайд хүний эрх, эрүүдэн шүүхийн чиглэлээр ямар сургалтын хөтөлбөр байдаг вэ?

Маш зөв асуудлыг хөндөж байна. НҮБ-ын ял эдлүүлэх чиглэлээр гарч буй эрхийн актуудыг сонсогчид болон албан хаагчдад судлуулах ёстой. Тэгж байж хандлагыг нь өөрчилнө. Хорих байгууллагын ажилтнуудад сэтгэлгээний өөрчлөлт хийх цаг болсон. “Би” гэсэн сэтгэлгээ давамгайлж, “ялтан” хүнийг ямар нэгэн байдлаар дийлж байх ёстой гэсэн хандлага судалгаагаар харагддаг.

2013 оны 6 сард 200 ялтнаас судалгааг анкет, ярилцлага, ажиглалтын аргаар явуулсан. Сарын хугацаанд үзэхэд хорих байгууллагын албан хаагчийн хүний эрхийн, болон хууль эрхийн актуудын мэдлэг, харьцааны ур чадвар, хандлага анхаарал татсаныг нуух хэрэггүй биз дээ.

 Хорих ял эдлэгсэд өөрсдийн болон, хууль сахиулах байгуулагын ажилтны эрх үүргийн талаархи мэдээлэл, мэдлэг, бодит нөхцөл байдлыг албан хаагчдаасаа илүү мэдэж байгаа нь анхаарал татсан юм.

Иймд сургалтыг улам боловсронгуй болгож, тухайн нөхцөл байдалдаа тулгуурлан, сургалтыг бодитой явуулах шаардлагатай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл бодит факт дээр үндэслэн хичээлийг заах нь үр өгөөжтэй. Тиймийн тулд сургагч багш нар нь олон талын мэдлэгтэй,  Хорих байгууллагад ажиллаж байсан туршлагатай байх нь чухал. Одоогийн байдлаар гар дээр байгаа мэдээлэл бүхий материал, хууль дүрмээр хичээл заагдаж байгаа нь хангалтгүй юм.

-Эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах тогтолцоо Монголд байна уу?

Байхгүй.

-Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг 2014 онд татан буулгаж ЦЕГ, АТГ-д шилжүүлсэн талаар та юу мэдэх вэ?

- Бие даасан алба байх нь хэрэгтэй байсан юмаа.

-Цагдаа цагдаагаа шалгах нь зөв үү?

-Буруу.

-Ярилцсанд баярлалаа.