Тибо Шапуа: Эрүүдэн шүүлт байгаа нь нийгэмдээ хууль сахиулагчдад итгэх итгэлийг үгүй хийдэг
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.
Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа хүний эрхийн ноцтой зөрчил болох хүнд гэмт хэрэгт тооцогддог эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн асуудлыг хөндөн, энэ төрлийн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах тогтолцоо Монгол Улсад байгаа эсэхийг эрэн сурвалжиллаа. Энэ удаад хорих ангид судалгаа хийсэн Каритас Чех байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Тибо Шапуатай ярилцлаа.
Тэрээр улс төр судлаач мэргэжилтэй бөгөөд арав гаруй жил НҮБ-ын Дүрвэгсдийн Агентлаг болон бусад хүний эрхийн байгууллагад ажиллаж, эрүүдэн шүүх гэмт хэрэгт өртсөн хүмүүст хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлж байсан.
-Танай байгууллага Монголын хорих ангид судалгаа хийх болсон шалтгаан юу вэ?
Монгол дахь хүний эрхийн төлөв байдалтай холбогдуулан жил бүр Хүний эрхийн Үндэсний Комисс болон хүний эрхийн чиглэлээр үйл ажилагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд тайлан судалгаа гаргадаг.
Тэдгээр мэдээллээс үзэхэд жил бүр нэг ижил төрлийн мэдээлэл голдуу байсан. Тиймээс хорих анги дахь хүний эрхийн асуудлыг олон талаас нь харьцуулж үнэлсэн цогц судалгаа хийхийг зорьсон. Энэ нь бусад энэ салбар хийгдсэн судалгаатай харьцуулахад стандартчилагдсан санал асуулгын хүрээнд боловсруулагдсан гэдгээрээ ялгаатай байх.
Манай судалгаа нь Монголын 23 хорих ангийг хамарсан. Нийт дөрвөн сарын хугацаанд буюу 2013 оны эхээр мэдээллээ цуглуулсан бөгөөд урьдчилан хорих төвийг хамруулаагүй.
-Судалгаанаас ямар үр дүн гарсан бэ. Эрүү шүүлттэй холбоотой асуудал гарсан уу?
Биднийг судалгааны мэдээлэл цуглуулах явцад ажиглагдсан нэг зүйл нь нэг талаас өргөдөл гомдол шийдвэрлэх, мэдээллийг нь хадгалах, шийдвэрлэх нь нэг талаараа учир дутагдалтай байсан. Хоригдож ял эдэлж байгаа хүмүүс гадны ТББ болон иргэний нийгмийн байгууллагаас хуулийн зөвлөгөө авах боломжгүй байсан. Судалгаанаас харахад ялтнууд өөрсдийнхөө ямар нэгэн асуудлаар гаргасан өргөдөл гомдол нь шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэл муутай байдаг юм билээ.
Ялангуяа гадны байгууллага руу гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэгдэхгүй уддаг, хариу ирэхгүй байх гэх мэт асуудал байдаг. Харин тухайн хорих ангийн удирдлагадаа гаргасан гомдлын хариу түргэн ирж шийдвэрлэгддэг гэж ярьж байсан.
-Хорих анги дотроо эрүү шүүлттэй холбоотой ямар асуудал гардаг бол ажиглагдсан зүйл байна уу?
Манай судлагааны зорилтот бүлэг нь шүүхээс ял шийтгэл сонсоод, ял эдэлж буй хүмүүс. Байцаагдаж байгаа болон урьдчилан хорих төвд саатуулагдаж байгаа хүмүүсээс аваагүй. Зөвхөн хоригдож байгаа ял авсан хүмүүсээс авсан.
Ер нь бол мөрдөн байцаах үйл ажиллагааны явцад эрүүдэн шүүлт хамгийн их байдаг. Яг энэ асуудал манай судалгаанд ороогүй. Гэхдээ хорих ангид ял эдэлж байгаа хүмүүс эрхтэй, эрх нь хэрхэн хэрэгжиж байгаа талаар судалсан.
-Судалгааны хүрээнд нэгэнт ял авсан хүмүүс өөрийнхөө эрхээ хэр эдэлж байна гэж үзэж байгаа вэ? Ямар эрх нь дутагдалтай байна?
Судалгааны үр дүнд тулгуурлан дүгнэлт, зөвлөмж гаргасан. Судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа дөрвөн сар үргэлжилсэн. Эрүүл, мэнд боловсрол, нийгэмд эргэн нэгтгэх үйл ажиллагаа болон орчин нөхцөл, ял эдлүүлэх процесс, хоол хүнс, албан хаагчдын асуудал ямар байгаа зэргээр олон асуудлуудыг судалсан.
Энэ ч үүднээс өнгөрсөн долоон сард анхаарах зүйлсүүд дээр зөвлөмж боловсруулан, холбогдох төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудад хурлын тайланг хийж, хэвлэлийн хурал хийсэн. Нөгөө талдаа орчин нөхцөлийг сайжруулах тал дээр улс орны эдийн засагтай холбоотой асуудал учир хүндрэлтэй гэдгийг аль аль талдаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ цаашид сайжруулах шаардлагатай. Манай ажигласнаар ихэнх хорих ангиуд хорихын бус зориулалтаар баригдсан барилгууд байсан.
-Хорих ангид хүний эрхийн хамгийн том ноцтой зөрчил юу байсан бэ?
Хамгийн том хүний эрх зөрчиж буй үндэслэл бол ангилан байршуулах нэгдсэн системгүй явдал. Ял эдэлж буй хүмүүсийг гэмт хэргийн төрлөөс нь хамаарч байрлуулахгүй байна гэсэн үг. Тухайлбал хүн амины гэмт хэрэгтэй хүнийг эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн хүнтэй хамт хорьж болдоггүй.
Одоогийн байдлаар хорих анги бүр өөрсдийн дотоод тогтсон хандлага, үзэмжээр энэ асуудал нь шийдэгдэж байгаа юм билээ. Тодорхой зарчим, дүрэм журмын дагуу бус, хорих анги болгонд ялгаатай байдаг. Гэхдээ гэмт хэргийн хууль шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор хорих ангийн дотоод журмыг өөрчлөхөөр ярьж байгаа нь сайшаалтай. Түүнээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ үнэхээр дутагдалтай байсан. Эмч болон эмнэлгийн ажилтан дутагдалтай.
Ялангуяа хөдөө орон нутгийн хорих ангид эмч, эм тарианы нөөц дутагдалтай байсан. Ял эдэлж байгаа хүмүүс ч гэсэн эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байсан.
-Хүнийг эрүүдэн шүүснээс үүдэж байгаа хор хохирол нь юу вэ. Монголын хувьд ажиглагдсан тодорхой жишээ байна уу?
Олон улсын жишигт эрүүдэн шүүх гэмт хэргийн хохирогч болсон хүмүүст олон хохирол гардаг. Эрүүл мэндээрээ хохирсон үед зохих эрүүл мэндийн үйлчилгээг хүргээд шийдвэрлэх боломжтой. Хамгийн хэцүү нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж өөрчлөгддөг.
Миний хувьд НҮБ-ын Дүрвэгсдийн Агентлагт ажиллаж байсан. Харж байхад эрүү шүүлтэд өртсөн хүмүүст харилцан адилгүй шинж тэмдэг илэрдэг. Хүн эрүү шүүлтэнд өртсөнөөр ирээдүйд ямар хор хохиролтой байх вэ, сэтгэл санаанд нь ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг үнэлэхэд нэлээд хэцүү.
Нэлээн урт хугацааны, олон салбарын мэргэжилтний хамтарсан, олон талын цогц үйлчилгээ үзүүлж шийдвэрлэх боломжтой байдаг. Эрүү шүүлтэд өртсөн хүн гүн хэмжээний цочролд ороод, шокноос гарч чаддаггүй, унтаж чадахгүй болох, хар дарах, хий юм харах, бодох, огцом уур уцаартай болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эрүүдэн шүүлт оршсоор байх нь нийгэмдээ, олон нийт, иргэдийн хууль сахиулагчдад итгэх итгэлийг үгүй хийдэг сөрөг нөлөөтэй.
-Эрүүдэн шүүснээс үүдсэн гомдол хохирлыг олон улсад хэрхэн шийдвэрлэдэг вэ. Монголд яаж шийддэг вэ?
Олон улсын туршлагыг л ярья гэж бодож байна. Гадны улсуудад эрүү шүүлт нь дайн самуун, дотоодын үймээн мөргөлдөөн гарсан үед их явагддаг. Үүн дээр Олон улсын гэмт хэргийн шүүх байгууллагын тусгай хуульчид, шүүх, прокурорыг тухайн улсад илгээн өмгөөллийн үйл ажиллагаа болон мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулдаг.
Энэ нь маш урт удаан хугацааны процессын үйл ажиллагаа шаарддаг. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид эхлээд өөрийн улсынхаа хэмжээнд зохих шатны байгуулагуудад хандаад дараагийн шатанд ханддаг. Жишээлбэл 1994 онд Уганда улсад иргэний дайнаас болж хэдэн мянган хүн хохирч, эрүү шүүлтэд өртсөн байдаг.
Тухайн үед тэд иргэд хаана, хэнд хандахаа мэдэхгүй байсан. Тиймээс Олон улсын шүүхээс мэргэжлийн баг илгээн тэдгээр хүмүүст мэргэжлийн үйлчилгээ, эрх зүйн тусламж үзүүлж шийдэж байсан.
-Зөвхөн дайны үед биш жирийн үед мөрдөн байцаах, гэмт хэрэгтнийг хорих, сэжигтнийг хорих үед ч эрүү шүүлт гардаг шүү дээ?
Тийм ээ гарах магадлалтай. Тиймээс эрүүдэн шүүхээс ангид байхын тулд сайн механизм, системтэй байх хэрэгтэй. Нэгдүгээрт мөрдөн байцаалт, хоёрдугаарт санал хүсэлт гаргах хяналтын систем маш өндөр хэмжээнд төлөвшиж байж, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Сайн механизмтай гэдгээрээ Шинэ Зеланд улс үлгэр жишээ болдлог. Тэдний мөрдөн байцаах алба нь засгийн газрын харьяанд байдаг хэдий ч бүрэн хараат бус байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Энэ байгууллага нь эрүүдэн шүүлттэй холбоотой бүхий л төрлийн мөрдөн байцаалт, хүсэлт гаргах хяналтыг дангаараа хараат бусаар шалгах эрхтэй.
Энэ бол том жишээ. Англо Саксоны улсуудад бол хяналт шалгалтын Омбудсмен гээд хяналтын хэрэгслийг ашигладаг. Швед улсад эрүүдэн шүүхийн эсрэг үйл ажиллагааг явуулах систем нь сайн бүрдсэн гэдгээрээ мөн алдартай.
-Аливаа хяналт хараат бус байх ёстой. Гэтэл манай улсад эрүүдэн шүүлтийн гэмт хэргийн мөрдөн байцаах шалгах, хянах хараат бус тогтолцоо алдагдаж, энэ чиг үүргийг алдагдуулж, цагдаа цагдаагаа хянахаар болгочихоод байна гэж Хүний эрхийн байгууллагууд шүүмжлээд эхэллээ?
Монгол улсын хувьд яг хараат байдаг гэж болохгүй. ХЭҮК нэлээн бие даасан хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг ч гэлээ эрх мэдэл нь хязгаарлагдмал байдаг гэж бодож байна.
Энэ салбарт үйл ажиллагаа явуулж, бодитой дүгнэлт хийхийн тулд эрүүдэн шүүх гэмт хэрэг бодитоор оршоод байна уу, үүнийг мөрдөн шалгаж байна уу гэдэгт байнга мониторинг хийж байж мэднэ. Энэ талаарх судалгааг байнга хийх нь ач холбогдолтой. Үүндээ ялангуяа иргэний нийгэм, ТББ-г оролцуулах механизмыг бүрдүүлсэн цагт энэ төрлийн гэмт хэргээс сэргийлж чадна гэсэн үг юм.