Өмгөөлөгчийн эргэцүүлэл
Хуульч, өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ
2014.05.26

Өмгөөлөгчийн эргэцүүлэл

Жирийн иргэд шүүх гэхээр шүүгчид болон түүний туслах ажилтнууд, ер нь шүүхэд хамааралтай бүхнииг ойлгодог. Энэ салбараас огт хол бүр магад хэзээ ч амьдралдаа шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж байгаагүй хүмүүс ч зарим үед өмгөөлөгч биднийг хүртэл шүүгч гээд яриад явж байдаг.

Уг нь шүүх бол онолын хувьд ч практикийн хувьд ч засаглалын биеэ даасан нэг хэлбэр. Нөгөө талаасаа Шүүх нь үйлчилгээний байгууллага бөгөөд шударга ёсны үйлчилгээ үзүүлдэг байгууллага.

Шүүхийн тухай багц хууль 2013 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж, үүний хамт шүүхийн шинэтгэл одоо ид өрнөж байна. Бидний нүдэн дээр шүүхүүд шинэ бүтэцтэй болж, шинэ залуу шүүгчид ажилд томилогдон, орон байр, ширээ сандал бүхий л зүйл нь шинэ болж байна.

Шүүгч нь прокурор, өмгөөлөгчийг сонсдог мэргэжлийн нэг хэл, хуулийн нэгдсэн ойлголтоор ярих нөхцөл бүрдсэн гэж шүүгчдээс бусад хуульчид, өмгөөлөгчид ойлгож байна.

Гэвч хүнии ухамсар, сэтгэлгээний хоцрогдлыг арилгахад урт хугацаа шаардагдах үе бий. Өнөөдөр зарим нэгэн шүүх хурал дээр шүүгч нар өнөөх л хуучин арга барилаараа хэргийг удаашруулах, тогтоол гаргахгүй удах, хэргийн оролцогч нарыг загнах, илт шударга бус шийдвэр гаргах зэргээр дураар авирладаг нь жирийн үзэгдэл.

Хэдийгээр шүүгчдийн гол багаж болсон хуулиудад зарим нэгэн цоорхой байгаа боловч эрх ашиг нь зөрчигдсөн, гомдол гунигт автсан, бусдад итгэх итгэлээ гээсэн, уурлаж бухимдсан хүмүүст үнэнийг ойлгуулж, эрхийг нь хүндэтгэн харьцах ёстой хүмүүс нь шүүгчид байх ёстой. Гэтэл шүүгчийн харьцаа хандлага, тэдний бусадтай ялгавартай харьцдаг байдлаас болж шүүхээр хэргээ шийдвэрлүүлж байгаа иргэд айж эмээх, өөртөө бүх бурууг үүрэх, шүүхэд үл итгэхээс гадна танил талаараа яриулахыг оролдох, шүүх хуралдааныг үндэслэлгүй шахуу шалтгаанаар хойшлуулах гэх мэт элдэв бусармаг аргыг хэрэглэхийг оролддог болжээ. Шүүх хуралдааныг хойшлуулахад манай зарим өмгөөлөгчид хүртэл “өмгөөлөгчөөсөө татгалзаж байна” гээд хэлчих гэх зэргээр мэргэн зөвлөгөө өгсөн тохиолдол ч байдаг.

Саяхны нэгэн өдөр өмгөөлөгч миний бие Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр орж ажилласан. Хэргийн материалыг шүүхэд танилцуулсан шүүгч маань харьцаа хандлагын дараах алдааг гаргав. Шүүгдэгчийг илт буруутгасан, дайрч давшилсан, өмнөх шүүхийн гаргасан шийдвэрийг хэлэлцээгүй байж шинээр зүйл анги нэмж шийтгэж болохыг сануулсан зэргээр үнэндээ хууль зөрчсөн шүүх хурал болсон. Хэргийн оролцогч нар тэгш эрхтэй байх ёстой биз дээ?

Шүүгдэгчийн эрх ашгийг тууштай хамгаалан ажилласан өмгөөлөгч нэг жил зургаан сарын хорих ялыг давж заалдах гомдол гаргасан нь бараг л буруутай болж таарав. Энэ байдал нь шүүгдэгчид ямар сэтгэгдэл төрүүлсэн нь ойлгомжтой.

Эхнэрийнхээ машины цонхыг хагалсан эрэгтэй таван жилийн хорих ял авав.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах буюу гэмтээх нь гэмт хэрэг мөн гэж заагаад санкцийн хувьд торгох, мөн таван жил хүртэл хорих ялтай байхаар зохицуулалт хийсэн. Миний өмгөөлөл хийсэн шүүгдэгч “Г” нь эхнэр “О”-доо найман сая төгрөгийн үнэтэй автомашин худалдан авч өгөхдөө зургаан сая төгрөгийг гарган төлсөн байдаг. Гэр бүлийн маргаанаас болж тэр эхнэртээ авч өгсөн машины салхины шилийг хагалжээ. Хохирол 212.000 төгрөгөөр тогтоогдон түүнийг төлсөн. Эдгээр хүмүүсийн гэрлэлт нь одоо ч гэсэн хэвээр. Энд гэмт хэргийн бүрэлдэхүүн байна уу? гэдэг маргаантай асуудал. Энэ нь гэр бүлийн дундын өмч бодит байдлаар мөн гэж миний хувьд үзсэн.

Гэтэл нэгэн тусгай сургуулийн захирал “Э” гэгч нь прокурорын тогтоолд дурьдсанаар бол сургуулийн төсвийн хөрөнгөөс 9.350.000 төгрөгийг ашиглан завшсан. Энэ нь үлэмж хэмжээний хохирол биш учраас,  мөн “төрийн албан тушаалтан” учраас эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн Хуулийн 153 дугаар зүйл ба 263 дугаар зүйлүүдийн хооронд ямар хол ялгаа байгаа нь тодорхой харагдана. Бусдын эд хөрөнгө гэдэгт чухам юу байх вэ гэдэгт тухайн этгээдийн өмчлөлийн бус зүйлүүд орох нь дамжиггүй. Гэтэл төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглаж 9.600.000 төгрөг хүртэл бусдын өмчийг завшиж байж сая эрүүгийн хариуцлага хүлээхээр болж байна.

Монгол Улсын Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.2 дахь заалт буюу ... 14.1. “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”. 14.2. “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьс өнгө,нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэгээр.................... нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалттай. “Эцэг ” хуулийн минь энэ заалт Эрүүгийн Хуулийн 263 дугаар зүйлтэй зөрчилдөж байна. Үүнийг манай судлаач эрдэмтэд цаашид анхааран судлууштай.

Энэ мэтээр манай Эрүүгийн хуулинд олон заалтууд Үндсэн Хуультайгаа болон өөр хоорондоо зөрчилтэй байгаа нь өдөр тутмын практикт давтагдсаар байна.