Г.Оюунболд: Эрүүгийн хууль юуны түрүүнд хувь хүний халдашгүй эрхийн баталгаа байх ёстой
Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд
2014.05.18

Г.Оюунболд: Эрүүгийн хууль юуны түрүүнд хувь хүний халдашгүй эрхийн баталгаа байх ёстой

Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболдтой ярилцлаа.

- Зөрчлийн тухай хууль гэж чухам юу болох, түүний зорилго, ач холбогдлын талаар ярихгүй юу?

Үүнийг тайлбарлахын тулд эхлээд Гэмт хэргийн хуулийн тухай ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргийн хууль хоёр уялдаа холбоотой бичигдсэн.

Монгол улсад иргэн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэдэг хариуцлагын тогтолцоо нь Эрүүгийн хариуцлага, Захиргааны хариуцлагаас бүрддэг. Бид Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль тогтоомж дахь бүх зөрчлийг базаад Зөрчлийн тухай хууль гэсэн шинэ төсөл боловсруулсан. Гэхдээ Эрүүгийн хуулийг гэмт хэргийн тухай хууль болгон өөрчилсөн. Энгийнээр хэлбэл Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль хоёр нь ах, дүү хуулиуд. Эдгээр хуулинд хүний ямар үйлдэл зөрчил, ямар нь гэмт хэрэг болохыг тодорхой зааглаж өгсөн. Ингэхдээ мөнгөн дүнгээр бус, үйлдлийнх нь мөн чанараар авч үзсэн. Гэмт хэрэгт ял өгнө, зөрчилд шийтгэл өгнө. Гэмт хэрэгт оноох ямар ял байх, зөрчилд оноох ямар шийтгэл байхыг тодорхой зааж өгч, бусад хуулин дахь бүх зөрчлийн хэлбэрүүдийг Зөрчлийн тухай хуулинд тусгай анги болгон оруулсан.

Зөрчлийн тухай хуульд Захиргааны хариуцлагын тухай хууль болон одоо мөрдөгдөж буй 220 хуулийн зүйл хэсгийг багтааж бүх зөрчлийг төрөлжүүлсэн. Тэгэхээр эдгээр 220 хуульд заасан зөрчлийг авч хаясан гэсэн үг. Өмнө нь ч тэр, одоо ч тэр аливаа хуулийг батлахдаа “уг хуулийг зөрчсөн бол тэдэн төгрөгөөр торгоно” гэж бичдэг. Зөрчлүүд маш олон хуулиар тарчихсан байдаг. Тиймээс зарим тохиолдолд гэмт хэргээсээ ялгагддаггүй, зөвхөн хохирлын хэмжээгээр ялгагдах зөрчлүүд бий. Өөрөөр хэлбэл зөрчлийн тухай нэгдсэн стандарт байгаагүй гэсэн үг. Захиргааны хариуцлагын тухай хуулийг баталсан 1996 оноос хойш бид ийм байдлаар явж ирсэн.

Харин одоо зөвхөн зөрчлийн тухай хуулиар бүх зөрчлийг шийдвэрлэнэ. Харин гэмт хэргийн тухай хуулиар бүх гэмт хэргийг шийднэ. Уг хоёр хуулинд юу ч давхцаагүй. Энгийнээр хэлбэл эдгээрээс өөр ямар ч хуулиар гэмт хэрэг, зөрчлийн тухай асуудлыг шийдэхгүй.

Яг одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд “танхайрах гэмт хэрэг”, “хулгайн гэмт хэрэг” гэж байхад Захиргааны хариуцлагын тухай хуульд “танхайрах зөрчил”, “ашиглан шамшигдуулах зөрчил” гэж бий. Гэтэл үнэндээ эдгээр үйлдэл нь мөн чанараараа адилхан. Энэ мэт 18 ижил үйлдлийг дээрх хоёр хуульд өөр өөр хариуцлагатай заагаад өгчихсөн байдаг. Үүнээс болж хууль сахиулагч нэг бол гэм буруугүй хүнд ял оногдуулж, нэг бол гэм буруутай хүнд ял завших боломж олгодог.

Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль хоёр Монгол улсад хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ. Дүрэм, журам, норм, стандарт, захиргааны хэм хэмжээний акт зөрчиж байгаа бол ЗӨРЧИЛ, бусад хор хөнөөлтэй үйлдлүүдийг ГЭМТ ХЭРЭГ гэж үзнэ.

- Одоогийн Монгол улсад мөрдөгдөж буй ял, шийтгэлийн тогтолцоонд хохирлыг тооцохдоо зөвхөн материаллаг талыг барьдаг. Тиймээс зарим тохиолдолд хүний эрх зөрчигдөж, Үндсэн Хуулиар олгосон ашиг, сонирхлоо хамгаалах боломж олгодоггүй гэж ярьдаг. Энэ талаар та тодруулж ярихгүй юу?

Наад шалтгааны чинь улмаас Гэмт хэргийн хууль, Зөрчлийн тухай хууль гэж ялгаж бичих хэрэг гарсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ойлголтыг Эрүүгийн хуульд ашигладаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь хөдөлмөрийн харилцааны тухай ойлголт бөгөөд Засгийн газар, Үйлдвэрчний Эвлэл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо гурав тогтоодог. Гэтэл Эрүүгийн хуулийн 80 орчим хувь нь материаллаг бүрдэлтэй, тодорхой хохирол заачихсан, тухайн үйлдлийн хор хөнөөл заасан хохиролд хүрч байж гэмт хэрэг болдог. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгт хохирол нь хүрээгүй үйлдлийг хулгайн гэмт хэрэгт тооцолгүй, Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан “ашиглан шамшигдуулах зөрчил” гэж үздэг. Хэрэг шалгаж буй хүмүүс хохирлын хэмжээг санаатай багасгах, хээл хахуул авах нөхцөл бүрддэг. Тиймээс өнөөдөр бүх халаасны хулгайчид эрүүгийн хариуцлага хүлээхгүй байна. Үнэндээ бусдын хэдэн ч төгрөгийг нууцаар авсан байсан хулгайн гэмт хэрэг л болж таарна шүү дээ. Ийм байдлаар нөгөө Үндсэн Хуульд заасан шударга ёс алдагддаг.

Хоёрдугаарт байгаль орчны эсрэг гэмт хэрэг байлаа гэж бодъё. “Байгаль орчны хууль зөрчсөн бол ...” гэсэн заалт бий. Ингэхээр зөрчил болж таардаг. Тиймээс ойн тухай хууль зөрчөөд мод бэлтгээд ороод ирэхэд эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл Байгаль орчны яамны тогтоосон үнэлгээгээр гэмт хэрэг, Мэргэжлийн хяналтын тогтоосон үнэлгээгээр зөрчил болчихдог. Шалгаж буй хүмүүсийн үзэмжийн асуудал болоод ирдэг.

Харин шинээр боловсруулсан хуулийн төсөлд тухайн хүн мод бэлтгэх зөвшөөрөл авсан хэрнээ заасан хэмжээнээс илүү бэлтгэх, эсвэл бэлтгэхдээ залуу мод огтолсон бол зөрчилд тооцсон. Харин огт зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн бол гэмт хэрэг гэж ялгаж өгсөн.

Өөр нэгэн энгийн жишээ авахад хулгайч нэг аймгаас хонь хулгайлсан гэж бодъё. Тэр аймагт хонины үнэ 192 мянган төгрөгөөс доош учраас гэмт хэрэг биш. Гэтэл өөр нэг аймагт 192 мянгаас дээш учраас гэмт хэрэг болчихдог.

Түүнээс гадна одоогийн захиргааны хариуцлагын тухай хуульд хүнийг 7-30 хоногоор баривчилдаг. Гэтэл энэ маань зөрчил үйлдсэн хүнийг шийтгэх нэрийн дор хориод байна гэсэн үг. Мөн эхнэрээ зодсон хүнийг танхайрах зөрчил гаргасан гэж үзээд 7-30 хоног хорьдог. Харин бид үүнийг зөрчил бус гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг гэж үзээд хамгийн багадаа долоо хоног хорих ялаар шийтгэхээр заасан. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн төсөлд баривчлах шийтгэл гэж байхгүй. Өөрөөр хэлбэл Захиргааны хариуцлагын тухай хуульд баривчлах ялаар шийтгэдэг байсан зөрчлүүдийг гэмт хэрэг гэж томъёолсон.

Нэмээд хэлэхэд Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль хоёр хариуцлагын системийг бүрдүүлэх зорилготой ч батлагдсан цагаасаа хоорондоо ямар ч холбоогүй явж ирсэн. Социализмын үед Захиргааны хариуцлагын тухай хуулийг иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох бус төр ажлаа явуулахын тулд захиргааны ажилтантай хариуцлага тооцохоор хэрэгжүүлж ирсэн. Гэтэл зах зээл гарч, цаг үе өөрчлөгдсөнөөр Захиргааны хариуцлагын тухай хууль хоёр албан тушаалтан нэг нэгнээ торгодог марзан систем болоод хувирчихсан. Өөрөөр хэлбэл иргэн зөрчил гаргасан тохиолдолд иргэнийг торгохоос гадна тухайн асуудлыг хариуцдаг албан тушаалтныг ажлаа хийгээгүй хэмээн торгодог. Төрийн албан хаагч төрийн албан хаагчаа торгодог практик хэзээ ч хэрэгждэггүй.

Тиймээс бид төсөлдөө зөвхөн иргэн хүний гаргадаг зөрчлийг Зөрчлийн хуулиндаа оруулж, харин төрийн албан хаагчийн гаргасан зөрчлийг Төрийн албаны хуулиар сахилгын хариуцлага хүлээлгэдэг болно гэж заасан.

Хууль мэдэхгүй байх нь хариуцлага үл тооцох үндэслэл болохгүй.
- Тухайлбал иргэдийн өдөр тутам гаргадаг ямар зөрчлийн хэлбэрүүдийг хуулийн төсөлд тусгасан бэ?

Бидний ярьдаг улаан гэрлээр гарах, орчин тойрныхоо амгалан тайван байдлыг алдагдуулах, гудамжинд шээж, баах гэх мэт үйлдлийг бүгдийг нь зөрчил хэмээн оруулсан. Хууль мэдэхгүй байх нь хариуцлага үл тооцох үндэслэл болохгүй. Ингэвэл хөгжингүй орнуудад байдаг хууль сахигч иргэн төлөвшдөг. Харин бидний одоо хийж буйгаар албан хаагчийг торгосноор хууль сахигч иргэнийг төлөвшүүлэх боломжгүй.

- Нийгмийн харилцаа нарийсч хөгжихийн хэрээр өмнө нь манай нийгэмд ил гарч байгаагүй бэлгийн өөр чиг баримжаа бүхий хүмүүсийн эрх зүйн байдал, гэр бүлийн далд хүчирхийлэл зэрэг олон асуудал бий боллоо. Энэ мэт нийгмийн эмзэг харилцаанд гардаг зөрчлийг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ?

Хачирхалтай нь уламжлал ёсоор бэлгийн дарамт гэдэг ойлголт Хөдөлмөрийн хуулинд байсан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцааны явцад гардаг зөрчил гэж үздэг байлаа. Харин орчин үед үүнийг гэмт хэрэг үздэг болсон учраас бид ч бас гэмт хэрэг гэж хуулиндаа оруулсан. Мөн ялгаварлан гадуурхах (discrimination) гэдэг зүйл бас Хөдөлмөрийн хуулинд байсан. Харин бид ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхсан бол бүгдийг нь гэмт хэрэг гэж үзсэн. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн хөдөлмөрийн харилцааны явцад бус нийгмийн харилцаанд гардаг аюултай үйлдэл гэсэн үг. Энэ мэтээр хэнийг ч алагчлалгүй эрхийг нь хамгаална. Эрүүгийн хууль гэдэг бол зөвхөн цээрлүүлдэг систем биш бөгөөд чиний, миний халдашгүй эрхийн баталгаа болдог. Хүний хувийн орон зайд нэвтэрч заналхийлэх, зөвшөөрөлгүй зургийг нь авах, нууцаар дүрс, дуу бичлэг хийхийг ч бас гэмт хэрэг гэж оруулсан. Гэхдээ гадаа гудамжинд явж байхад нь папараци хийх тухай яриагүй.

- Орчин үеийн дэлхийн эрүүгийн хариуцлагын систем Монголынхоос юугаараа ялгаатай вэ?

Дэлхий хандлагаас харахад эрүүгийн хууль юун түрүүнд хувь хүнийг хамгаалахад чиглэгддэг. Харин Монголын хувьд төр, үндэсний аюулгүй байдал гэх мэт том хэргүүдээс эхэлдэг. Манайх хэдийгээр Үндсэн хуулиндаа хувь хүний халдашгүй эрхийг хамгаална гэж заасан ч Эрүүгийн хуулиараа бүрэн хамгаалж чадахгүй байна.

- Монголын Эрүүгийн хуулийг хатуу гэж ярьдгийн учрыг та тайлбарлахгүй юу?

Үнэндээ хар цагаан, хатуу чангадаа асуудал байхгүй. Хохирол ихтэй олонхи хэргийн хувьд тухайн хүн хохирлыг барагдуулсан ч гэсэн заавал шоронд явдаг. Тэгэхээр тэр хүн нэгэнт шоронд орох учраас хохирол барагдуулах дургүй байдаг. Хичнээн хохирол барагдуулсан ч доод тал нь таван жил хоригддог. Тиймээс шүүгчийн хувьд яллагдагч хичнээн сайн хүн байлаа ч хууль нь ял хөнгөлөх боломж олгодоггүй. Өөрөөр хэлбэл хэрэг болгонд хохиролд таарсан ялыг өгч чаддаггүй. Онц ноцтой гэмт хэргийн тухай би яриагүй шүү дээ.

Шинээр боловсруулсан төсөлд бүх хэргийн гуравны хоёрт нь тухайн хүн хохирлыг барагдуулсан бол ял оноохгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар заасан. Ингэснээр шоронжсон нийгмээс татгалзах, мэргэшсэн гэмт хэрэгтнийг бэлдэхгүй байх, өгсөн ялыг дахин гэмт хэрэг гарах шалтгаан болгохгүй байх үр нөлөөтэй ялын системийг бий болгох зорилготой. Хүнд нэг удаа гэмээ ухамсарлах боломж олгож хорихоос өөр төрлийн ялаар шийтгэвэл тэр хүн мэргэшсэн гэмт хэрэгтэн болохгүй.

- Хорих ангиудын нөхцлийг сайжруулах тухай хуулийн төсөлд заасан уу?

Энэ бол дараагийн алхам. Уг хуулийн дараа Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль орж ирнэ. Харин гурав дахь нь ял эдлүүлэх нийгэмшүүлэх тухай хууль юм. Уг хуулиар хорихоос өөр төрлийн ялыг хэрхэн хэрэгжүүлэх, хянан харгалзах ялтай хүний хяналтыг хэрхэн явуулах, яаж цахим гав зүүх, тэрийгээ зөрчвөл яаж хорих ялаар солих зэрэг олон асуудлыг зохицуулна. Өөрөөр хэлбэл Гэмт хэргийн хууль хичнээн сайн боллоо ч ял эдлүүлэх системийн хууль хэрэгжихгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Нийтдээ эрүүгийн тогтолцооны 13 хууль яригдаж байна.