Б.Нямгомбо: Хуулийн хийдэл хуулийн хэрэгжилт хангадаг газрууддаа хүндээр тусдаг
ШШГЕГ-ын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын дарга, дэд хурандаа Б.Нямгомботой ярилцлаа.
- Хорихоос өөр төрлийн ялын асуудлыг хөндөж хэлэлцүүлэг өрнүүлсний зорилго нь юу байв?
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хамтраад хорихоос өөр төрлийн ялыг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл үүсдэг талаар хуулийн байгууллагынханд ойлголт өгч хамтран ажиллах, зарим хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа байдлыг нэг мөр ойлгох зорилго тавьсан. Энэ утгаараа уг хэлэлцүүлэгт Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Гадаадын харьяатын асуудал эрхлэх газар болон нийслэлийн болон дүүргүүдийн хуулийн мэргэжилтнүүдийг урьж оролцуулж санал бодлыг нь сонссон. Энэ нь хорихоос өөр төрлийн ялын талаарх анхны хэлэлцүүлэг. Хэлэлцүүлгийн үр дүнд хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилтийн талаар нэгдсэн ойлголттой болж хуулийн байгууллагуудаас гаргасан санал, зөвлөмжийг нэгтгэж үйл ажиллагаандаа мөрдөхөөр төлөвлөөд байгаа. Одоогийн байдлаар хурал дээр гарсан саналуудаа нэгтгээд зөвлөмжөө боловсруулаад эмхтгэл гаргахад бэлэн боллоо.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд гардаг хүндрэлүүдийн шалтгаан юу вэ? Хууль тогтоомжийн хүрээнд асуудал байна уу, эсвэл гүйцэтгэл дээр доголдол гардаг уу?
Монгол Улсын Эрүүгийн хуулинд ялын долоон төрөл бий.
Хуулийн хийдэл хуулийн хэрэгжилт хангадаг газрууддаа хүндээр тусдаг. Шүүхийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд одоо дагаж мөрдөж буй хууль, журам зааврууд хоорондоо зөрчилтэй, хоёрдмол санаатай байдаг нь проццессыг хангадаг байгууллагад их хүндрэлтэй. Энэ байдлаас болоод нийслэл, хөдөө орон нутагт хуулиудыг нэг мөр хэрэгжүүлэх явдал харилцан адилгүй байгаа. Энэ хэлэлцүүлэгт яригдсан гол асуудлуудын нэг нь энэ. Бид болохгүй хүндрэлтэй байгаа зүйлээ бодитой тоо баримт жишээн дээр хөндөж ярьсан. Одоо үүнийг арилгахад бид бүгдийн хамтын ажиллагаа л чухал байна.
- Хүндрэлийг арилгах зорилгоор хууль тогтоох түвшинд хуулийн өөрчлөлт хийх асуудал яригдаж эхэлсэн үү?
Бидний эхний алхам бол асуудлаа тодорхойлж хуулийн байгууллагууд нэгдсэн ойлголтод хүрэх. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь эрүүгийн хуулийн хэрэгжилтийг хангадаг хууль учраас Эрүүгийн хууль өөрчлөгдвөл процессыг нь хэрэгжүүлэх хууль дагаж өөрчлөгдөнө. Одоогоор Хууль зүйн яамнаас Эрүүгийн хуулийг Гэмт хэргийн тухай хууль болгон УИХ-д өргөн барьсан. Манай газрын хувьд ажлын хэсэг гараад Ял шийтгэл эдлүүлэх, нийгэмшүүлэх тухай хууль гэсэн хуулийн төслийг урьдчилсан байдлаар боловсруулж байна. Миний бие ажлын хэсэгт орсон. Гэмт хэргийн тухай хууль батлагдсаны дараа процессын хуулийн асуудал яригдах байх.
- Ял шийтгэх эдлүүлэх, нийгэмшүүлэх тухай хуулийн төслийн гол үзэл санаа нь юу вэ?
Өнөөдөр мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу иргэн болон эрүүгийн хэргийн ялын хэрэгжилтийг нэгдсэн байдалтай хангадаг. Цаашдаа иргэний шийдвэр гүйцэтгэл, эрүүгийн ял шийтгэлийг гүйцэтгэх ажиллагааг тус тусад нь зохицуулахаар төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд Хорих болон хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилтийг хангах тухай хуулийг Ял шийтгэл эдлүүлэх, нийгэмшүүлэх хууль нэртэйгээр боловсруулж байгаа. Одоогоор хуулийн бичилт хийгдээд явж буй учраас нарийн зүйл ярих боломжгүй.
Гэмт хэргийн хууль хэзээ батлагдахаас уг хуулийг хэрхэх нь шийдэгдэнэ.
- Хорихоос өөр төрлийн ялын ямар хэлбэрүүд байдаг вэ?
Монголын Эрүүгийн хуулинд ялын долоон төрөл бий. Энэ нь хорихоос өөр төрлийн ял буюу торгох, эд хөрөнгө хураах, албан тушаал эрхлэх болон үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял, албадан ажил хийлгэх ял. Уг ялыг шийдвэр гүйцэтгэгч нар хэрэгжилтийг нь хангаж байгаа учраас өнөөдөр иргэний журмаар гаргасан шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээс гадна эрүүгийн журмаар гаргасан ялын хэрэгжилтийг хангаж байгаа нь ажлын ачаалалын хувьд харьцангуй өндөр байдаг. Ийм учраас хорихоос өөр төрлийн ялын ойлголт хэрэгжилт нэг хэсэг хаягдсан байсан ч сүүлийн үед их яригдах болсон.
- Хорихоос өөр төрлийн ялын үзэл санааг амьдралд хамгийн үр дүнтэй хэрэгжүүлсэн ямар орнууд байдаг вэ?
Эрүүгийн хуулинд нийт 449 үйлдлийг гэмт хэрэг гэж үздэгийн 90 орчим хувьд хорих ял оноодог.
Ялын төрлүүдээс хамаараад харилцан адилгүй. Торгох, эд хөрөнгө хураах ял бүх оронд бий. Албадан ажил хийлгэх ял гэж Монголд нэршдэг болохоос ихэнх оронд Нийтэд тустай ажил хийлгэх ял гэж нэрлэдэг. Манайд албадан ажил хийлгэх ялыг өдөрт 3-12 цаг гэж хуульчилсан. Гэвч дэлхийн жишигт дөрвөн цагаас хэтрүүлдэггүй бөгөөд ажлын бус цагаар төрийн байгууллагуудад ажиллуулдаг. Учир нь тухайн хүний ажил төрлөө хийх, үр хүүхдээ тэжээн тэтгэх цагийг үрж болохгүй. Саяхан манай газрын хүмүүс ОХУ-д очиж туршлага судалсан. Нэгэн эмэгтэй нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн гээд орой таван цагт ажил тарсны дараа төв номын санг гурван цагийн дотор цэвэрлээд явж байх жишээтэй. Бид энэ талаар асуухад энэ хүн ажлаа хийхээс гадна хийсэн хэрэгтэй холбогдуулсан ялаа эдэлж байна, бид энэ ялыг төрийн байгууллагын үйлчилгээний зардлыг багасгах зорилгоор ашиглаж байгаа гэж хэлсэн. Манайд бол ихэвчлэн хот тохижуулахад өглөөнөөс үдэш болтол ажиллуулдаг. Шийдвэр гүйцэтгэгч тэр болгонд хяналт тавих боломжгүй.
- Монголын Эрүүгийн хууль бусад орнуудтай харьцуулахад хатуу хууль гэж яригддаг. Та энэ талаар ярихгүй юу?
Жил болгон Улсын дээд шүүхээс хорих болон хорихоос өөр төрлийн ял оноосон талаар статистик судалгаа гаргадаг. Сүүлийн гурван жилийн судалгаанаас харахад бүх гэмт хэргийн 75-76 хувьд хорих ял оноосон байна. Тэгэхээр эрүүгийн хуулинд хорих ял оноох гэмт хэргийн тоо их байна гэсэн үг. Эрүүгийн хуулинд 225 үйлдлийг гэмт хэрэг гэж заасан. Дотор нь үндсэн, хүндрүүлэх, онцлон хүндрүүлэх зэргээр задалвал нийт 449 үйлдэлд ял оноохоор тусгасан. Тиймээс зарим судлаачид Монголын Эрүүгийн хуулийг шоронжсон хууль гэж үздэг. Надад тодорхой судалгаа байхгүй ч мэргэжилтнүүдийн хэлснээр манай улс нэг хүнд ногдох гэмт хэрэгтнийхээ тоогоор Ази тивдээ дээгүүрт ордог. Европтой мэдээж харьцуулах боломжгүй.