Б.Соёл-Эрдэнэ: Хэдий чинээ их хорино, төдий чинээ их гэмт хэрэг гардаг
Монголын өмгөөлөгчдийн холбооны хуульч, өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.
- Хүүхдийг зодож шийтгэдэг явдлыг гэмт хэргийн хувьд хэрхэн авч үзэх хэрэгтэй вэ?
Гэр бүл, сургуулийн орчинд хүүхдийг зодож, загнаж, сэтгэл санааны дарамтад оруулж шийтгэдэг явдлыг гэмт хэрэг гэж үзнэ. Үүнийг Гэмт хэргийн тухай хуульд хариуцлага тооцохоор оруулж өгсөн нь давуу тал болсон. Хүүхдийг зоддог асуудалд иргэд өөрсдөө мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Тухайлбал хөрш айл нь хүүхдээ зодсон бол, ялангуяа ил гарах шарх сорви байвал шууд цагдаад мэдэгдэх ёстой.
Гэр бүлийн орчин дахь хүчирхийллийг багасгах нэг арга бол боловсролын тогтолцоогоор шинжлэх ухааны мэдлэгээг гадна хүн байх тухай зааж сургах. Багш хүн сурагчдаа ямар орчинд амьдардаг, яагаад сэтгэлээр унах болсон зэргийг нь мэдэж тусалж ажиллах хэрэгтэй. Хүүхэд өөрөө “би гэр бүлийн хүчирхийлэлд байдаг” гэж ярихгүй шүү дээ.
Хүүхдийн үгийг сонсохгүй үл тоомсорлох ч гэсэн хүчирхийллийн хэлбэр болдог. Өөрөөр хэлбэл хүүхдийн хөгжих гэсэн, бүхний учрыг тайлах гэсэн эрхийг нь хүндлэхгүй байна гэсэн үг. Үл тоомсорлогдсон хүүхэд дуу цөөтэй, хаалттай, өөртөө итгэлгүй болж өсдөг.
Гэхдээ бид хүүхдийн эрхийг хуулинд тусгахдаа гадны хуулийг хуулах хэрэггүй. Монгол хүүхэд америк хүүхэд шиг эцэг, эхээсээ тусдаа харанхуй өрөөнд унтах албагүй. Бидний амьдралын нөхцөл байдал тэс өөр шүү дээ. Тэгж өссөн хүүхэд эцэг, эхээсээ хөндий байдаг. Нэг үгээр хэлбэл хуулийн шинэтгэлийг хийхдээ авах гээхийн ухаанаар л хандах хэрэгтэй. Жишээлбэл хүүхдийг алгадах, хөхөртөл нь чимхэх зэргээр шийтгэдэг байдлыг гээх хэрэгтэй. Цаг үе өөр болсон. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэгчээр хүүхэдтэйгээ ярилцаж чаддаг баймаар байна.
- Гэтэл “алганы амт үзэлгүй хүн болохгүй” гэж ярьдаг эцэг, эхчүүд олон. Нэг талаас хуулиар хориглосон ч нөгөө талаас нийгэмд тогтсон хандлага хүчтэй байдаг. Тэгэхээр бодит амьдрал дээр хууль маань яаж хэрэгжих бол?
Зодуулалгүй зөв хүмүүжсэн хүн олон. Мэдээж заримдаа хүүхэд зүггүйтдэг, болохгүй гэхээр улам зөрдөг. Гэхдээ зодож шийтгэхийн оронд яагаад болохгүй гэдгийн учрыг нь тайлбарлаад өгчих хэрэгтэй. Хандлагыг өөрчлөхөд багш, сэтгүүлчид, мэргэжилтнүүд гээд олон хүний нөлөөллийн ажил чухал. Тодорхой цаг хугацааны дараа хандлага өөрчлөгдөж таарна. Гэр бүлдээ хатуу орчинд өссөн, таагүй дурсамж сэтгэлд нь байнга хадаастай явдаг хүмүүс голдуу хүчирхийлэгч болдог.
- Таны бодлоор орчин үед хүүхдийн гэмт хэргийн ял, шийтгэлийн бодлого ямар байх ёстой вэ?
Социализмын үед бид Зөвлөлтийн Эрүүгийн хуулиас хуулбарлаж авсан учраас одоогийн хууль маань хүүхдийг хүмүүжүүлэхээсээ илүү улам зэрлэгшүүлдэг. Орос, АНУ хоёр бол хамгийн их хорих ялтай улсууд. Хоригдол их байх тусам гэмт хэрэг өсдөг сонирхолтой статистик тооцоо байдаг. Харин Герман, Японд хорих ял бага байдгаас гэмт хэргийн гаралт доогуур.
Хүүхдийг урьдчилан хорих хугацаа 18 сар байсныг найман сар болгосон.
Хүн эрх чөлөөнд дуртай байдаг нь түүний үндсэн мөн чанар. Ялангуяа хүүхэд. Тэр тусмаа Монгол хүүхэд өргөн уудам нутагт амьдардаг, орон зайн сэтгэлгээтэй учир хорих ангид очихоороо сэтгэцийн гүн хямралд ордог. Тэгээд нийгмээ үзэн яддаг. Хорих ангид хүмүүжихээсээ илүү элдвийн муу муухайд суралцдаг. Дараа нь насанд хүрэгчдийн хорих ангид шилжиж ах нараасаа улам ихийг “сурдаг”. Энэ мэтээр бид жинхэнэ рецидив гэмт хэрэгтнийг бэлддэг.
Хүүхдийг яллах олон хувилбарт аргыг хэрэглэх цаг болсон. Тухайлбал Герман улсад хорих ялыг маш ховор хэрэглэдэг. Голдуу гэрийн хорионд байлгах юмуу эсвэл хотоос нь гадагш явуулдаггүй. Мөн асрамжийн газруудад очиж ажилд нь туслуулдаг. Тэнд очсоноор хүүхэд хүнийг өрөвдөх сэтгэлтэй болдог.
Гэтэл манайд хулгай, дээрэм хийсэн хүүхдийг заавал хорьдог. Эсвэл тэнсэн харгалздаг.
- Хүүхдээр хурдан морь унуулснаар гэмтэж бэртэх, амь насаа алдах тохиолдол гардгийг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд шүүмжилдэг. Энэ асуудлыг яаж зохицуулах хэрэгтэй вэ?
Үндэсний уламжлалыг шууд тасална гэдэг хэтэрхий өрөөсгөл. Болно, болохгүй гэж туйлшрахын оронд аюулгүй байдлыг нь сайтар хангах хэрэгтэй. Хүүхдээр морь унуулах бол гэмт хэрэг биш. Уяачид ядуу айлын хүүхдэд тариа хийж биеийг нь давжаа болгосон мэдээлэл цагдаагийн газраас ирж байсан. Энэ бол жинхэнэ гэмт хэрэг.
Гэхдээ хүүхдээр морь унуулна гэдэг эрсдэл мөн. Тиймээс амь насны даатгалыг хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
Өнөөдөр Монгол хүний амь нас, эд материалаас доогуур үнэтэй болчихсон юм шиг санагддаг.
- Өмгөөлөгчөөр ажиллах явцад одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуультай холбоотой ямар нэгэн бэрхшээл гарч байсан уу? Тодруулбал хуулийн ямар нэгэн заалтаас болоод хүн хэлмэгдэх тохиолдол байв уу?
Өнөөдөр Монгол хүний амь нас, эд материалаас доогуур үнэтэй болчихсон юм шиг санагддаг. Тухайлбал 27 настай залуугийн хэрэг дээр би ажиллаж байсан. Тэрээр адууны хулгайн хэрэгт сэжиглэгдсэн, эрүү шүүлтэд өртсөн байсан. Түүнийг бичиг үсэг мэдэхгүйгээр нь далимдуулж өмгөөлөгчгүй байцаасан. Дөрвөн сум дамжуулж гавтай нь явуулсан, гавтай нь уурын зууханд хонуулсан зэрэг олон зөрчил гарсан. Хохирлыг барагдуулсан ч заавал хорих гэсэн хандлага ажиглагдсан. Гэтэл тэр залуу өөрөө мянгат малчин. Төлөх ёстойг нь төлөөд яагаад суллагдаж болохгүй гэж.
Түүнчлэн эхнэрийнхээ машины цонхыг хагалсан хүнийг бусдын эд хөрөнгийг эвдэлж сүйтгэсэн гэсэн заалтаар 1,5 жил хорих ялаар шийтгэж байна.
Гэтэл хараагүй хүүхдүүдэд зориулсан мөнгөнөөс есөн сая 350 мянган төгрөг хулгайлсан сургууль удирддаг этгээдэд ял өгөхгүй байна. Учир нь есөн сая 600 мянга гэсэн яллах хэмжээнд хүрээгүй гэсэн үндэслэлээр. Нөгөө Үндсэн хуулинд бичсэн шударга ёс хаа байна?
- Чухам юуг гэмт хэрэг гэж үзэх вэ гэдэг нь цаг үеээ дагаад өөрчлөгддөг юм шиг санагддаг. Энэ тийм үү?
Тэр үнэн. Дамын наймааг аваад үзье. Социализмын үед зах дээр гараад наймаа хийвэл шууд хорьдог байсан. Харин өнөөдөр Хятадаас бараа авчраад хоёр, гурав нугалж зардаг хүн сайн бизнесмен болж таардаг.
Түүнээс гадна маш зальжин аргаар үндэслэлгүй хөрөнгөждөг хүмүүс цөөнгүй. Тендер авч өгье, тэр энэ сайдтай яриад өгье гэх мэтчилэн ичих ч үгүй бусдаас 50, 60 сая төгрөг авч байна. Дараа нь 10 саяыг нь өөртөө үлдээх жишээтэй. Ямар ч ажил хийлгүй шимэгч хорхой шиг амьдардаг хүмүүс нийгэмд олон байна. зарим нь хадгаламж зээлийн хоршоо нэртэй бусдын мөнгийг хүүлдэг. Энэ мэт үйлдлийг Гэмт хэргийн хуульд оруулах ёстой.