"Футболкны өдөр"-ийг зохион байгуулна
Үзэгч та бүхэнд өөрийн үзэл бодлыг анхаарал татам сонирхолтой байдлаар хүргэх боломж байна. Тавдугаар сарын 24 нд болох Монголын анхны “Футболкны өдөр” дээрх боломжийг таньд олгоно.
Хүний эрхийг хамгаалагчдын даян дэлхийн хөдөлгөөн буюу Эмнести Интернэшнл байгууллагын Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний хорин жилийн ой энэ онд тохиож байна. Хүн бүрт хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага “Футболкны өдөр”-ийг зохион байгуулахаар зэхэж байна. Өдөрлөгийн үеэр гитарчдын тоглолт, футболкны худалдаа, загварын шоу, шилдэг мессэж үг бүхий футболктой хүнийг шалгаруулах зэрэг олон арга хэмжээ болох юм байна.
Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа:
Энэ онд Эмнести Интернэшнл Монголд үүсгэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойг тэмдэглэнэ. 20 жилийн өмнө Монгол улс зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө тийм ч хангалттай байгаагүй. Ойн хүрээнд футболкны өдрийг зохион байгуулж, тус байгууллага анх Монголд ямар зорилготой байгуулагдаж байсан, цаашид юуны төлөө ажиллахаа ард түмэндээ зарлан тунхаглана. Хүн болгон зарлалын самбар биш. Гэхдээ хүний эрхийн тухай үзэл бодлыг хүмүүст хүргэх нэг өвөрмөц арга болгож футболкны өдрийг зохион байгуулж байна.
Түүнчлэн таньд бэлэн мессэж бүхий футболк байвал зургийг нь дарж www.facebook.com/AIMONGOLIA хаяг руу илгээж болно. Футболкны өдөр бямба гарагт 12 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхлэнэ. Уг арга хэмжээнд аль ч насны хүн оролцох боломжтой.