ШИНЭЭР СОНГОГДСОН УИХ ХҮНИЙ ЭРХИЙН ДАРААХ АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ УРИАЛАВ
2024.07.03

ШИНЭЭР СОНГОГДСОН УИХ ХҮНИЙ ЭРХИЙН ДАРААХ АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ УРИАЛАВ

Дэлхий даяар 10 сая гаруй хүнийг эгнээндээ нэгтгэсэн хүний эрх хамгаалагчдын хөдөлгөөн болох Нобелийн шагналт олон улсын Эмнести Интернэшнл байгууллагаас шинээр сонгогдсон Монгол Улсын Их Хурал (УИХ)-д хандан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ чанд биелүүлэхийг уриалж “МОНГОЛ УЛС:2024-2028 ОНД АЖИЛЛАХ УЛСЫН ИХ ХУРАЛД САНАЛ БОЛГОХ ХҮНИЙ ЭРХИЙН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ” -ыг өнөөдөр хүргүүллээ. 

Тодруулбал, Эмнести Интернэшнлээс УИХ-ын шинээр сонгогдсон гишүүдийг цаашид Монгол Улсын эдийн засаг, нийгэм, соёлын эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайван хуран цуглах эрх, эрүү шүүлт болон бусад зүй бус харьцаанаас ангид байх, шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаажуулах амлалтынхаа хүрээнд дараахь зургаан асуудлыг авч хэлэлцэхийг уриаллаа. Үүнд:

  • Хот дахин төлөвлөлтийн хүрээнд хүний эрхийг хүндэтгэн хамгаалах

  • Байгаль орчны доройтлоос хүний эрхийг хамгаалах

  • Шударга бус татвар, төсвийн хэмнэлтийн бодлогоос үүсч буй ялгаварлан гадуурхалтыг арилгах

  • Технологиос үүдэлтэй хүний эрхийн асуудалд анхаарах

  • Үзэл бодлоо илэрхийлэх, тайван хуран цуглах эрхийг баталгаажуулах

  • Ял завших явдлыг төгсгөл болгох зэрэг агуулгууд багтжээ. 

Мөн дээрх байгууллагаас Монгол Улс иргэдийнхээ хүний эрхийн хамгаалалт, биелэлтийг сайжруулахын тулд Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрөө шинэчлэн боловсруулах шаардлагатайг онцолж, ялангуяа иргэдийнхээ эдийн засаг нийгэм соёлын эрхийг баталгаажуулах, хангахад анхаарахыг хүслээ.