Д.Ганбат:Төр тухайн хүний амьд явах эрхийг хангах үүрэгтэй
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2014.05.19

Д.Ганбат:Төр тухайн хүний амьд явах эрхийг хангах үүрэгтэй

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын гишүүд хорих байгууллагад хүний эрх зөр­чигдөж байгаа талаар мэ­дээлэл өглөө. Олон ний­тийн хувьд өндөр албан ту­шаалтан байсан учраас улстөрийн шоу хийж байна гэж шүүмжлэх хүмүүс бай­на. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Хувь хүнийх нь тухайд онцгойлон авч үзсэн асуудал гэж ойлгож болохгүй. Сүү­­лийн үеийн мэдээнээс харахад урьдчилан хорих төвд нас барсан анхны тохиолдол уч­раас анхаарал хандуулах нь зайлшгүй. Тухайн хүний гэм буруу­тай нь тогтоогдоогүй, ба­ривчлагдан шалгагдаж байх үедээ нас барчихлаа шүү дээ. Энэ бол хүний эрхийг ноцтойгоор зөрч­сө­ний илрэл. Яах вэ, олны мэдэж буйгаар өндөр албан тушаал эрхэлж, их хэм­жээ­ний мөнгөний хэ­рэгт сэжиглэгдэж байсан хүн учраас гэнэт анхаарал хан­дуулж байгаа мэтээр хараг­даж байгаа байх. Ямар ч тохиолдолд төр тухайн хү­ний амьд явах эрхийг хан­гах үүрэгтэй байдаг. Хо­рих байгууллагад хүн нас барах нь төрийн хариуцлага сул байгаагийн нэг жишээ.

-Гэхдээ талийгаач А-гаас гадна он гарсаар дөр­вөн хүн хоригдож байх­даа нас барсан. Тэд юунаас бо­лов. Яагаад өмнө нь энэ тухай мэдээлдэггүй байсан юм бэ?

-Энэ тухай мэдээлэл нээлттэй байгаа.  Сүүлийн 10 жилийн мэдээг харахад 210 хүн нас барсны 15 нь 2012 онд, 17 нь 2013 онд гэх мэдээлэл бий. Энэ хуга­цаанд хорих газруудад сүрьеэгээр 50, тархины цус харвалтаар 25 хүн нас барсан байдаг. Бидэнд ирүүлснээр он гарсаар жирийн дэглэмтэй 445 дугаар ангид хоригдогч иргэн Б, Булган аймгийн цагдан хорих байгууллагад ял эдэлж байсан иргэн С эмнэлэгт, чанга дэглэмтэй 425 дугаар ангид ял эдэлж Б гэгч нар зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан. Харин гадаадын ир­гэний хувьд бөөрний дутагд­лаар өөд болсон.

-Малайзын иргэний хувьд бөөрний дутагдлаар нас бар­сан гэж байгаа. Энэ өвчин тодорхой цаг хугацааны дараа хүний амийг авч оддог. Гэтэл өвчний явцад тухайн хорих байгууллагын эмч нар яагаад эмчилгээ, үйлчилгээ үзүү­лээгүй юм бол?

Хо­рих байгууллагад хүн нас барах нь төрийн хариуцлага сул байгаагийн нэг жишээ.

-Эмнэлгийн үйлчилгээний тухайд зөвхөн хорих ангиуд гэлтгүй энгийн эмнэлгүүд ч шаардлага хангахгүй байна гэдгийг хэн бүхэн мэдэж бай­гаа. Тэгэхээр цаашид цогц бодлого хэрэгжүүлэх шаард­лагатай. Ер нь ту­хайн иргэн хорих ялаар шийт­гүүлсэн бол анхаарал хан­дуулах, эмчлэх, сувилах нь хорих бай­гуул­лагын эмнэлгийн ажилт­нуудын үүрэг. Малайзын ир­гэний тухайд эм­нэлгийн ажилт­нууд цаг алд­сан тухай мэдээлэл ирсэн.

-ШШГЕГ-ынхан өөрс­­дөө хорих газруудаа Ев­ро­под байх­гүй нөхцөл сай­тай хэ­мээдэг. Гэтэл хүний эр­хийн чиг­лэлээр ажилладаг бай­гуул­лагууд эс­рэгээрээ үнэл­дэг. Энэ нь яг юутай хол­боотой юм бэ?

-Мэдээж аль алиндаа бай­гаа. Хууль эрх зүйн орчин нь тааруухан байна гэж ойлгох хэрэгтэй. Хэний ч эрхийг ха­сахдаа зүгээр тасалгаанд суулгаж байгаад хорьчихдог. Одоо үүнээс татгалзах хэрэгтэй.

-Хэрэгт сэжигтнээр татан, хорьж цагддаг тохиолдол олон бий. Эрхээ хамгаалж ча­дах­гүй иргэд үүнээс болж маш их хохирдог. Үүнийг хэрхэн яаж таслан зогсоох вэ?

-Монголын төр шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хү­нийг ганц хоног хорьсон бол хариуцлага хүлээдэг байх ёс­той. Үндэслэлгүйгээр хо­ригд­сон бол тухайн хуга­цаанд олох орлого, цалинг нь олгох тухай хуулийн заалт бий. Гэхдээ энэ нь 1990-ээд онд батлагдсан болохоор учир дутагдалтай. Иргэдийн хувьд хууль эрх зүйн мэдлэг дутуу эсвэл ноцтой асуудалд холбогдож магадгүй гэдэг утгаараа цаашид хүний эрхийнхээ дагуу хөөцөлдөхгүй орхигдуул­чихдаг. Бид цаашид энэ хохирлыг өндрөөр тооцож, төр хариуцдаг болгуулна.

Өөрөөр хэлбэл төрийн бу­руу­тай үйл ажиллагаанаас болж хо­ригдсон, эрх чөлөө нь хяз­гаар­лагдсан тохиол­дол бүрт эхлээд төр хариуц­лагаа хүлээж, да­раа нь гэм бу­руу­тай төрийн албан хаагчтай хариуцлага тоо­цох механизмтай болгох хэ­рэгтэй. Үүнд Хүний эрхийн үндэсний комисс, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ир­гэний нийгэм, тө­рийн бус бай­гууллагууд ч анхаарал хан­дуулж, хяналт тавих ёстой.

-Жил орчмын өмнө Хүний эрхийн дэд хорооны гишүүд хорих ангиудын нөхцөл бай­дал­тай танилцаж, хүний эрх зөрчигдөж байгаа тухай мэ­дээлж байсан. Гэхдээ ямар нэгэн арга хэмжээ авсан уу. Эсвэл зүгээр л мэдээлэл өгөөд өнгөрсөн хэрэг үү?

-Бид тухайн үед шалгалтаар яваад тодорхой зөрчлүүдийг арилгах арга хэмжээнүүд авч, хэрэгжүүлсэн. Тухайлбал эмэг­тэй­чүүдийн хорих ангид ял эдэлж буй эмэгтэйчүүд хүү­хэд­тэйгээ байдаг байсан. Тухайн хүүхэд ялтан биш учраас эрх нь зөрчигдөж байгаа юм. Тиймээс үүрэг өгсний дагуу тус байгууллага хашааныхаа гадна талд тусгай байр гаргаж өгсөн.

Тухайн үед эмнэлгүүдээр ч явсан. Шаардлагатай то­хиолдолд заавал хорихын гэ­хээс илүү гуравдугаар шат­лалын эмнэлэгт үзүүлэх нөх­цөлөөр хангаж өгөх тухай ярилцсан. Үүнийг ч хэрэг­жүүлдэг болсон. Аливаа асууд­лыг нэг бүрчлэн шийд­вэрлээд явахад хууль зүйн орчин хамгийн чухал. Үүний тулд хууль, шүүхийн шинэтгэлийг хийж байгаа.

-Хорихын эмнэлгийн эмч нарын хувьд ямар хариуц­лага тооцох боломжтой байдаг юм бэ.
Уг нь манай улс хүний эрхийг дээдэлдэг, хууль эрх зүйн хувьд Азидаа дээгүүрт бичигддэг.

-Энэ удаагийн хэргээс болж эмнэлгийн даргад эрүү­гийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэ­сэн мэдээлэл өгсөн. Түүнчлэн энэ тохиолдлын хувьд талий­гаачийг хорих шийд­­вэр гар­­гасан хүмүүс хууль эрх зүйн хүрээндээ шийд­­вэр гар­гасан эсэх, эрүүл мэндийнх нь та­лаар хэлээд байхад хүнд сур­талтай хандсан албан ту­шаалтан гэм буруутай эсэх, хорих байгууллагын эмч, эм­нэл­гийн ажилтан хэн нэгний өгсөн үүргийн дагуу эмчилгээ үзүү­лээгүй бол хэн хэн нь хуу­лийн дагуу ха­риуц­лага хүлээнэ. Одоо дөнгөж шалгаж эхэлж байна. Шалгалтын дүнг хүний эрхийн байгууллагууд болон Хууль зүйн байнгын хороогоор нээлттэй хэлэлцэх ёстой.

-Гэм буруугүй хүнийг хорь­дог арга барил хууль зүйн шинэтгэлийн хүрээнд байхгүй болох боломж бий юу?

-Боломжтой. Манай улсад одоо мөрдөгдөж байгаа хууль 2002 онд батлагдсан учраас өнөөгийн нийгэмд зөрчилдөж байна. Хүмүүсийн хэлдгээр шоронжсон хууль гэдэг шүү дээ. Бид Гэмт хэргийн ту­хай болон Зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн барь­чихсан байгаа. Эдгээрийг бат­­лагдсаны дараа нэлээд на­рийн асуудлуудыг тодорхой болгоно. Дараа нь Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн барина. Энгийнээр тайлбарлахад тор­гууль, барьцаа, гэрийн хорио зэргээр асуудлыг шийдвэрлэх боломжуудыг ашиглахыг хи­чээнэ. Үлдсэн хоёр жилийн ху­гацаанд УИХ-аас Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, Засгийн газар дээрх хуулиудыг өөрчлөхийн төлөө ажиллана.

Уг нь манай улс хүний эрхийг дээдэлдэг, хууль эрх зүйн хувьд Азидаа дээгүүрт бичигддэг. Мөн 2010 оноос хойш УИХ, Засгийн газар НҮБ, Хүний эрхийн байгууллагын өмнө Хүний эрхийн байнгын хороотой болох амлалт авсан байдаг. Гэсэн ч одоог хүртэл энэ нь хэрэгжээгүй. Өнөөгийн үүсээд буй нөхцөл байдал энэ байнгын хороо зайлшгүй байх ёстой гэдгийг харууллаа. Нөгөөтэйгүүр манай улсын Хүний эрхийн комиссынхон өргөдөл гомдол гаргасан то­хиолдолд л араас нь хөөж ажилладаг. Уг нь эрхээ хам­гаалж чадахгүй иргэдэд тус­лалцаа үзүүлж, хамгаалах ёс­той шүү дээ.