Д.Ганбат: Мөрдөн байцаах албыг АТГ-д шилжүүлсэн нь алдаа болжээ
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2014.05.15

Д.Ганбат: Мөрдөн байцаах албыг АТГ-д шилжүүлсэн нь алдаа болжээ

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбатаас зарим зүйлийг асууж тодрууллаа.

-Газрын тосны дарга асан Д.Амарсайхан урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаад амиа алдлаа. Түүнд эрүүл мэндийн тусламж үзүүлэхгүй байснаас болж ийм нөхцөл байдал үүслээ. Танай дэд хороо энэ мэдээллийг авсан биз дээ?

-Одоохондоо надад тодорхой мэдээлэл алга. Зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа төдий мэдээлэлтэй явна. Ер нь энэ бол маш буруу. Харамсалтай явдал боллоо. Ялангуяа, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байсныг нь ойлгохгүй байна. Энэ бол буруу. Урьдчилан хорих төвд саатуулагдсан хүний гэм буруу шийдэгдээгүй байдаг. Гэмтэй, гэмгүйгээс үл хамааран хэн ч байсан  хүний эрх талаасаа эмнэлгийн тусламж дэмжлэг авах ёстой. Үүнийг нь хуулиар олгочихсон. Харамсалтай нь, ажил хариуцсан албан тушаалтнуудын балгаар хүний амь нас эрсдэх шиг боллоо. Өмнө нь ч гэсэн урьдчилан хорих төвд дуучин шатаж байлаа. Энэ бүхэн салбарынх нь  ажлын хариуцлагатай салшгүй холбоотой юм. Хүний эрхийн үндэсний комисс энэ асуудалд анхаарал хандуулж ажиллах учиртай.

-АТГ-ын албан тушаалтнууд болоод хорих байгууллагын удирдлагад хариуцлага тооцох ёстой юу?

-Холбогдох албан тушаалтнуудад хариуц­лагын талаар ярих ёстой. Угаасаа ярьж таарна.

-Танай дэд хорооныхон хорих байгууллагад нэлээдгүй ажилласан. Хорих байгууллага сэжигтэн болоод ялтны эрх ашгийг хэр зөрчдөг юм бол?

-Манай дэд хороонд гомдол байнга ирдэг. Уг нь манай улс Ази тивдээ хүний эрхийг хангах байдал, хүсэл эрмэлзлэлээр сайн үнэлгээ авдаг орон. Хууль дүрэм нь ч гэсэн боломжийн. Гэвч хүмүүсийн ажлын хариуцлага дэндүү дутагдалтай байна. Өөр нэг зүйл тодруулж хэлэхэд манай улс Эрүүдэн шүүлтийн эсрэг конвенцид нэгдсэн атлаа мөрдөн байцаах албыг АТГ-д шилжүүлсэн нь алдаа болжээ. Цагдаа нь цагдаагаа шалгаж мөрдөнө гэж байхгүй. Үүнийг даруй засч залруулах ёстой.