Ш.Лхагвасүрэн: Монголд хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихлээ
Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Доктор, профессор Ш.Лхагвасүрэн
2014.05.16

Ш.Лхагвасүрэн: Монголд хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихлээ

Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Доктор, профессор Ш.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

- Монголд хар тамхины асуудал ямар байдалтай байна вэ?

Өнөөдөр хар тамхины асуудал хүнд байна. Хэрэглээ болон хэрэг зөрчлийн тоо өссөн, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. 1999 онд 45 хар тамхи хэрэглэгч байсан бол одоо 561 болж өссөн. Нэг хэрэглэгчийн цаана дөрвөн хэрэглэгч байдаг учраас 2000 гаруй хэрэглэгч байхыг үгүйсгэхгүй. Түүнээс гадна хар тамхитай холбоотой гэмт хэрэг сүүлийн таван жилд долоо дахин нэмэгдсэн. Тодруулбал 2009 онд гэмт хэргийн тоо 11, 2010 онд 19, 2011 онд 21, 2012 онд 31, 2013 онд 38 болсон. Сүүлийн дөрвөн жилд 116 гэмт хэрэгт 423 хүн холбогдсон. Түүнчлэн хар тамхины хэргээр гадаадад шалгагдаж байгаа иргэдийн тоо 61 байна. Манай байгууллага 1999 оноос судсаар хар тамхи хэрэглэдэг хүмүүстэй ажиллаж ирсэн. Энэ хугацаанд 108 хүн манайд хандсан. Эдгээр тоо бол манайх шиг хүн ам цөөтэй улсын хувьд өндөр үзүүлэлт.

Үүнээс харахад хүний аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин, үндэсний бодлого хэрэгтэй. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай хууль яригдаад хоёр жил болж байна. Уг хуулийг яаралтай батламаар байна. Бид өнгөрсөн жил ОХУ-д туршлага судлаад ирсэн. Оросууд хар тамхийг “чимээгүй дайн” гэж үздэг.

- Одоогийн хар тамхитай холбоотой хууль тогтоомжид ямар дутагдлууд байна вэ?

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль 2002 онд батлагдсан. Гэхдээ уг хуулинд эмийн талаас нь түлхүү тусгасан учраас ялын бодлого, урьдчилан сэргийлэх аргачлал байхгүй. Өнөөгийн нөхцөл байдалд тохирохгүй байна. Тухайлбал нэг грам хар тамхийг биедээ авч яваа, нэг кг хар тамхи биедээ авч яваа хүмүүсийн ял адилхан байна.

- Дэлхийн практикт хар тамхины аюулаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх ямар механизм, аргачлал байдаг вэ?

Хар тамхитай тэмцэхэд хязгаарлах, хэрэглээг багасгах, эрэлт хэрэгцээг бууруулах гэсэн гурван үндсэн арга байдаг. Монголд Эрүүгийн цагдаагийн хар тамхитай тэмцэх хэлтэс хязгаарлах ажлыг сайн хийдэг. Гэтэл урьдчилан сэргийлэх ажил хийгддэггүй. Энэ нь санхүүжилт, нэгдсэн бодлого байхгүйтэй холбоотой. Наад зах нь үе тэнгийн сурагч бэлтгэх хэрэгтэй. Харин Дэлхийн Зөн ОУБ бидэнд хандаж, бид 57 дугаар сургууль дээр 80 үе тэнгийн сурагч бэлдсэн. Ингээд ажиллаад байвал үр дүн заавал гарна.

- Хар тамхи хэрэглэгчид голдуу ямар насны хүмүүс байдаг вэ?

Бид 2010 онд НЗДТГ-ын санхүүжилтээр нийслэлийн 22 ЕБС, 12 их сургуульд  2000 өсвөр насныхан, залуучуудын дунд судалгаа хийсэн. 54 хүүхэд хар тамхи хэрэглэдэг нь илэрсэн. 36 нь татаж хэрэглэдэг, 18 нь экстаз хэрэглэсэн нь тогтоогдсон. Энэ бас л бага тоо биш. Мөн 2012 онд байнга хэрэглэдэг 100 хүний дунд судалгаа явуулахад татдаг, үнэрлэдэг, тарьдаг гэх мэт хар тамхины бүх төрлийн хэрэглээ Монголд бий болчихсон нь харагдсан. Тэр байтугай нэг хүн найман төрлийн хар тамхи хэрэглэдэг байсан. Тэгэхээр хэрэглээ улам газар авч байна.

15 жил болоход Монголд нэг ч хар тамхичин хүнийг эмчлээгүй.

Харин үндэсний хэмжээнд явуулсан судалгаа байдаггүй. Хэрэв ийм судалгаа явагдвал илүү тоо гарах магадлалтай.

- Монголд хар тамхи татсан хүний эмчилгээ хэр хийгддэг вэ?

15 жил болоход Монголд нэг ч хар тамхичин хүнийг эмчлээгүй. Тэгэхээр Үндсэн хуулиар заасан эрүүл явах, хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох эрх нь зөрчигдөж байна. Ялгаварлан гадуурхалтын золиос болдог. Эрдэнэт хотод судалгаа хийх үеэр хар тамхи татсан нэг сурагчийг сургуулиа төгсөхийг зөвшөөрөөгүй тохиолдол ч гарч байсан. Энэ мэтээр олон дунд амьдрах ямар ч боломжгүй болгодог. Түүнээс гадна Монголд хар тамхичдыг эмчилдэг аргачлал, мэргэжилтнүүдийн аль нь ч байхгүй.