Нийслэлийн удирдлагын зөвлөл
2014.03.11

Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах журам гаргана

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 03 сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх журам”-ыг шинэчлэн гаргах төслийг хэлэлцлээ.

Манай улсад мөнгө санхүү, зээлийн үйл ажиллагаа явуулдаг гурван субъект байгаагаас арилжааны банкуудыг Монгол банкнаас, банк бус санхүүгийн байгууллагыг Санхүүгийн зохицуулах хорооноос хянадаг бол барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагыг хянах эрх бүхий байгууллага тодорхойгүй зөвхөн Монгол улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйл, “Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага MNS5274-2003 стандарт” зэрэг хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа нь зохицуулагдаж байгаа боловч тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм.

2013 онд нийслэлд 16544 буюу нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 23,9 хувь нь бусдын эд хөрөнгийн хулгайн талаарх гомдол мэдээлэл иржээ. Үүний 15144 буюу 91,5 хувь нь иргэдийн өмчийн хулгайн гомдол мэдээлэл байжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1253 хэргээр буюу 37 хувиар өссөн үзүүлэлт байна. Гэмт хэргийн газраас алдагдсан эд зүйлсийн 29,2 хувийг компьютер, 28,8 хувийг бэлэн мөнгө, алт, мөнгө, монетон эдлэл, 19,6 хувийг телевизор, 11,2 хувийг гар утас, бусад цахилгаан хэрэгсэл эзэлж байна.

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газраас хулгайлах гэмт хэргийн зах зээлийг судалж, дүн шинжилгээ хийхэд гэмт хэргийн газраас алдагдсан эд зүйлсийн 29 хувь нь барьцаалан зээлдүүлэх газраар дамжин зах зээлд нийлүүлэгдэж байгаа гэсэн дүгнэлт гарчээ. Үүнээс үзэхэд гэмт хэргийн газраас алдагдаж байгаа эд зүйлийн багагүй хувь нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжээр дамжин, тодорхой хугацааны дараа далд хэлбэрээр зах зээлд борлогдож, алга болдог байна.

2013 онд нийслэлд 16544 буюу нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 23,9 хувь нь бусдын эд хөрөнгийн хулгайн талаарх гомдол мэдээлэл иржээ.

Сүүлийн үед барьцаалан зээлдүүлэх газрууд нь алт мөнгө, монет, үнэт эдлэл, мөнгөн аяга, хөөрөг, эртний эд зүйл, компьютер зэрэг өртөг өндөр, овор хэмжээ бага эд зүйлс авч, зээл олгох хандлагатай болжээ.
Тиймээс барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг газруудын үйлчилгээг зохицуулах журам гаргах нь хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийн эрх ашгийг хамгаалахад үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 521 барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгаа бөгөөд хулгайлагдсан эд зүйлсийг авахаас гадна иргэдийн эд хөрөнгийг хугацаа хэтэрсэн шалтгаанаар зарж борлуулдаг нь тодорхой хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл болдог гэдгийг Нийслэлийн цагдаагийн газраас онцолж байна.

Дээрх мэдээллийн дагуу иргэдийн эрх ашгийг хамгаалж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн үйлчилгээг зохицуулах журмын төслийг шинэчилж, холбогдох хуульд нийцүүлэн боловсруулж, нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхийг Нийслэлийн цагдаагийн газарт даалгалаа