Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв.
2014.02.25

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв.   УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нар уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.

.Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хээл хахууль авах, хээл хахууль өгөх, хээл хахууль зуучлах,  хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах  зэрэг заалтын дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулдаг байна.

 .Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  дагуу тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан,  хэрэг бүртгэгч,  мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн хөнгөн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн болон тагнуулын байгууллагын ажилтны үйлдсэн хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулдаг аж.

.Үндсэн хуулинд “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж заасан бөгөөд Прокурорын байгууллагын дэргэд Мөрдөн байцаах алба байгуулж, байцаан шийтгэх ажиллагаа явуулж байгаа нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилджээ. Тиймээс  эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн шалгах албаны хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байсан авлига, албан тушаалын гэмт хэргийг Авлигатай тэмцэх байгууллагын харьяалалд, ахуйн чанартай гэмт хэргийн Мөрдөх албаны харъяалалд тус тус шилжүүлэх бодлого боловсруулж байгаатай холбогдуулан  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Прокурорын байгууллагын тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийг хамтад нь боловсруулна. Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан хууль санаачлагдаас сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Дараа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжив. Ийнхүү уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлэв.