Ажлын хэсгүүд гаргахаар боллоо
2012.11.07

Ажлын хэсгүүд гаргахаар боллоо

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  болон  Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль /ЭБШХ/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд уг хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт нэмэлт оруулах санаа дэвшүүлжээ. Төслийн танилцуулгад өгүүлснээр бол одоо мөрдөж байгаа ЭБШХ-ийн дээрх заалт дахь гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүх ажиллагаанд хэрэглэхдээ улсын яллагч болон өмгөөлөгчид танилцах боломж олгохгүй байгаа хуулийн зохицуулалт нь хүний эрх талаасаа зарим сөрөг нөхцөл бүрдүүлж байгаа аж.       

Байнгын хороогооор энэ асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн олонх нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл удахгүй иж бүрнээрээ орж ирэх гэж байгаа тул тухайн асуудлыг уг төсөлд нэг мөсөн цогцоор нь тусган шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсны дээр

“Энэ хуулийн төслийг Ажлын хэсэг байгуулж сайтар нягтлан, тодорхой субъектүүдийг оролцуулж байж дараа нь хэлэлцэх нь зүйтэй”

гэсэн Р.Гончигдорж гишүүний горимын саналыг дэмжиж, Ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.

Үүний дараагийн асуудал нь Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудал байсан бөгөөд Засгийн газраас өргөн барьсан энэ төсөлтэй холбоотойгоор гишүүд нэлээд ярилцсаны эцэст “Төслийг хэлэлцэх нь зүйтэй, гэхдээ Ажлын хэсэг байгуулж, нөхцөл байдлыг шуурхай судалсны үндсэн дээр шийдье” гэсэн Х.Тэмүүжин гишүүний горимын саналыг дэмжив.

Өнөөдрийн хуралдааны эцэст төрийн байгууллагын байранд үйл ажиллагаа явуулж буй зарим байгууллагын хувьд ашиг сонирхлын зөрчил гарч байгаагаас үүдэн  шинээр гарсан хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар АТГ-аас ирүүлсэн албан бичигтэй холбоотой асуудлыг хэлэлцэв.

 Энэ үеэр Х.Тэмүүжин гишүүн “Хууль зүйн байнгын хороо  АТГ-тай хамтран хуулиа хэрхэн сурталчлах талаар сайтар хэлэлцэж тохирохгүй бол төрийн албаныханд айдас төрүүлж болзошгүй байна. Ашиг сонирхлын зөрчлийн тухай шинэ хууль гарснаар төрийн албан хаагчдыг энэ зөрчлөөс хамгаалах, алдаа гаргахаас сэргийлэхэд нь туслах ёстой болохоос бус цагдаагийн аргаар айлгах гээгүй. Тиймээс АТГ соён гэгээрүүлэх, хяналт тавих үүргийнхээ дагуу тус Байнгын хорооноос өмнө нь гаргасан тогтоол дээр хамтран ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм. Ингээд З.Энхболд гишүүний саналаар “Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, хуулиа ойлгомжтой болгох чиглэлээр ажиллая” гэдэг дээр гишүүд санал нэгдэж, хуулийн заалтуудын талаар нэг мөр, үнэн зөв ойлголт өгөхийн тулд орон нутгийн сонгуулийн дараа АТГ-тай хамтарч семинар хийхээр боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.