Х.Тэмүүжин: Албадлагын арга хэмжээ, хорих ялыг ногдуулах талаар сайн бодолцох нь зүйтэй
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.
Х.Тэмүүжин: Албадлагын арга хэмжээ, хорих ялыг ногдуулах талаар сайн бодолцох нь зүйтэй. Тухайлбал, сонгууль будлиантуулдаг хүнийг хорих биш сонгуулийн санал хураалт болох хугацаанд сонгуулийн хэсэг, хороо руу очих эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авч болно. Түүнчлэн гүтгэх гэдгийг ч хоёр талтай авч үзэх нь зүйтэй.
Ж.Батзандан: Гэмт хэргийг ердийн гэмт хэрэг, хүнд гэмт хэрэг гэж ангилсан байна гээд ердийн гэмт хэрэг гэхээр ердийн ажил хийсэн юм шиг харагдаад байгаа учир нэр томьёоны талаар анхаарах хэрэгтэй. Эрх хасах ялыг хавтгайруулах вий гэж болгоомжилж байна. Зөрчил гаргасан, эсвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний жолоо барих эрхийг хасч болно. Гэтэл төрийн албанд ажиллах эрхийг хасах зэргийг хавтгайруулбал хүний эрхийг зөрчөөд эхлэх болно. Тиймээс эрх хасах ялыг хэрхэн хэрэглэх талаар сайн нягтлаарай. Мөн нийтэд тустай ажил хийлгэх гэдгийг илүү тодруулах шаардлагатай.Чухам ямар ажил хийлгэх талаар хуулийн төсөлд тодорхой тусгах шаардлагатайг дурдсан. Гэрийн хорионд байлгах ялыг хэрэгжүүлэхэд хэдий хэрийн зардал гарах вэ.
Дэд ажлын хэсэг: Гэрийн хорионд байлгах ялыг эдлүүлэхэд шаардагдах программ хангамж, бусад хэрэгслийг авахад 1.7 тэрбум төгрөг, электрон гав буюу цахим бугуйвч авахад 2.7 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Бусад улсуудын жишгийг харахад гэрийн хорионд байгаа хүмүүсээр гарч буй зардлыг гаргуулдаг жишиг бий.
Д.Ганбат: Хар тамхитай холбоотой гэмт хэрэг, кибер гэмт хэрэг, олон нийтийн сүлжээтэй холбоотой гэмт хэргийн талаар яригдах болсон гээд эдгээр гэмт хэргүүдийн талаар төсөлд хэрхэн тусгасан бэ. Түүнчлэн их хэмжээний мөнгө завшаад хэдэн жилийн ял эдлээд гараад ирдэг. Ийм хүмүүсийн улсад учруулсан хохирлыг барагдуулах талаар тусгах нь зүйтэй.
Дэд ажлын хэсэг: Нийгмийн хөгжлийг даган гарч ирсэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой, кибер гэмт хэрэг гэх мэт хэргүүдийн талаар төсөлд тусгаж, нийт 45 шинэ төрлийн гэмт хэргийг хуульчилжээ. Түүнчлэн их хэмжээний мөнгөн хохирол учруулсан этгээд ял эдэлсэн ч хохирлыг нөхөн төлүүлэх бодлого хэвээрээ. Орсон орлогыг нь хураах, нуусан хөрөнгийг илрүүлэн хохирлыг барагдуулах нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудын ур чадвараас шалтгаалах асуудал юм.
Ц.Оюунбаатар: Татвараас зайлсхийсэн хүнийг гэрийн хорионд байлгах бус хорих нь үр дүнтэй хэмээгээд гэрийн хорионд байгаа хүн утсаар яриад бизнесээ хийгээд байдаг учир баривчлах ял илүү тохиромжтой. Хэрэглэгчдийг хохироож буй асуудлыг төсөлд тусгах ёстой хэмээгээд албан тушаалын гэмт хэргийг анхаарч оновчтой зүйлчлэх хэрэгтэй” гэсэн саналыг гаргасан байна.