О.Баасанхүү: Нийт цагдаагийн байгууллагынхан муу хүмүүс биш
“Монгол” HD телевизийн “Зочны цаг”-аар УИХ-ын гишүүн О.Баасанхүү уригдан оролцлоо.
- УИХ-ын гишүүн таны хувьд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг өөрийн биеэр уучлалт гуйвал өөрийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг буцаан авна гэсэн байдал яригдаад байгаа. Энэ асуудалд тодорхой, үнэн зөв мэдээллийг бидэнд өгөхгүй юу?
Манай сэтгүүлчид л буруу ойлгочихоод байгаа юм. Би уучлалт гуйвал гэж хэлсэн юм биш. Дотрох агуулгыг нь харах хэрэгтэй л дээ. Миний өргөн барьсан дөрвөн үндэслэл байгаа. Эдгээр дөрвөн үндэслэл хангагдвал гэж байгаа юм. Тэр дөрвөн үндэслэлийн дотор тухайлбал, MRI аппаратаа шинэ болго, эмнэлгийн байраа эвдэж устгаснаа болиод эмнэлгийн байр болго, дээр нь надаас биш цагдаагийн байгууллагаас /ард түмэн, цагдаа нарыг хоёр хуваагаад цагдаа нарыг доромжилсныхоо төлөө/ уучлалт гуй, ёс зүйн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөр гэсэн ийм л дөрвөн үндэслэл тавьсан. Энэ дөрвөн үндэслэлийг хангачихвал тэр хүнийг өргөн барих гэсэн ямар нэгэн шалтгаан алга гэж хэлсэн.
- Хууль зүйн сайдыг огцруулах тогтоолын төслийг та жил гаруйн өмнөөс бэлдсэн гэж байсан. Тэгэхээр Х.Тэмүүжин сайд анхнаасаа хууль зөрчиж байсан юм уу?
Нэгдүгээр сард MRI аппарат эвдэрч, эрүүгийн хэрэг үүссэн явдал.
Үгүй. Анх энэ хүнийг огцруулдаг юм уу гэсэн санаа жилийн өмнө гарсан юм. Бэлдсэн нь ерөнхийдөө жилийн дараа л бэлтгэгдэж дуусна шүү дээ. Нэг жилийн өмнө энэ хүн төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийг БХЯ-тай нийлүүлэхдээ төсвийн тухай хуулийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл төсвийг зөвхөн УИХ хөдөлгөх үүрэгтэй. Гэтэл Засгийн газрын 122-р тогтоол гаргасан. Дээрээс нь Ерөнхий сайд ҮХЦ-рүү долоон удаа дуудагдсан. Долоон удаа дуудагдахад хариуцлага үүрэх хүн олдоггүй. Энэ тухай Засгийн газрын тухай хуульд заахдаа “хуулийн зөвлөгөөг Хууль зүйн сайд нь Ерөнхий сайд, кабинетдаа өгнө” гэж байдаг.
Тэгэхээр хуулийн зөвлөгөөгөө зөв өгөөгүй учраас энэ алдаа гарсан. Та нар хэрвээ санаж байгаа бол Ерөнхий сайд “өө энэ чинь алдаа байна” гэж хэлээд шууд утгаараа нөгөө тогтоолоо хүчингүй болгоод байсан. Тийм учраас хэн нэгэн хариуцлага үүрэх ёстой гэсэн санаа байсан. Хамгийн гол нь нэгдүгээр сард MRI аппарат эвдэрч, эрүүгийн хэрэг үүссэн явдал байсан.
Энэ хүнийг сайдын суудалд нь удаан суулгавал хуулийн салбарт хохирол, гамшиг нь хэрээс хэтрэх дээрээ тулсан. Өөрөөр хэлбэл энэ хүний шинэчлэл гээд байгаа зүйлийн алдаа дутагдлыг жирийн иргэд, хуулийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс амсаад эхэлсэн. Тийм учраас нэн даруй энэ хүнийг сольё гэдэг утгаар тогтоолын төслөө өргөн бариад явж байна.