Буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурав
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2014.12.19

Буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурав

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх Монгол-Японы сургалтын эмнэлэг байгуулах төслийн нарийвчилсан төлөвлөгөө, зураг төсөв боловсруулах зорилгоор олгож буй 141 сая иенийн хэлэлцээрт Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Ивай нар өчигдөр гарын үсэг зурав.

Энэ төслийн хүрээнд Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт өнгөрсөн лхагва гаригт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такэнори Шимизү нар гарын үсэг зураад байсан юм.

Энэ үеэр Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын анагаахын салбарын чадварлаг боловсон хүчин бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилго бүхий анхны их сургуулийн эмнэлэг барих нарийвчилсан зураг төслийн санхүүжилтийг олгож байгаад талархал илэрхийлжээ. Түүнчлэн тэрбээр Элчин сайдад хандан Засгийн газрын шинэ бүтэц батлагдан зээл тусламжийн боддогыг Сангийн яам хариуцах болсон тул цаашид Монголын нийгэм, эдийн засагт хувь нэмэр оруулах олон төсөл хамтарч хэрэгжүүлнэ гэж итгэж буйгаа хэлсэн байна.