Хятадад ирээдүйн хүүхдийнхээ хүйсийг тодорхойлохыг хориглодог
Хятадын шинэ иргэд
2015.02.04

Хятадад ирээдүйн хүүхдийнхээ хүйсийг тодорхойлохыг хориглодог

Хятад улс хүн амынхаа өсөлтийг барьж төрөлтийг хянахын тулд “Нэг гэр бүл – нэг хүүхэд” бодлогыг 1979 оноос хэрэгжүүлж эхэлсэн.  Төлөвлөснөөр 2000 он гэхэд хүн амын тоо 1,2 тэрбумаас хэтрэх ёсгүй байлаа.Тавьсан зорилт үндсэндээ биелж тооцоолсон түвшин ердөө 42,5 сая хүнээр давав.  Гэвч ямар ч бүртгэлгүй, бичиг баримтгүй 30 сая хүн энэ тоонд багтаагүй. Төрөлтийг хязгаарлах бодлогоос болж өнөөдөр Хятадын хүн амын жендерийн харьцаа алдагдаж, хүн ам нь хөгширч эхлэв.

Хятад гэр бүлийн хувьд хүү төрөх нь сайн хэрэг. Ялангуяа хүн амын ихэнх хэсгийг бүрдүүлдэг тариачин гэр бүлд ажлын хүч маш чухал. 

"Нэг гэр бүл-нэг хүүхэд" бодлогын үр дүнд Хятад гэр бүлүүд ирээдүйн хүүхэд эрэгтэй байвал төрүүлж, эмэгтэй байвал үр хөндүүлдэг болов. Тиймээс эрх баригчид хүүхдийн хүйсийг тодорхойлох зорилгоор ЭХО аппарат ашиглахыг хориглосон ч эрүүл мэндийн салбарт хар зах зээл цэцэглэв. Сүүлийн 15 сард л гэхэд үр хөндөлт, хүйс тодорхойлолттой холбоотой 6833 зөрчил гарчээ.

Хятадад тоогоороо 100 мянгаас дээшгүй үндэсний цөөнхийн гэр бүлүүд хэдэн ч хүүхэдтэй байж болно.

 

Бээжинд болсон ихрүүдийн баяр. Ихэр хүүхэдтэй гэр бүл хоёр дахь хүүхдийн торгууль төлөх албагүй. 

Хуулиас зугтахын тулд олон хятад хос Хонконгод хүүхдээ төрүүлэхээр явдаг. Үүнийг “жирэмсэн аялал” гэж нэрлэдэг байна. Эрх баригчид жирэмсэн аялалтай тэмцэж Хонконг руу явах жирэмсэн эхчүүдийн тоонд хязгаар тавьжээ.  Хонконгийн иргэд ч бас Хятадаас олон жирэмсэх эхчүүд ирэхэд дургүй.

Гэр бүлд заавал хүү байх ёстой гэсэн хандлага эцэстээ жендерийн тэгш бус байдалд хүргэв. Эдүгээ эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 20 саяар давжээ. 2020 он гэхэд 24 сая болно. Эрх баригчид охин төрүүлэх талаас нь  төрөл бүрээр дэмжиж байгаа ч үр дүн харагдахгүй байна.

Жендерийн тэнцэл алдагдсанаар Хятадад ижил хүйстнүүд олшров. Зарим залуучууд эхнэр олдохгүй болохоор нэг нэгэнтэйгээ гэрлэх нь ихэсчээ. Хятадад 1997 онд ижил хүйстний гэрлэлтийг гэмт хэргийн жагсаалтаас хасч, харин 2001 онд сэтгэцийн өвчин биш гэж үзэх болжээ. Гэвч Хятадын ижил хүйстнүүдийн 80 хувь тохирох эмэгтэй олдох л юм бол шууд гэрлэнэ гэж боддог ажээ.

Нэг гэр бүл – нэг хүүхэд бодлогын өөр нэг үр дагавар нь “бяцхан хаад” юм. Чинээлэг гэр бүлүүд цорын ганц хүүхдээ хүссэнээр нь эрхлүүлдэг.  Энэ нь заримдаа гунигтай үр дүнд хүргэдэг. Тухайлбал энэ оны эхээр эрхээрээ хатсан 13 настай охин амиа хорлоно шүү гэж сүрдүүлсээр 4 сартай жирэмсэн ээжийгээ үр хөндүүлжээ.

Си Цзиньпин Хятадын төрийн эрхэнд гарснаар хүн амын бодлого зөөлрүүлэв.  Гэр бүлийн хоёр хүний аль нэг нь юмуу эсвэл хоёулаа айлын ганц хүүхэд байсан тэд хоёр хүүхэдтэй байж болно.

Гэхдээ хүн амын бодлого зөөлөрсөн ч мэдэгдэхүйц өсөлт гарсангүй. Хоёр хүүхэдтэй эрхтэй болсон 700 мянган хосын дөнгөж 25 хувь нь хоёр дахь хүүхдээ төрүүлэх хүсэлтээ илгээжээ.