Т.Одончимэг: Эдийн засгийн өршөөлд дэлгүүрийн эзэн, талх нарийн боовны цехийн хүн хамрагдахгүй
“Мишээл-Од-Аудит” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Одончимэг
2015.02.05

Т.Одончимэг: Эдийн засгийн өршөөлд дэлгүүрийн эзэн, талх нарийн боовны цехийн хүн хамрагдахгүй

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ ч утгаараа  "Хэлэлцүүлэг"  буландаа Нягтлан бодох бүртгэл болон Аудитын тогтолцооны шинэчлэлийн асуудлыг хөндлөө.Бид энэ удаад “Мишээл-Од-Аудит” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Одончимэгтэй ярилцлаа.

Тэрээр нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд тус салбарт 31 дэх жилдээ ажиллаж байгаа юм. Төв аймгийн нийтийн ахуйн үйлчилгээний салбараас ажлын гараагаа эхэлж, хронометражчин/хөдөлмөр цалин хөлсний зураг авч, цалингийн норм норматив тогтоодог/ ажлаас, хөдөлмөр цалин хөлсний эдийн засагч, материалын эдийн засагч, төлөвлөгөөний эдийн засагч, ахлах эдийн засагчаас ерөнхий нягтлан бодогч хүртэл ажиллажээ.

-Та хэзээ аудитор болсон бэ?

Би  2006 онд Улаанбаатарт орж ирээд, найзынхаа аудитын компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад, 2008 онд өөрийнхөө Мишээл-Од Аудит ХХК-ийг үүсгэн байгуулсан.

-Нягтлан бодогч, Аудитор байхын сайхан нь юу вэ, таны бахархал?

Би нягтлан бодогч гэдэг мэргэжлээрээ их бахархдаг. Миний ээж холбооны нягтлан бодогчоор олон жил ажилласан. Би ээжийгээ тооцоо хийхэд нь тооцооны машиныг нь гараараа эргүүлж өгч, сампинг нь цохиж өгдөг байлаа.

Гараа өвдтөл машиныг нь эргүүлнэ. Манай ээж унтуулахгүй шүү дээ. Уг нь би 10 дугаар ангиа төгсөөд Герман хэлний бэлтгэлд орно гэж бодож байсан ч нягтлан бодогч болсон. Хэдийгээр хамгийн цаг наргүй,  хүнд ажил ч гэлээ ажилдаа хайртай.

Нягтлан бодогч нар их өндөр үүрэг хүлээсэн хариуцлагатай ажил. Тухайн компанийн санхүүгийн үйл  ажиллагааны үр дүн нягтлан бодогчоос маш их  шалтгаалдаг.

Хэрвээ нягтлан бодогч сул, чадваргүй бол компани хэцүү байдалд ордог. Харин аудитор бол бүр илүү хариуцлагатай ажил. Би хийж байгаа тооцоо, зурж байгаа гарын үсэгнийхээ цаана асар том хариуцлагыг үүрдэг.

-Нягтлан бодогч хүний хувьд тогтолцоо, стандартыг илүү цааш нь хөгжүүлэхийн тулд яах ёстой гэж боддог вэ, яаж олон улсын стандартыг бүрэн нэвтрүүлэх вэ?

Аль ч оронд СТОУС-ыг  мөрддөг. Манай монгол ч мөн адил. Бидний хувьд ерөнхийд нь хэлбэрийн хувьд нэвтрүүлсэн. Гэхдээ бодит амьдрал дээр бүрэн нэвтрээгүй. Учир нь санхүүгийн тайлагналын олон улсын стандартын 2003 оны орчуулга муу хийгдсэн учир  хүмүүс уншаад сайн ойлгодоггүй.

Нэлээн сайн нягтлан бодогч их уншиж байж ойлгоно. Гэхдээ 2010,2011 оны орчуулгуудын  үг хэллэг овоо дээрдсэн мөн тайлбар  гарын авлагууд гарсан учраас  харьцангуй сайжирсан байгаа л даа. Гэхдээ л  манай  монгол улсад тохирсон үндэсний стандарт хэрэгтэй.  Энэ ажил одоогийн түвшинд хийгдэхгүй байгаа.

-Үндэсний стандартгүй яваад байх нь ямар сөрөг талтай вэ?

Мэдээж учир дутагдалтай. Монгол улсад гучин мянган нягтлан бодогчид байдгийн 3000 гаруй нь мэргэшсэн  нягтлан бодогч байдаг. Үлдсэн нь Мэргэшсэн НББ-ийн шалгалтад орж, эрх авч чадаагүй гэсэн үг. Энэ нь манай  санхүүгийн ажилтанууд мэдлэг боловсрол, чадвараа ахиулахыг хичээхгүй байгаатай  холбоотой.

Дээр нь манайд байгаа их дээд сургуулиудыг төгсөн гарч байгаа  санхүүгийн ажилтанууд  сургууль төгсөөд  ажлын талбар дээр ажиллахад  шаардлага хангадаггүй. Тэр хэмжээгээр байгууллагын  бүртгэл муу хөтлөгдөж, холбогдож гарах бизнесийн шийдвэр муу болохоос гадна  тухайн бизнес эрхлэгчийг татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн байгууллагын шалгалтад эрсдэл хүлээлгэдэг.

Нөгөө талаар манай ихэнх байгууллагууд  хоёр тайлан гаргадаг. Үүнийг цэгцлээгүй байхад СТОУС-ыг бүрэн мөрдөж байгаа гэж үзэхэд дутагдалтай. 2 тайлантай байгаа учир санхүүгийн тайлангийн үнэн зөв эсэхэд гадны хөрөнгө оруулагч нар  итгэдэггүй. Ингэж 2 тайлан гаргаад байгаагийн гол шалтгаан нь манай татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн  хуультай холбоотой байдаг. Үүнд.

1-рт.  Борлуулалтын орлогоос  10 хувийн НӨАТ-ыг  төлөх нь бизнес эрхлэгчид орлогоо нуух үндэслэл болдог. Нуусан орлоготой холбоотой зардлаа  дутуу тайлагнах шаардлага үүсдэг.

2-рт. Ажил олгогчоос төлж байгаа  10-12 хувийн  нийгмийн даатгалын шимтгэл  өндөр учраас бизнес эрхлэгчид ажиллагсдынхаа  цалингийн хэмжээг бууруулан тайлагнаж  байгаа нь санхүүгийн тайлан  худлаа  гаргаж байгаагаас гадна ажилчдад  бүр муу нөлөөтэй байдаг. Тэр хүний нийгмийн даатгалын санд хуримтлал үүсгэх, ирээдүйд тэтгэвэр тэтгэмж авах хувь хэмжээг нь  багасгадаг. 

СТОУС-д нийцсэн үндэсний стандартын хүрээнд  бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны эцсийн үр дүнг үнэн зөв, бодитой, оновчтой илэрхийлэх  боломж нөхцлийг хангасан   заавар, журамуудыг  боловсруулан мөрдөж, хяналтын механизмийг  сайжруулах  нь  Сангийн яамнаас гаргаж байгаа  заавар, журамууд нь  хэрэгжих баталгаа болно.

-Хуулийн шинэчлэлээр стандартын хороог байгуулах гэж байгаа?

Их хэрэгтэй. Нэгэнт бид олон улсын стандартыг нэвтрүүлэх юм бол Стандартын хороог байгуулж, батжуулах хэрэгтэй.  Өнөөгийн НББОУС-ын  орчуулгыг цөөн тооны мэргэжилтэн хийж байгаа, харин бүхэл бүтэн баг хороо ажиллаад ирвэл улам сайжирна. Түүнчлэн энэ ажилд мэргэжлийн ТББ-г оролцуулах хэрэгтэй.

Сүүлийн хэдэн жил санхүүгийн тайлан зөв гольдрилдоо орж байсан. Компаниуд аудит хийлгээд, бүртгэл тайлан тооцоогоо хянаж, шалгаад, зөвлөгөө өгөөд засаад нэгтгүүлдэг байсан. 

Гэтэл энэ жилээс цахимаар буюу онлайнаар тайланг авах тушаал гаргасан нь цаашид аудитын үйл ажиллагаанд хүндрэлтэй байдлыг үүсгэсэн. Компаниуд тайлангаа өгөхдөө онлайнаар шивээд, аудитаа ямар ч хамаагүй байгууллагыг сонгоод оруулчихаж болохоор байгаа юм.

Гэтэл цаана нь үнэхээр аудит хийлгэсэн эсэх нь тодорхойгүй. Тэд аудитаас ирж зөвлөгөө авахгүй, тайлан шалгагдахгүй байх нөхцөл үүсээд байгаа.

Тухайн тайлан буруу зөв байсан нь хамаагүй болчихсон. Уг нь санхүүгийн тайлан тушаах ажлыг хөнгөвчлөх санаатай боловч хуулиндаа өөрчлөлт оруулж байж, дагалдах журмаар зохицуулмаар санагдах юм. Уул нь НББ, аудит арай зөв гольдрилдоо ороод гайгүй хөлөө олоод явж эхлэж байсан юм.

-Өөр шинэ хуулинд ямар асуудал тулгарч байна вэ?

Шинэ хуулийн төсөлд  орсон хариуцлагын талаарх асуудлууд  маш ойлгомжгүй, үндэслэлгүй байгаа. Хэрвээ зөрчил гаргаад эрсдэл үүсвэл аудиторыг хөдөлмөрийн хөлсийг 5-50 дахин, аудитын компанийг аудит хийгээд олсон орлогыг нь 50-250 дахин өсгөж төлнө гэсэн хариуцлагын заалттай болохоор ярьж байгаа юм билээ. Энэ юу гэсэн үг вэ. Бүтэн жилд ийм орлогыг хэн ч  олохгүй. Амьдралд нийцсэн тоо тавих хэрэгтэй.

Дээрээс нь татварын итгэмжлэгдсэн байгуулагын эрхийг аваагүй бол татвартай холбоотой асуудлаар зөвлөгөө өгч, шалгаж болохгүй гэж байгаа юм. Ихэнхи компаниуд татварын асуудлаар л бид нарт ханддаг шүү дээ.

Татвараа хэрхэн зөв шийдэх вэ, санхүүгийн тайланд ямар дансанд яаж хөтлөх вэ, эрсдэл нь юу байна гэдгийг хэлж өгдөг. Бидний бүх зөвлөмж татвартай холбоотой. Гэтэл давхар эрх авахгүй бол  татварын зөвлөх үйлчилгээ үзүүлж болохгүй болчихоод байна.

-Дэлхийн банкнаас Монголд хийсэн судлагаагаар НББ болонАудитын тогтолцоог шинэчлэхийн тулд аудитын үйлчилгээ, татварын үйлчилгээг салгах ёстой зөвлөж байсан. Үүний дагуу олон улсын жишигт нийцүүлэх гэсэн юм биш үү?

Олон улсын жишигт нийцүүлэх нь зөв л дөө.  Гэхдээ өнөөдөр олон улсын жишгийг дагах нөхцөл боломж монгол улсад бага байна. Ядаж хоёр тайлан гаргуулдаггүй болж байж тэр тухай ярих нь зөв.  Олон улсын жишиг тогтолцоо нь бүрдэж чадаагүй байхад өндөр хөгжсөн оронд хэрэглэдэг зүйлийг монголын хөрсөнд буугаагүй байхад буулгах гээд зүтгээд байгаа нь нэг талаар  хэрэгжүүлэлтэд хүндрэл их учрах, буруу голдрилоор хэрэгжих аюултай байж мэдэх юм. Бид өнөөдөр НББ, аудитын халуун цэг дээр ажиллаж байгаа учраас ямар зовлон байдгийг бүгдийг мэднэ. Агаарын зүйл ярьж байгаа хүмүүс орчинд нь ажиллаж үзэх хэрэгтэй болов уу.

Өнөөдөр мэргэжилтэн бэлтгэж байгаа тогтолцоо нь муу. Дээрээс нь төрийн байгууллага нь зөв чиглүүлж чадахгүй байгаа санагддаг.

Гурван сая хүнээ бараг хогийн цэг дээр гаргаж хаячих гээд байна. Хогийн цэг дээр амьдарч буй хүүхдүүд ямар буруутай юм бэ. Төр засаг ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх талаар юу ч хийж чадахгүй байгаа мөртлөө  өөрсдийнхөө  хармайг түнтийлгээд л санаа зовох юмгүй амьдарч байна.

Төрийн түшээд  хогийн цэг, гэр хороолол, жижигхэн дэлгүүрээр орж үзсэн үү, бараг супермаркетаар ч орж үзээгүй  байх. Ийм л хэдэн агаарын нөхдүүд амьдралаас тасарчихсан бодлого шийдвэр гаргаад хууль батлаад суудаг.

Зарим нь бүр 3-4 удаа сонгогдчихсон. Тэд одоо болих хэрэгтэй. Гаргаж буй хуулиуд нь хоорондоо авцалдахгүй, өмнөх заалтыг нь хүчингүй болгоогүй байж  шинэ хууь санаачилж баталдаг.

Дээр  үед хуулийн чиглэлийн сургууль төгссөн, тухайн хууль боловсруулж байгаа салбарынхаа  талаар мэдлэг, чадвар өндөртэй, салбартаа олон жил ажилласан  туршлагатай хүмүүс хууль боловсруулахад оролцдог  байлаа.

Одоо бол  хэн хүссэн нь хууль санаачлаад л, ард түмнээс санал авсан нэр хэмээдэг ч, тэдний санал  тусгагддаггүй. 

Одоо  монгол орны  бага, дунд түвшний иргэдийн амьдрал маш хүнд байна. Монгол хүн монголдоо эзэн нь байж чадахгүй байна. Гэтэл гадны орнуудад  эсрэгээрээ. Ж: Би Дубайд аялалаар явсан юм л даа.

Тэгээд дэлгүүр хэсээд  ядраад, хөл өвдөөд бүр гишгэж, зогсож чадахгүй  таксинд суух гээд урт очерт зогсож  байлаа л даа. Тэр очерийн дараалалд бид мэтийн гадны  иргэд  зогсож байсан. Харин  араб хүн бол тэр урт дараалалд зогсохгүй  хоёр гурван эхнэрээ, хүүхдүүдтэйгээ дагуулаад дэлгүүрээс гарч ирээд шууд л  хамгийн эхний ирж буй таксинд  суугаад л яваад өгч байгаа юм.

Тэгээд болоогүй ээ тэр арабын худалдаж авсан тэрэг тэргээр дүүрэн бараа, хүүхдүүдийг нь очер зохицуулж байгаа   энэтхэг хүн  машинд ачиж өгөөд, бөхөлзөөд л  явуулж байгаа юм даа.  Тэгэхэд бид түүнийг хараад атаархаад л хоорондоо эх орондоо эзэн шиг байх ямар бахархалтай  байгааг  ярилцаж байлаа.

Тэнд амьдарч байгаа  нийт хүн амын 30 орчим хувь нь уугуул иргэд арабууд байдаг. Үлдсэн нь дандаа гадаадын хөрөнгө оруулагчид, цагаачид хамаг ажлыг нь хийдэг. Арабууд гэртээ суугаад  төрөөс мөнгө аваад, гадаадын хөрөнгө оруулалтай компанид хувь эзэмшдэг.  

Монгол  дөнгөж сая 3 сая хүнтэй болж байна.Тэдний бараг 60-70 хувь нь ядуу, өдөр хоног өнгөрөөсөн амьдралтай. Гэтэл манайх 1 хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд дээгүүр байранд явдаг.

Гэтэл манай оронд гадны хөрөнгө оруулагч  илүү эрхтэй байна. Гадны хөрөнгө оруулалтай компанид ажиллаж байгаа монгол ажилчин 400 мянган төгрөгийн цалинтай байхад, гаднаас орж ирсэн ямар ч мэдлэг боловсролгүй жирийн л ажилчин  хүн 1-2 сая төгрөгийн цалин авдаг.

Энэ талаар бид яриад л дээр дооргүй мэдэж байдаг . Гэтэл үүнийг зохицуулах хууль эрх зүйн асуудлыг манай төрийн түшээд гаргадаггүй.  Өнөөдрийн тогтолцоо ийм л байна.

-Манайх гадаадын хөрөнгө оруулагчийг дэмжих бодлого баримтална гээд хуулийг хүртэл тэдний эрх ашигт нийцүүлэн гаргаж байна. Гэтэл нөгөө хөрөнгө оруулагчийн ихэнх нь монголоос ашиг олоод л буцаад яваад өгдөг.

Ж: Гадаадын хөрөнгө оруулагч гэх нэг мөнгөтэй хятад, солонгос хүн  4 тэрбум төгрөг барьж орж ирээд нэг ядарсан монгол хүнээс газрыг нь маш бага үнээр худалдаад авчихдаг.

Тэгээд 100,0 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулаад жилийн дотор хятад загвартай орон сууц  бариад, монголын иргэдэд нугалж  зараад, 8 тэрбум төгрөг болгоод татварын шалгалт орохоос өмнө гараад явчихдаг. Манай татварын байгууллагууд хоёр жил тутамд нэг удаа л шалгадаг.

Энэ хооронд нь  овжин хөрөнгө оруулагч хоёр жил болохоос нь өмнө байшингаа барьж, мөнгөө олж аваад, ямар ч татвар төлөлгүй гараад явчихдаг. Компани нь эзэнгүй үлддэг. Татварынхан эзэнгүй компанийг шалгаж чаддаггүй.

Ийм жишээ маш их байна. Гэтэл монголынхоо татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ  тайлагнаад, төлөөд байгаа компаниудаа шалгаад л торгоод л байна.

Ер нь гадаадынхан  монголын хуулийг их завхруулдаг. Тэд эхэлж орж ирэхдээ татварыг төлнө  гэж байдаг.  Гэтэл  1-2 сарын дараа  бие биенээсээ  чимээ сонсоод  монгол татвар төлөхгүй байж болох цоорхойг ашигладаг.

Манай аудитын салбарт ч ийм үзэгдэл байсаар байна. 2013 оны санхүүгийн тайлангийн аудитын ажлын дүнг хэлэлцэж, ММНБИ-д бид цугларсан л даа. Тэгэхэд аудитын компаниудын жилд олж буй орлогын зөвхөн 20 орчим хувийг л  үндэсний буюу монголын аудитын компаниуд олдог.

Үлдсэн 80 хувийг гадны хөрөнгө оруулалттай 4-5 том  компаниуд олдог. Учир нь гадаадын хөрөнгө оруулалтай томоохон компаниудад үндэсний компаниуд орох эрх байдаггүй, бүр заримыг нь төрөөс хуульчлаад өгсөн байдаг. Ж: Бид 4-5 монголын компани нэгдээд консерциум байгуулаад Оюутолгойд ч юм уу орж болно шүү дээ.

Гэтэл ийм санал тавиад ч боломж байдаггүй. Нөгөө л олон улсад нэр хүнд бүхий компаниуд орох эрхтэй байдаг. Уул нь бол монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийг монголын хуулинд захируулж л явуулж байх ёстой. Монголынхоо хуулийг бид сайн мэднэ. Гэтэл гадны аудитын байгууллагын аудиторууд биднээс илүү сайн байна гэдэгт би л хувьдаа итгэдэггүй.

Тэд гадны хөрөнгө оруулагчийнхаа оруулсан хөрөнгийг л аудитлахаас, монголын газар шороо, эд баялагын хэдэн хувийг гадагш нь зөөж байгаа, оруулсан хөрөнгийн үнэ цэнэ, чанар зах зээлийн үнэ ханштай нийцэж байгаа эсэхэд анхаардаггүй. Гэтэл бид бол эх оронч сэтгэлгээгээр ажиллана шүү дээ.

Бас үндэсний аудитын компаниудын эдийн засаг, санхүү нэмэгдэж, томрох нөхцөл бүрдэнэ, мөн гадагшаа урсаад байгаа асар их мөнгө баялагын хагас, бага хэсэг нь монголдоо үлдэх юм даа.

Дээр нь санхүү, аудитын салбарт мөрдөх үндэсний стандартыг маш оновчтой боловсруулан мөрдүүлбэл бидний ажилд гарах ахиц, хяналт үр дүнтэй болох байх даа. Гол нь үүнийг боловсруулж байгаа хүмүүс л маш их туршлагатай, өндөр боловсролтой байх нь чухал даа.

-Ийм нөхцөл боломжийг хэн олгоод байна вэ?

Энэ нь манай төрийн хяналт муу байгаатай холбоотой. Солонгос, хятад нэг иргэн монголд   хэдэн ч компани  байгуулаад Х тайлан гаргаад л визээ сунгуулаад, мөнгөө угаагаад явдаг. Үүнийг төр хянадаггүй. Харин цагдаа нар  сайн ажиллаж, шалгалт хийдэг. Бид тэдэнтэй хамтарч шалгалт хийж байх үед тэд маш их мөнгийг угаасан байдаг.

Өчнөөн тэрбумаар нь арматур төмөр оруулж ирчихээд тайлагнахгүй. Байшин барьчихаад тайлагнахгүй байдаг. Татварын байгууллагад  асуудал тавиад ч  хянагдахгүй өнгөрдөг. Ер нь манай татвар, нийгмийн даатгалын байгууллага хяналтын механизмдаа эрс шинэчлэл хийх цаг нь болсон шүү дээ.

Хяналтаа  тайлагнаад, төлөөд байгааг нь биш огт төлөхгүй, тайлагнахгүй байгааг нь олж шалгадаг болбол төрд нилээд мөнгө хуримтлагдах байх даа.

Манай  Татварын хууль, Эрүүгийн хууль, Нийгмийн даатгалын хуулиуд маш муу, олон гарцтай  байдаг.  Энэ нь бизнес эрхлэгчдийг эрсдэлд оруулах,  хяналт шалгалтын байцаагчид  олз олох нөхцөлийг  бүрдүүлсэн заалтууд  их байдаг. Ийм учраас хууль хэрэгжихгүй байна.

-Одоо Эдийн засгийн өршөөлийн хуулийг хэлэлцэж байгаа. Та үүн дээр ямар саналтай байдаг вэ?

Татвараа шударга төлж байгаа бид нар л хохирно. Шалгуулаад төлөөд явж байгаа жижиг дунд, аж ахуй нэгжүүд хохирч, том аж ахуй нэгжүүд л завшдаг. Том аж ахуй нэгжийг томчууд, улс төрчид л байгуулж байгаа. Тэд өөрсдийнхөө эрсдлийг хамгаалахаар энэ хуулийг зүтгүүлж байна.

Түүнээс биш жижигхэн дэлгүүрийн эзэн, талх нарийн боовны цехийн хүн, оёдол хийгээд өдөржингөө тонгойгоод олсон орлогоосоо татвараа арай ядан илүүчлээд төлж байгаа оёдолчин хамрагдахгүй. Өмнө нь ийм л хууль гарч хэрэгжсэн, одоо энэ л давтагдах байх гэж эмзэглэж байна даа.

Жишээ нь НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхдээ төр өөрөө хяналтын механизмаа  сайн зохицуулаагүй  явснаас өнөөдөр хичнээн олон аж ахуйн нэгжид зөрчлүүд үүсч шүүх цагдаагийн байгууллагаар явж байна.

Өнөөдөр тулгалт хийгээд илрүүлээд байгаа зөрчлийг анх хуулийг хэрэгжүүлж эхлэхдээ л хийж эхлэх байсан, тэгсэн бол ийм зөрчил үүсэхгүй байсан гэтэл хичнээн жил хяналтгүй явсаар өнөөдөр гэнэт сэрсэн. Үүнээс болж хэсэг зальтай хүмүүс  завшиж мөнгөтэй болсон мөртлөө өнөөдөр өршөөлийн хуульд хамрагдаад л зүгээр өнгөрөх гэж байна.

Гэтэл шударга байсан нь юунд ч хамрагдахгүй. Иймэрхүү л шударга бус байдлыг төрийн түшээд өөгшүүлээд, зохион байгуулаад л сууж байгаа юм. Үүнийгээ ажил хийж байна гэж үзээд байгаа.

Манайд  санхүүгийн орчинд  эрүүлжих, бүртгэл тооцоо  сайжрах,  ард иргэдийн амьдрал дээшлэхэд дараах 3 хуулийн  заалтуудад өөрчлөлт оруулах явдал маш чухал санагддаг.  Манай аудитын  компаниуд  санхүүгийн тайлан гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдийн тайланг хянах яг  халуун цэг дээр нь  ажиллаж  байгаа учир, өдөр тутам  ийм асуудлуудтай тулгарч байдаг.

  1. Ажил олгогчийн төлж буй НДШимтгэлийн 11 хувь. Үүнийг бууруулах хэрэгтэй
  2. НӨАТ-ын 10 хувийг 1 хувь болгож  бүх ажил үйлчилгээнд  төлдөг, буцаан олголт гэж байхгүй болгох хэрэгтэй.
  3. Компанийн тухай хууль. Энэ хуулинд  гадны хөрөнгө оруулалттай компанийн хувцаа эзэмшигчдийн 25 доошгүй хувь нь монголын иргэн байна гэсэн  ганцхан  заалт оруулаад өгчихвөл нэг ч гэсэн монгол сайхан амьдрах боломж бүрдэнэ. Ялангуяа стратегийн ач холбогдолтой ордуудыг бүгдийг гадаадын иргэд 100,0 хувь эзэмшиж байна. Гадны нэг иргэнд  маш олон бараг 10-30 ш лиценз эзэмшээд явж байгаа жишээ олон байна. Гэтэл монголчууд тэдний зарцын үүргийг гүйцэтгэж байна. Дээрх 3 асуудалд анхаарвал санхүүгийн тайланг  буруу тайлагнадаг зөрчлүүд эрс багасна гэж би боддог доо.

 -Ярилцсанд баярлалаа.