Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлаар эвслийн бүлэг завсарлага авлаа
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.02.05/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцууллаа.
Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгуулахаар
- Монгол Улсын Ерөнхийлөгч 11;
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 13;
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 1;
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 5;
- Төрийн байгуулалтын байнгын хороо 6;
- Төсвийн байнгын хороо 8;
- Эдийн засгийн байнгын хороо 7;
- Хууль зүйн байнгын хороо 6;
- УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 35;
- Монгол Ардын намын бүлгээс 12;
- МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 25,
- Засгийн газраас 60 гаруй төсөл санал болгожээ.
- Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Ганбат, Х.Болорчулуун нараас 8 санал тусгайлан ирүүлсэн байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Болд, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар асуулт асууж тодруулав.
С.Бямбацогт
2009 оноос хойш олон жиол ярьж байгаа Бүс нутгийн хөнгөлөлтийн тухай хуулийг хэлэлцэхийг Байнгын хороо яагаад дэмжээгүй юм бэ?
Л.Болд
Зарим хууль их олон жил сунжираад байна. Тухайлбал Зайсангын асуудал байна. Хаусууд сүндэрлээл байдаг. Гэтэл нийслэлийн олон иргэдийн асуудал энд үлдээд байна. Үүнийг хэлэлцэх хуулийн төсөлд оруулж өгөөч. Мөн энэ тогтоолоор газрын харилцаатай холбоотой асуудлыг шийдэх үүргийг Засгийн газар өгөх заалт нэмж болох уу?
Байнгын хорооны дарга А.Бакей гишүүдийн асуултад хариулахдаа,
энэ оны 1 дүгээр сарын 20-нд хууль санаачлах эрх бүхий субьектүүд, намын бүлгүүдэд албан бичиг явуулсан. Гол нь өргөн мэдүүлэгдсэн төслүүдийг жагсаалтад оруулах зарчим барьсан. Тухайлахад, АН-ын бүлгээс хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар 35 төсөл ирүүлснээс 19 нь өргөн мэдүүлэгдсэн байна, үүнээс 6 төслийг жагсаалтад оруулсан. Харин МАН-ын бүлгийн 12 төслөөс 9 нь өргөн мэдүүлэгдсэн, үүнээс 5-ыг нь жагсаалтад оруулсан бол “Шударга ёс” эвслийн бүлэг 29 төсөл санал болгосноос 4 нь өргөн мэдүүлэгдсэн, үүнээс 2 төслийг жагсаалтад оруулсан.
УИХ-ын гишүүд, нам, эвслийн бүлгүүд, Ерөнхийлөгч, Засгийн газраас санал болгосон зарим хуулийн төслийг жагсаалтад нэмж оруулах зарчмын зөрүүтэй саналуудаар байнгын хороо санал хурааж шийдвэрлэсэн. Санал болгосон бүх төслийг жагсаалтад оруулах боломжгүй. Жагсаалтад ороогүй хуулийн төслүүдийн ач холбогдлыг харгалзан тухай бүрт нь даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд “Бусад” гэсэн ангилалд оруулж хэлэлцээд явах бололцоотой гэдгийг хэллээ.
Харин тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авах хүсэлтэй байгаагаа тус эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ илэрхийлсэн юм. Ингээд Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан “Шударга ёс” эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авсан тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.