Өөртэйгөө өнгөрөөсөн 8 цаг буюу аймшигт туршилт
Орчин үеийн хүмүүс ухаалаг техникгүйгээр амьдарч чадахаа байжээ
2015.02.06

Өөртэйгөө өнгөрөөсөн 8 цаг буюу аймшигт туршилт

Сэтгэл судлаач нэгэн туршилт явуулжээ. 12-18 насны хүүхдүүдэд гар утас, телевизор, радио, компьютер ашиглахгүй, хэн нэгэнтэй ярихгүй өөрөө өөртэйгээ найман цагийг өнгөрөөхийг санал болгов. Гэхдээ захиа бичих, ном унших, хөгжим тоглох, зурах, гар урлал хийх, дуулах, зугаалах зэргийг зөвшөөрөв.

Сэтгэл судлаач туршилтыг хийхдээ орчин үеийн хүүхдүүд хэтэрхий зугаацах болсноор хөгжиж чаддаггүй, дотоод ертөнцөө мэддэггүй гэсэн таамгаа батлах зорилго тавьжээ. Дүрмийн дагуу туршилтын маргааш хүүхдүүд ганцаар байхдаа юу мэдэрсэн тухайгаа ярих ёстой байлаа. Хэрэв сэтгэлийн гүн хямралд орвол тэр даруй туршилтанд орохоо зогсоож, цаг, шалтгааныг тэмдэглэж авахыг зөвлөв.

Угтаа энэ туршилт оролцогчдод муугаар нөлөөлж болохгүй мэт санагдана. Гэвч туршилт ямар ч аюулгүй гэж бодсон сэтгэл судлаач андуурчээ. Шоконд оруулахаар үр дүнг хэн ч хүлээж байсангүй.
68 оролцогчоос дөнгөж ГУРАВ нь буюу нэг охин, хоёр хөвгүүн туршилтыг давж гарчээ. Гурван хүүхдэд туршилтын явцад амиа хорлох бодол төржээ. Таван хүүхэд ямар нэгэн дайрлагад өртсөн юм шиг сандрав. 27 хүүхдийн бөөлжис хутгаж, хөлс нь чийхарч, толгой нь эргэж, халуурч, гэдэс нь өвдөж, толгойн үс хөдөлж буй юм шиг мэдрэмж төрсөн байна. Бараг оролцогч болгон айдас, гутралд автжээ.

Туршилт эхэлснээс хойш 2-3 цагийн дараа оролцогчид хэдийнэ нэг нэгнээ сонирхохоо больсон байна. 10 оролцогч ганцаардлаас болж гурван цагийн дараа туршилтаас татгалзжээ.
Туршилтыг давж чадсан охин ганцаараа байх найман цагт юу мэдэрснээ бичсэн тэмдэглэлийн дэвтрээ сэтгэл судлаачид авчирч өгчээ.

Туршилтын явцад хүүхдүүд юу хийж байсан бэ?
- Хоол хийж идсэн
- Ном уншсан, эсвэл уншихыг оролдсон
- Ямар нэгэн гэрийн даалгавар хийсэн ч энэ нь голдуу ганцаар байж арга тасарснаас үүдэлтэй.
- Цонх руу харж, эсвэл өрөөгөөр холхиж байсан
- Дэлгүүр явж, эсвэл цайны газар орсон. (Бусадтай ярих хориотой байсан ч зарим нь худалдагч, кассчинтай ярьж болно гэж бодсон)
- Үгийн сүлжээ бөглөсөн
- Усанд орсон
- Өрөө цэвэрлэсэн
- Төрсөн мэдрэмж, бодлоо цаасан дээр бичсэн
- Гитар, төгөлдөр хуур тоглосон
- Гурав нь шүлэг, өгүүллэг бичсэн
- Нэг хөвгүүн бараг таван цаг хотоор автобус, троллейбусаар зугаалсан
- Нэг охин хатгамал нэхсэн
- Нэг хөвгүүн парк орж гурван цаг тоглосны эцэст гэдэс нь өвдөж бөөлжсөн
- Бас нэг хөвгүүн хотын нэг захаас нөгөө зах хүртэл 25 км алхсан
- Нэг охин залбирсан

Бараг бүх оролцогч унтахыг оролдсон ч бүтэлгүй толгойд нь элдвийн хачин бодол эргэлдэж байв.
Туршилт дуусангуут 14 хүүхэд хамгийн түрүүнд facebook-рүү оров. 20 хүүхэд найзууд руугаа, гурав нь эцэг эх рүүгээ утасдаж, тав нь гэр лүүгээ буцжээ. Үлдсэн хүүхдүүд телевизор асааж, компьютер тоглоом тоглож эхлэв. Түүнээс гадна бараг бүх оролцогч хөгжим асааж, эсвэл чихэндээ чихэвч шургуулжээ.

Бүх айдас, өвчний шинж тэмдгүүд туршилт дууссаны дараа алга болов.
Бүх оролцогч туршилтын явцад төрсөн бодлуудаасаа айснаа ярьж байлаа. 51 оролцогч “хараат байдал”, “надад үргэлж ... хэрэгтэй”, “би ... гүйгээр амьдарч чадахгүйгээ ойлгосон” гэх мэт үгийг ашиглаж байв.

Харин туршилтыг амжилттай давсан хоёр хөвгүүний нэг нь найман цагийн турш усан онгоцны загвар нааж, завсарт нь хооллож, нохойгоо салхилуулж байв. Нөгөө хөвгүүн нь эхлээд өөрийн цуглуулгыг эмхэлж, харин дараа нь цэцэг суулгав. Тэр хоёрын алинд ч туршилтын явцад сөрөг мэдрэмж төрсөнгүй бөгөөд айдаст автаагүй байна.

Эцэст нь туршилтыг явуулсан сэтгэл судлаачид хүртэл туршилтын үр дүн айдас төрүүлэв. Түүнээс гадна туршилтад хүүхдүүд сайн дураараа оролцсон гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.