Ардчилсан хувьсгал дахь оюутнуудын оролцоог  эргэн дурслаа
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.03.03

Ардчилсан хувьсгал дахь оюутнуудын оролцоог эргэн дурслаа

УИХ-ын гишүүн Л.Болд, А.Бакей нар өчигдөр Хөдөө аж ахуйн их сургууль дээр багш, оюутнуудын урилгаар очиж Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан лекц уншиж харилцан ярилцлаа.

Ардчилсан хувьсгалыг удирдсан дөрвөн хүчний нэг нь тэр үеийн Монголын оюутны холбоо /МОХ/ байсан юм. Өдгөөгөөс 25 жилийн өмнөх энэ өдрүүдэд МОХ-ны онц IV бага хурал болсон бөгөөд уг хурлын ойг тохиолдуулан ХААИС дээрх арга хэмжээг зохион байгууллаа.

1989 оны өвөл Сүхбаатарын талбай дээр болсон цуглаанд 90 мянга орчим хүн оролцсон гэж үздэг. Тэдний дийлэнх нь оюутан залуус байсан гэхээр Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь яах аргагүй оюутнууд байсан гэж хэлж болно. Эх орны баруун хязгаарт Ховдын багшийн дээд сургуулийн оюутнууд анхны цуглаануудын нэгийг хийснээс эхлээд жагсаал цуглаан хийх, олон нийтийг уриалан дуудахад оюутнууд хэнээс ч илүү том хүч болж байсан юм. Тэр дундаа Хөдөө аж ахуйн их сургуулийнхан идэвхтэй оролцож байсан гэдэг.

Аливаа шинэчлэлийн хөдөлгөгч хүч нь залуучууд, тэр дундаа оюутнууд байдаг нь дэлхийн жишиг. Энэ л жишгээр олон оронд өрнөсөн тэмцлийн магнайд оюутнууд явж, зарим нь амь насаараа хохирсон байдаг.

Монголын оюутнууд ч ялгаагүй өөрчлөлт шинэчлэлийн төлөөх хөдөлгөөний гол баатрууд юм гэдгийг УИХ-ын гишүүн, тухайн үеийн Монголын Оюутны Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.Болд лекциин үеэр хэлж байлаа. Тэрээр “Монголын ардчиллын шинэ түрлэг” сэдэвт лекцдээ ардчилсан хувьсгалын гол ололт, бий болгосон үнэт зүйлсийг онцлохын зэрэгцээ тулгарч байгаа асуудал бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар ярив.

Түүний үзэж буйгаар Монголын ардчилал өнөөдөр зарим талаар үнэт зүйлс, ололт нь гажуудаж бодит аюулд өртөөд байгаа бөгөөд цаашид засч залруулах их зүйл байгаа төдийгүй ардчиллын хоёр дахь давалгаа болох эдийн засгийн хувьсгалыг нэн даруй хийх хэрэгтэй байгаа гэв. ХААИС- ийн зүгээс Ардчилсан хувьсгалын анхны шанг таталцаж явсан гэдгээ өнөө цагийн оюутан залуустаа таниулан мэдүүлэх үүднээс нэр бүхий гишүүдийг урьж Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан энэхүү лекцийг зохион байгуулснаа сургуулийн удирдлагууд онцолж байлаа.