Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар бүрэн хангалттай үнэлэгдлээ
Улаанбаатар хотын захирагч
2015.03.04

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар бүрэн хангалттай үнэлэгдлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүрийн эхээр есөн дүүрэг, харъяа байгууллага, агентлагуудынхаа өнгөрсөн жилийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, ажлыг нь шалгадаг. Таван бүлэг бүлэг, 31 шалгуур үзүүлэлт болон нийслэлийн Засаг даргын 2015 оны А/03 дугаар захирамжаар баталсан удирдамжийн дагуу долоон чиглэлээр шалгахад Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар “бүрэн хангалттай” үнэлэгдлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсний дагуу нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, “Бүрэн хангалттай" үнэлгээ авсан дүүрэг, харъяа агентлаг, төсөвт үйлдвэрийн газруудад “Батламж” бүхий шагнал гардуулсан.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бүрэн хангалттай үнэлгээ авч, шагнал гардсан удирдлагуудад баяр хүргэж, нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Эрүүл, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө улам хичээнгүйлэн ажиллахыг та бүхнээсээ хүсч байна. Та бидний хамтын хүчээр бүтээн байгуулалтын хурд өмнөх жилүүдийнхээс 2,5 дахин өсчээ. Үүнд ч иргэд сэтгэл хангалуун байгаа төдийгүй илүү их хурдтайгаар ажиллах итгэл, найдвар бидэнд тавьж байна.

Сайн зүйл олон байгаа ч дутагдал бас байна. Өнгөрсөн жилүүдийн хариуцлага, ажлын алдааг арилгахгүйгээр одоо ажиллаж байгаа цөөнгүй тохиолдол байгааг хатуу анхааруулмаар байна. Э.Бат-Үүл гэдэг хүнд зориулж, миний төлөө, миний гарын үсгийг авахын төлөө ажиллах хэрэггүй. Надад зориулж биш, намайг аргалах биш, өөрийнхөө хамгийн хайртай дотны хүн, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө ажиллаасай гэж та бүхнээс хүсч байна. Эрх мэдэлтэй байх үедээ гаргасан хүнд суртал эргээд танд ирдэгийг бүү мартаарай" гэж онцлон хэлсэн юм.