Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба АНУ-д ажлын айлчлал хийж байна
АНУ-д ажлын айлчлал хийж байна
2015.03.06

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба АНУ-д ажлын айлчлал хийж байна

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Эрүүл мэнд, спортын яамнаас хэрэгжүүлж байгаа "Эрүүл элэг" хөтөлбөрийн хүрээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор АНУ-ын Сан Франциско, Вашингтон хотуудад ажлын айлчлал хийж байна. Энэ удаагийн айлчлалаар Гиллеад, Абботт, БМС, Мерк, Айгер Био зэрэг дэлхийн шилдэг компаниудын удирдлагуудтай уулзаж "Эрүүл элэг" хөтөлбөрийн хүрээнд оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэд технологи болон вируст гепатитын эсрэг үйлчилгээтэй хамгийн сүүлийн үеийн эмчилгээг Монгол Улсын иргэдэд хүртээмжтэй, хөнгөлөлттэй үнээр хүргэх талаар хэлэлцэн тохиролцох юм.

Өчигдөр /2015.03.04/ АНУ-ын Сан Франциско, Вашингтон хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газарт Эмнэлгийн тоног төхөөрөмж , оношилгооны бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлдэг "Абботт лабораторис" компанийн төлөөлөл болох доктор Гэвин Клохерти, доктор Жон Хакэтт, нартай уулзсан байна.

Монгол Улсад Элэгний В С вирустэй иргэдийн вирусыг илрүүлэх, тоолох оношилгоог нэг удаа хийхэд иргэд 130-160 мянган төгрөг төлдөг. Гэтэл тухайн иргэн эмчилгээ эхлэхээс өмнө, эмчилгээний явцад, эмчилгээний дараа гээд хэд хэдэн удаа вирусээ тоолуулж эмчилгээний үр дүнгээ баталгаажуулах шаардлагатай байдаг. Өртөг өндөртэй оношлуурыг илүү хямдаар хүртээмжтэй байлгах нөхцлийг бүрдүүлэхээр Абботт компанийн төлөөлөлтэй хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.

Энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Элэгний В С вирусын асуудал манай улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болоод байгаа учраас бид өнөөдөр бодит үр дүнг гаргах ажилд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа” хэмээгээд элэгний өвчлөлийг цаг алдалгүй эмчлэх үүднээс Монгол Улс эмийн журмандаа өөрчлөлт оруулж эхний ээлжинд нэн шаардлагатай элэгний эмийг бүртээд байгаагаа танилцууллаа.

Элэгний өвчлөлийг бууруулахаар Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спорын яам цаашлаад мэргэжлийн байгууллагууд эмчилгээндээ гол анхаарлаа хандуулж байна. Оношилгоог бага өртгөөр өндөр технилогиор хүртээмжтэй хийх шаардлага байгаа энэ үед дэлхийд нэр хүнтэй байгууллагатай хамтран элэгний В С вирусыг оношилох эмчлэх цогц хөтөлбөрийг олон улсад жишиг болохуйцаар хэрэгжүүлэх зорилготой байгаагаа уламжиллаа.

Эмнэлгийн тоног төхөөрөмж, оношилгооны бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлдэг "Абботт Лабораторис" компанийн төлөөлөл ч мөн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллах боломжтой гэдгийг уулзалтын үеэр хэллээ.