Эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүллээ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр
2015.03.09

Эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүллээ

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас өчигдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийн эхчүүддээ хүндэтгэл үзүүллээ.

Уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдал, улс төрийн тэгш оролцоо, нийгэм эдийн засгийн тэгш эрхийн оролцоог хангахад тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнөсөн юм. Уг уулзалтад Чингэлтэй дүүргийн нийт 19 хорооны 400 орчим эмэгтэйчүүд оролцсон.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээгээр төрийн бодлого, үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эмэгтэйчүүдийн эрх ба нийгэм дэх оролцоо" сэдвээр зохион байгуулсан аж. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Манай дүүргийн иргэдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Тиймээс нийгэм дэх бүсгүйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эрхийг нь хамгаалах хэрэгтэй” гэж онцолж байсан юм.

Мөн “Эмэгтэйчүүдийн эрх ба нийгэм дэх оролцоо” сэдвээр “Гал голомт” төвийн тэргүүн, Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Д.Мөнхөө илтгэл тавилаа. Тэрээр “Эх хүн маш их хариуцлага үүрдэг. Эрчүүдээс дутахааргүй ажил хөдөлмөр эрхэлдэг эхчүүд ч байгаа. Гэвч нийгмийн ихэнх зүйлс эрэгтэйчүүд рүү чиглэсэн байдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах нь нэн чухал асуудал юм.

Эрт дээр үеэс монгол эмэгтэйчүүд зориг тэвчээр, алсын хараа, мэргэн ухаантай байсан. Бид маш олон хатдын түүхийг мэднэ. Монгол эмэгтэйчүүд маш их хувьтай хүмүүс. Учир нь бусад орны эмэгтэйчүүдийн эрх хязгаарлагдмал, эрэгтэй хүмүүсээс хараат байдалтай байна” гэдгийг хэлсэн юм. Мөн тэрээр одоогийн залуус гэр бүл болохдоо бие биенээ сайн таниагүйгээс салах тохиолдолд нийгэмд олон байгаа. Гэр бүлийг авч явах, хүүхэд өсгөх гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухаан.

Гэтэл эцэг, эхчүүд ажил ажил гэсээр байгаад гэр бүл хүүхэддээ тавих анхаарал муу байгаа тухай ярьсан юм. Түүнчлэн “Эд хөрөнгө харж гэрлэх, хуулиндаа хүртэл гэрлэсэн хосуудад мөнгө өгнө гэж заах нь маш буруу. Тэдэнд мөнгө биш ажлын байр гаргаж өгөх нь зүйтэй. Бэлэн юман дээр тэд амьдрал зохиож чадахгүй” гэдгийг нэмж хэлсэн юм.

Түүний дурдсан нэгэн тоо баримтад өмнө нь гэрлэсэн хүмүүст мөнгө өгдөггүй байхад жилд дунджаар 14-17 мянган гэр бүл гэрлэлтээ батлуулдаг байсан бол одоо жаран мянга гаруй болж нэмэгдсэн гэнэ. Мөн “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо" сэдвээр ИТХ-ын төлөөлөгч Ж.Чимэдцогзол нар илтгэл тавьсан. Үүний дараа дүүргээс эхчүүддээ зориулан дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн монголын язгуур урлагийн тоглолтыг толилуулсан юм.