Израйлийн Ерөнхий сайдын Обама, Конгресс хоёрын дунд хаясан яс
Иран, АНУ хоёр нөхөрлөөд эхэлвэл Израилийн хувьд тун таагүй зүйл болно
2015.03.10

Израйлийн Ерөнхий сайдын Обама, Конгресс хоёрын дунд хаясан яс

Энэ сарын эхээр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын төлөөлөгчдийн танхимийн дарга Жон Бейнерийн урилгаар Конгресст үг хэлсэн. Гэвч Бейнер энэ тухай Ерөнхийлөгч Обамад мэдэгдээгүй нь протокол зөрчсөн бүдүүлэг алдаа болов. Ингэснээр Нетаньяху Обамагийн толгой дээгүүр конгрессмен, сенаторуудад хандаж үг хэллээ. Түүний хийсэн хурц мэдэгдэл ямар үр дүнд хүргэх бол?

Иран бол Исламын улсаас ялгаагүй

Нетаньяху хэлсэн үгэндээ “Исламын улсыг ялахын зэрэгцээ Иранд цөмийн зэвсэгтэй болох боломжийг өгвөл энэ нь тулаанд ялсан ч дайнд ялагдахтай ижил болно” гэж мэдэгдэв. Ингэснээрээ тэр Ираныг Исламын улстай нэг эгнээнд аваачив. Иран бол Ирак, Сири, Йемен, Ливаныг хяналтандаа оруулсан Израйлийн хамгийн том дайсан. 

Израилийн ерөнхий сайд “to gobble” буюу “ямар нэг зүйлийг түргэн, чимээтэй гудрах” гэсэн утгатай үйл үг хэрэглэв.  Түүний хэлснээр Лалын ертөнцөд Исламын улс, Иран хоёрын аль нь ч ялсан адилхан барууны дайсан аж. 

Нетаньяху сенатор, конгрессменуудад дараах зүйлийг сургав. “АНУ, Ираны хийх гэрээ ямар ч үр дүнд хүргэхгүй.  Тегеран АНУ-тай сайн харилцаатай байхаас өөр аргагүй. Хэрэв Иран хэлэлцээрээс гарна гэж сүрдүүлвэл битгий ай.  Тегераны захын наймаачид л ингэж аашилдаг.  Хэлэлцээрээс гарсан ч эргээд ирнэ.  Хэрэв АНУ Иран болон түүний нөхдийг сайн шахаад өгвөл үгэнд орно” гэж хэлжээ. 

Ираныг цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс гарвал хориг арга хэмжээ авах тухай саналыг анх сенатор Кёрк, Менендес нар гаргаж байсан . Харин Иран цөмийн зэвсэг хийгээд  эхэлвэл цэргийн хүч хэрэглэнэ гэсэн санаа бол Ирак дахь АНУ-ын элчин сайд асан Жеймс Жеффрийнх юм.

Нетаньяху хэлсэн үгээрээ Бүгд найрамдах намын мэдэлд байгаа Конгресс, Ирантай сайн харилцаатай байхыг хүсч буй Ерөнхийлөгч хоёрын дунд яс хаяхыг зорьжээ. 

Нетаньяху муугүй илтгэгч гэдгээ харуулав. Түүний ярьж байх хооронд сонсогчид 35 удаа алга ташжээ. Гэвч олон суудал эзгүй байв. Обамагийн намын гишүүд Нетаньяхугийн яриаг сонсохыг хүссэнгүй.  Обама ч өөрөө ирсэнгүй. Түүгээр барахгүй дараа нь нэвтрүүлгийг нь ч үзээгүй.

Нетаньяху Обамагийн эсрэг

АНУ-ын Ерөнхийлөгч Израилийн ерөнхий сайдад дургүй гэдэг нь тодорхой болсон.  Тэдний байр суурь эсрэг тэсрэг. 

Обама Ардчилсан намд карьер хийхдээ Израилийг дайсан хэмээн үздэг тус намын зүүн жигүүрт нэгджээ. Сонгуульд ялсныхаа дараа тэр хэт үзэлтэй нөхдөөсөө нөхдөөсөө аажмаар холдсон. 

Ойрхи Дорнодын асуудалд зохицуулагч болох гэхээр Израилийн ерөнхийлөгч бухын хүзүү гаргаж зөрүүдэлдэг нь Обамад таалагддаггүй.  Үүнээс болж нэг бус удаа хэлэлцээ тасалдсан.  Обама хэд хэдэн удаа Нетаньяхуд дургүй гэдгээ илэрхийлсэн. Хоёр талын уулзалт хийж байх үед босч явсан. Зураг авахуулахдаа уриагүй.  Энэ удаа Обамагийн үндэсний аюулгүй байдал хариуцсан зөвлөх Сьюзен Райс “Нетаньяхугийн Вашингтонд хийсэн айлчлал АНУ, Израилийн харилцаанд гүн сэв суулгана” гэж шууд хэлжээ. 

Гэвч судлаачдын үзэж буйгаар  бодит байдал дээр энэ хоёр хүний зөрчилдөөн хоёр улсын харилцаанд нөлөөлж чадахгүй. Яагаад гэвэл улс орны хэрэг гэдэг хоёрхон хүнээс бус сая сая сонгогчдын санаа бодлоос хамаардаг.  Обама Нетаньяхуг тэвчиж чаддаггүй ч Конгрессийн эсрэг зогсож чадахгүй учир ямар нэг алхам хийх чадалгүй.  Нетаньяху ч Обамад хариу өгөхдөө сайн.  2010 онд тэр шинэ еврейн суурин барих болсноо нээлттэй мэдэгдсэн. Хоёр жилийн дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Обамагийн өрсөлдөгч Ромниг илт дэмжиж байв.