2015 оны хамгийн харласан эдийн засагтай орнууд
Bloomberg-ийн шинжээчид 2015 онд эдийн засаг нь хамгийн хүнд байх 15 орны жагсаалтыг гаргажээ.
Жагсаалтын эхэнд Венесуэл, Аргентин гэсэн Өмнөд Америкийн хоёр орон бичигджээ. Харин хойд хөрш ОХУ жагсаалтын дундуур оржээ.
Нобелийн шагналт эдийн засагч Милтон Фрийдман инфляци бол нийгмийг сүйрүүлэх чадалтай өвчин гэж хэлж байсан. Инфляци дээр ажилгүйдэл, их хэмжээний гадаад өрийг нэмвэл тун ч бүрхэг дүр зураг гарна. Bloomberg-ийн шинжээчид эдгээр гурван үзүүлэлтэд тулгуурлаж манай гаригийн хамгийн азгүй 15 эдийн засгийг тодорхойлсон байна.
Энэ жагсаалтын айргийн тавд Венесуэл, Аргентины араас ӨАБНУ, Украйн, Грек улсууд оржээ. Дараагийн азгүй 10 орны тоонд Испани, ОХУ, Хорвати, Турк, Португали, Итали, Колумби, Бразиль, Словаки, Индонези зэрэг орнууд багтжээ.
“Азгүйдлийн” индексийг азгүйдэл=ажилгүйдлийн түвшин+хэрэглээний үнийн өөрчлөлт гэсэн томъёоллоор гаргасан байна.
Венесуэлийн азгүйдлийн индекс хамгийн их утга буюу 80 гэсэн тоотой гарчээ. Харин Аргентиных 30. 15 дугаар байранд жагссан Индонези 13 гэсэн үзүүлэлттэй байна.
Азгүй орнуудын тоонд Европоос 8 улс орсон нь судлаачдын анхаарал татаж, евро бүсийн хямрал гүнзгийрчээ гэсэн дүгнэлт хийхээр байна. Өмнөд Америкаас 4 орон багтав.
Геополитикийн шалтгаанаас болоод ч тэрүү Bloomberg агентлаг Украйнд онцгой анхаарал хандуулав. Шинжээчдийн судалснаар 2015 онд Украйн дахь ажилгүйдэл 8,9 хувиас 9,5 хувь болтол өсч, инфляци 17,5 хувьд хүрэх аж. Гэвч өнгөрсөн онд хоёрдугаар байрт жагсаж байсныг бодвол байдал дээрдсэн гэж хэлж болохоор байна.
Хамгийн азгүй эхний гурван орон өнгөрсөн оныхоо байрнаас огт хөдөлсөнгүй. Венесуэлийн хэрэглээний үнийн индекс 78,5 хувьтай байгаа нь Украйнаас даруй 4 дахин их үзүүлэлт юм.
Хямрал гэгч өвчнөөр Европ өвчилсөн төдийгүй сүүлийн жилүүдэд өөрсдийгөө хэтэрхий рекламдаад байгаа БРИКС-ийн орнууд ч халдварлажээ. 2015 оны азгүйдлийн жагсаалтад ОХУ, Бразиль, ӨАБНУ гэсэн БРИКС-ийн гурван гишүүн оржээ.
Харин одоо 2015 оны хамгийн азтай эдийн засгийн жагсаалтыг харах үлдлээ.