Энэтхэг маягаар баяжихуй
Энэтхэгийн 32 настай баян эр Дата Фьюдж (Datta Phuge) эмэгтэйчүүдийн анхаарлыг татахын тулд алтан цамц оёулжээ.
2015.02.24

Энэтхэг маягаар баяжихуй

Өөрийн эцэс төгсгөлгүй амбицийг дэлхийн хамгийн өндөр барилга болгож харуулахыг хүсдэг баячууд Энэтхэгээс өөр оронд ховор болов уу. 2005 онд Арабын нэгдсэн Эмиратад амьдардаг Энэтхэгийн бизнесмен Бавагуту Рагурам Шетти 12,5 сая доллараар 828 метр өндөртэй Бурж-Халифа цамхагийн 100 дугаар давхрыг тэр чигээр нь худалдаж авч байсан.  Энэ цамхаг Нью-Йоркт байдаг Эмпайр-стейт-билдингээс даруй хоёр дахин өндөр.

12,5 сая доллар гэдэг дэлхий дээр амьдрагч ихэнх хүмүүсийн хувьд амьдралдаа хараагүй хэмжээний мөнгө.  Харин 71 настай Шаттигийн хувьд энэ нь жирийн нэгэн гэрээ.

Шетти нь улам бүр баяжсаар байгаа Энэтхэгийн баячуудын нэг юм. Хэдийгээр Энэтхэгийн хүн амын олонхи ядуу амьдардаг ч үлгэрийн юм шиг баян хүмүүсийн тоо өссөөр байна.

2014 оны судалгаанаас харахад Энэтхэг улс супер баячуудынхаа тоогоор 16-д жагсаж байна. 2013 онд Энэтхэгт 156 000 саятан амьдарч байсан бол 2018 он гэхэд 358 000 болж өсөх хандлагатай.

Баячуудын жагсаалт

Энэтхэгийн баячуудын олонхи нь үнэт цаас, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд баяжсан бизнесмен, үйлдвэрлэл эрхлэгч залуу баячууд байдаг. Wealthinsight судалгааны байгууллагын тооцоолсноор Энэтхэгийн баячуудын нийлсэн хөрөнгө 2018 он гэхэд 44 хувь хүртэл өсч, 2 их наяд доллар болох ажээ.

Энэтхэгийн баячууд мөнгө хураахаас гадна торгонд хөлбөрч, тосонд умбахыг жинхэнэ ёсоор нь харуулдаг.  Шетти л гэхэд «Роллс-Ройс» и «Майбах» гэх мэт тансаг машинуудын том цуглуулгатай.

Үл хөдлөх хөрөнгийн хуримтлал

Хэрэв дэлхийн дээд зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сайтар судлаад үзвэл Энэтхэг хөрөнгө оруулагчийн мөрөөр орно. Knight Frank үл хөдлөх хөрөнгийн агентлагийн судалгаагаар Энэтхэгийн хэт баячуудын хөрөнгийн 44 хувь нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлтэй холбоотой ажээ.

Дубай хотын газрын хэлтсийн бүртгэлээс харахад АНЭ-ийн архитектурын гайхамшгийн ихэнх нь Энэтхэг баячуудын мэдэлд байна. 

Мумбайн төмөр зам. Энэтхэг нь баян хоосны ялгааны хамгийн тод илрэл.

Харин Лондонд тэндхийн тансаг зэрэглэлийн орон сууцнуудын 25 хувьд энэтхэгчүүд амьдардаг. 2013 онд л гэхэд Энэтхэг баячууд Лондонгийн төвийн элит хороололд 221 объектыг 450 сая фунтаар худалдаж авсан байна. Тэд голдуу Мейфэрийн районд 1-20 сая долларын үнэтэй байшин худалдаж авдаг. Жил болгон Энэтхэгт зуны аагим халуун болоход 3000 энэтхэг гэр бүл Лондон дахь сэрүүн байшиндаа амьдрахаар явдаг.

АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд энэтхэгийн худалдан авагчид Канад, Хятад, Мексикчүүдийн дараа 4 дүгээрт ордог.

Times of India сонины судалж мэдсэнээр Энэтхэгийн зарим саятан, тэрбумтнууд хувийн арал худалдаж авдаг. Тэд голдуу далайн маршрутаас холхон газар, нам гүм арал дээр амьдрахыг хүсдэг.

Хувийн онгоц

Энэтхэгийн баячуудын өөртөө заавал байх ёстой гэж үздэг нэг зүйл бол хувийн онгоц. Frost & Sullivan зөвлөх компаний судалгаагаар хувийн онгоцны зах зээлийн 12 хувийг энэтхэгчүүд эзэлдэг. Хөнгөн онгоц 4,5 сая, хүнд онгоц нь 310 сая долларын үнэтэй.  Онгоц эзэмшигч баячуудын тоонд Мукеш, Анил Амбани, Виджай Малайа, Лакшми Миттал, Ратан Тата, Гаутам Сингханиа зэрэг хүмүүс ордог.

Канадын бизнес зэрэглэлийн онгоц үйлдвэрлэгч Bombardier фирм 2014-2033 онд нийт 1215 онгоцыг Энэтхэгт борлуулахаар төлөвлөөд байна.

Хувийн хөлөг онгоцууд

Тансаг зэрэглэлийн хөлөг онгоцнуудын зах зээл сүүлийн жилүүдэд Энэтхэгт 10 хувийн өсөлттэй байна.  Энэ секторт эргэлдэх мөнгөний хэмжээ 2015 онд 15 тэрбум долларт хүрнэ. Гэвч Энэтхэгт далайн аялалд зориулсан дэд бүтэц хөгжөөгүй учраас баян энэтхэгчүүд гадны боомтуудаас, ялангуяа Газар дундын тэнгисийн боомтуудаар үйлчлүүлдэг. Хувийн хөлөг онгоцоор тансагладаг энэтхэгчүүдийн олонхи нь 30-50 настай залуучууд. 

Амралтын өдрөөр хилийн чанадад

Энэтхэгийн баячууд гадагшаа аялах дуртай. Шеттигийн хувьд хэдийгээр маш завгүй ажилладаг ч амармаар санагдсан үедээ Швейцарь юмуу Австри луу алжаал тайлахаар явдаг. Жил ирэх тутам гадаадад амардаг Энэтхэгчүүдийн тоо өсч байна.  Энэтхэг баячууд мөнгөө яаж үрдгийг судалсан Kotak Wealth Management компаний илтгэлд бичсэнээр тэдний 50 хувь нь жилд гурван удаа гадаадад аялж, ойролцоогоор 40 000 доллар үрдэг.