Мьянмар: Цэргийн сахилгатай ардчилал
Фото: Khin Maung Win / AP
2015.02.12

Мьянмар: Цэргийн сахилгатай ардчилал

Саяхныг хүртэл Мьянмар нь цэргийн дэглэм ноёрхсон хаалттай орон байлаа. Харин сүүлийн хэдэн жилд ардчиллын салхи орж, 20 жилийн түүхэндээ анх удаа сонгууль хийж, улс төрийн гэмт хэрэгтнүүдийг сулласнаас хойш Мьянмар дэлхийн томоохон тоглогчдын анхааралд өртөв.  Цэргийн дэглэмийн үед цорын ганц түнш нь Хятад байсан бол барууны хоригийг цуцалсны дараа АНУ, Европын компаниудын Мьянмарын баялгийн төлөө тэмцэж эхэллээ. 

Мьянмар бол АСЕАН-ы томоохон гишүүн. Хуучин нэр нь бидний мэдэх Бирм. Хятадын эрх баригчид цэргийн дарангуйлагчидтай ах дүүгийн ёсоор биш цэвэр ашиг сонирхлын үүднээс найзалж байлаа. Мьянмар Хятадын хувьд энгийн нэг холбоотны хувиар биш, стратегийн чухал ач холбогдолтой. Тиймээс АНУ 21 дүгээр зууны эхний зорилтоо Хятадын сонирхлыг хазаарлах гэж тодорхойлжээ.

Хятадууд үүний эсрэг байдаг аргаа хэрэглэж одоохондоо Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг тогтоон барьж байна. Гэвч АНУ Хятадыг тойрсон Өмнөд Солонгос, Япон, Тайвань, Филиппин, Вьетнам зэрэг холбоотнуудаараа дамжуулж стратегийн бүслэлт хийхийг зорьж байна. Ингэснээр Хятадын Зүүн хязгаарыг таглаж далайн орон зайд гарах замыг нь хаана. Альфред Мэхений онолд үүнийг “аварга могойн тэврэлт” гэж нэрлэдэг. Дайн гарсан тохиолдолд Хятадын далайгаар дамжсан эрчим хүчний гол сувгууд руу довтолно. Өнөөдөр Хятадууд газрын тос, байгалийн хийн хэрэглээнийхээ 85 хувийг Ойрхи Дорнодоос Малаккийн хоолойгоор дамжуулан авдаг. 

Мьянмар

Америкийн санааг ойлгосон Хятадууд Оросоос эрчим хүчнийхээ зарим хэсгийг татаж, Европтой хуурай замаар худалдаа хийхийн тулд “Торгоны замын худалдаа бүс”-ийг байгуулж эхэллээ.  Гэвч Торгоны зам Дундад Азийн “найдваргүй” орнуудаар дамжих учир тун эрсдэлтэй.

Тэгэхээр Мьянмараар дамжуулан нөөцөө татах нь Бээжинд ашигтай, шууд замаар Энэтхэгийн далайд гарна. 2013 онд 12 тэрбум куб.м-ийн дамжуулах хүчин чадалтай хийн хоолойг барьсан. Энэ хоолойгоор Ойрхи Дорнодоос Мьянмарын эрэгт хүрэх байгалийн хийгээс гадна Мьянмарын нутаг дэвсгэр дээр Хятадын хөрөнгө оруулалтаар барьсан Швегийн ордоос гарах хийг ч бас тээвэрлэх аж.  Мөн 2015 оны эхэнд Хятадын CNPC компани нефтийн цооног байгуулжээ. Нефтийн агуулахын багтаамж 7,5 сая баррель. Төсөл баригдаж дууссаны дараа хоолойн дамжуулах чадвар 120 сая баррель буюу 22 сая тонн болох юм байна.

Обама, Аун Сан Сук Чжи хоёр

Дээрх төслүүд Ойрхи дорнодоос эрчим хүч тээвэрлэх замыг хэдэн мянган километрээр ойртуулаад зогсохгүй тээвэрлэлтийн явцыг аюулгүй болгож байгаа юм.  Түүгээр барахгүй Мьянмараар тээвэрлэлтийн сувгийг дамжуулах нь өмнө нь гадаад ертөнцөөс тасархай байсан мужуудыг хөгжүүлэх болно. 

АНУ Хятадын санаархлыг хазаарлаж эхлэв

Вашингтоныхан Хятадын санааг хэдийнэ ойлгож Мьянмарыг Хятадын нөлөөнөөс гаргахаар шийдэв. Хятадын бодлогоос залхсан цэргийн дарангуйлагчид Америкийн талд оров. 2008 онд Мьянмад шинэ Үндсэн хууль баталж улс орондоо “сахилга баттай ардчилал” тогтоов.  2010 онд олон зуун улс төрийн гэмт хэрэгтнүүдийг сулласны дотор Мьянмарын нэрт тэмцэгч Аун Сан Сук Чжи байлаа. Сонгуулийн үр дүнд цэргийнхний талын нам ялав. 2011 онд Ерөнхийлөгчийн сонгууль болж хуучин дарангуйлагч Тейн Сейн сонгогдож мөрдөсөө хүрмээр солилоо. Хариуд нь АНУ, ЕХ хоригоо цуцалж  2011 онд хагас зуун жилийн дараа анх удаа АНУ төрийн бичгийн дарга Хиллари Клинтон Мьянмарт айлчлав.  Дараа жил нь Барак Обама өөрөө айлчилж, 2014 онд дахин нэг удаа иржээ. 

Мьянмарын ерөнхийлөгч Тейн Сейн

Мьянмар Баруунд итгэдгээ харуулж Бээжингийн санаачилсан дэд бүтцийн төслүүдийг цуцлав.  Өнгөрсөн оны намар экологийн бохирдол, нийгэм дэх Хятадын эсрэг уур амьсгалтай холбоотой Мьянмарын ерөнхийлөгч Хятадын хөрөнгө оруулалттай төмөр зам, далан болон бусад объектуудын төслийг царцаав.  Гэхдээ энэ нь Мьянмар Хятадтай эдийн засгийн харилцаагаа тасалж байна гэсэн үг биш. Мьянмар Америк, Хятадын аль алинаас нь мөнгө авдаг.

АНУ-ын хувьд Мьянмартай тохиролцох нь Хятадыг “бүсэлж авахад” чухал ач холбогдолтой.  Мьянмарт ардчиллын салхи орсон нь Хятадын хувьд ялагдал байв. АНУ цаашдаа Мьянмаг ардчиллыг хөгжүүлсэн, “алдаагаа ухаарч” барууны үнэт зүйлсийг дахин сонгосон гуравдагч ертөнцийн үлгэр жишээ орон болгон харуулах зорилт тавьжээ.  Үүний эхлэл болгож Обама Мьянмарын ерөнхийлөгчийг Их 20-ийн уулзалтад хүртэл урьсан.  Гэвч Мьянмар улс энгийн замаар бүрэн ардчилалд шилжих эсэх нь эмзэг сэдэв.  Мьянмарын хуучин дарангуйлагчид ч гэсэн Муаммар Каддафийн хувь заяа нь яаж төгссөнийг мэдэж байгаа. 

Мьянмар нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа. Тэнд 50 сая хэрэглэгч бий.  Мьянмарын газрын хөрсөнд нефть, газ, зэс, цайр, алт, мөнгө, уран зэрэг арав гаруй төрлийн ашигт малтмал бий.  Гэвч Америкийн Мьянмар дахь хөрөнгө оруулалт дөнгөж 250 сая, харин Хятадынх 14 тэрбум. Мьянмар хэдийгээр ардчиллыг эхлүүлсэн ч цэргийнхний эрх мэдэл хүчтэй хэвээр. Хуулийн дагуу парламентын 25 хувь нь цэргийнхэн байх ёстой. Тиймээс 2012 онд Обама цэргийнхэнтэй холбоотой компаниудтай хамтарч ажиллахыг хориглосон. Харамсалтай нь ашигт малтмал олборлолтын олонхи хувьцаа цэргийнхний гарт байдаг.