Дайныг даяарчлахуй
Иракийн дайн
2015.02.08

Дайныг даяарчлахуй

Лалын улс бүлэглэл Иорданий нисгэгч Муаз аль-Касесбе (Muaz Kasesbe)- ийг зэрлэгээр хөнөөсөн. Хариуд нь Иорданий эрх баригчид Лалын улсын хоёр гишүүнийг цаазлав. 

Мэдээж алан хядагчид шийтгүүлэх хэрэгтэй. Гэхдээ зүгээр нэг цаазлах биш цаазын хариуд цаазалсан явдал нь айдас төрүүлж байна. Өөрөөр хэлбэл Иорданий хийсэн алхам Лалын улсын хийсэн алхмаас тэгтлээ ялгарахгүй байна гэж болно.

Цаазлагч талуудын нэг нь алан хядагч бүлэг, нөгөө нь бүхэл бүтэн улс гэдгийг анхаарах хэрэгтэй. Иорданий ард түмний уур хилэн, гашуудлыг ойлгож болох ч хуулийн дагуу биш, зөвхөн өшөө авах сэдлээр хоёр хүнийг цаазалсан нь болгоомжлох сэтгэгдэл төрж байна.

Аюулын харанга

Дээр дурьдсан явдал төр улс нь бүлэглэл болж, харин бүлэглэл нь төр улс болон хувирч байгаагийн тод жишээ юм. Өөрөөр хэлбэл төр улс, бүлэглэл хоёрын ялгаа улам бүдгэрч байна.

Иордани улс хуулийн дагуу ямар ч тодорхой алхам хийлгүй Лалын улсын хоёр гишүүнийг цаазалсан нь энэ оронд хүчирхийллийг хуульчилснаас ялгаагүй болж байна. Чухам энэ хандлага Арабын ертөнцийн аюулын харанга болоод байна.

Лалын улс гэдэг бол зүгээр нэг бүлэглэл биш, харин өөрийн үзэл санаатай хүчирхийллийн давалгаа юм. Иордани улс хэдийгээр Их Британий ивээл доорхи хаан засагтай улс ч гэсэн өш санасандаа хүн цаазалдаг улс байж таарахгүй.

Хэрэв бүхэл бүтэн улс гүрэн энгийн нэгэн бие хүний гаргадаг шиг үйлдэл хийгээд байвал эрх зүйт тогтолцооноос улам холдож, зүй зохистой байр сууринд зогсч чадахаа байж эмх замбараагүй байдалд хүрдэг. Хүчирхийлэл газар авсан Иракт л гэхэд төрт тогтолцоог дахин байгуулах боломжгүй болсон нь үүний нэг тод жишээ юм. Сири, Ливан ч бас үүнтэй адил. Израйлийн хувьд анхнаасаа төрт улсын замаар бус байгууллагын шинжтэй явж ирсэн.

Ойрхи Дорнодод Лалын улс хүчирхэгжиж байх хооронд Барууны орнуудад арьс өнгөний үзлийг тунхагласан байгууллагууд борооны дараах мөөг шиг олширч байна. Сүүлийн үед АНУ-ын арьс өнгөний үзэлтнүүд Европ руу цувж эхэллээ. Тэд очсон улс болгондоо хагарал үүсгэж, тухайн нийгэм уур хилэн, өшөө хорслын үүднээс шийдвэр гаргах болов. Энэ бол орчин үеийн ертөнцийн хамгийн том аюул гэж болно.

Бодлоос ургасан дайснууд 

АНУ 2001 оны есдүгээр сарын 11 ний үйл явдлын дараа хорсож уурласандаа дэлхийн нэг хэсгийг галдаж эхэлснээр олон зуун мянган хүний амь сүйдсэн.  Иордани, АНУ хоёрын үйлдэлд төстэй зүйл багагүй бий.  Хэдийгээр Аль-Кайдагийн эсрэг дайтсан гэх боловч Аль-Кайдагийн талаар ойлгомжгүй зүйл маш олон. Өнөөдөр Иордан ч бас ийм байдалд ороод байна.

АНУ-ын Ойрхи Дорнодод эхлүүлсэн энэ дайнд бодитой дайсан гэж байхгүй. Хүйтэн дайны үед хэн дайсан гэдэг нь маш тодорхой байсан бол энэ удаа чухам хэнтэй байлдаж байгаа нь ойлгомжгүй байна.

Эдүгээ олон улс нэг нэгэнтэйгээ бус төрөл бүрийн бүлэглэлтэй тэмцэлддэг болов. Улс бүлэглэл хоёрын дайн нь бүс нутгийн бус, харин дэлхий нийтийн шинжтэй болж байна. Тухайлбал Парисад төрсөн этгээд Афганистанд гэнэтхэн бөмбөг дэлбэлж, Хятадаас гаралтай хүн Сирид байлдаж явна. Эсвэл хаа холын Японы иргэдийг Сири, Иракийн нутаг дэвсгэр цаазалж байх жишээтэй. Өмнө нь тагнуулын албанд ажиллаж байсан хүмүүс өнөөдөр алан хядагч болоод тагнуулчдаа хөнөөж байна.