Үхэхгүй амьдрах байтугай, өвчлөхгүй амьдрах боломжоо бид алддаг
Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн захирал Б.Машбадрах
2015.03.13

Үхэхгүй амьдрах байтугай, өвчлөхгүй амьдрах боломжоо бид алддаг

БСШУ-ы яам боловсролын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасч биологи, биеийн тамирын хичээлтэй интеграцичлах туршилтыг 2014 оны 12 дугаар сараас 40 сургууль дээр эхлүүлсэн билээ. Энэ асуудал олон нийтийн дунд багагүй маргаан дэгдээгээд байна. Уг сэдвээр Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн захирал Б.Машбадрахтай ярилцлаа.  

- Эрүүл мэндийн хичээлийг сургалтаас хасч болно, болохгүй гэсэн маргаан өрнөх боллоо. Танай байгууллага үүний эсрэг байгаа. Хасч болохгүйн үндэс нь юу вэ?

Эрүүл мэндийн боловсрол гэдэг бол хүний өдөр тутмын амьдралд нь байнга байдаг үйл ажиллагаа. Физик, математик, одон орон зэрэг хичээлүүдтэй харьцуулахад хүнд насан туршид нь хэрэг болох зүйлийг эрүүл мэндийн боловсрол олгодог. Огторгуйд хоёр биет огтлолцох тухай ойлголт зөвхөн тэр мэргэжлийн юм уу эсвэл холбоотой мэргэжлийн хүмүүст л хэрэгтэй. Харин яаж эрүүл амьдрах тухай асуудал хүн болгонд хамаатай. 

Тиймээс эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасчихвал хүн амд амин чухал эрүүл мэндийн боловсрол олгох ажил доголдоно. Монгол байтугай өндөр хөгжилтэй орнууд эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй адилхан түвшинд заадаг. Эрүүл мэндийн боловсрол нь ч өндөр байдаг.

Манай улсад 1998 оноос эрүүл мэндийн боловсролын хичээлийг зааж эхэлсэн. Эхэндээ нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол, бэлгийн замын өвчнөөс өвчнөөс сэргийлэх тал дээр анхаарсан. Энэ нь цаашлаад цогц хөтөлбөр болж, сурах бичиг зохиож, мэргэшсэн багш нар бий болж нилээд цэгцэрсэн. Гэтэл өнөөдөр шинэчлэх нэрийн дор сургалтын хөтөлбөрөөс хасах гээд байна. Юмыг шинэчилж болно. Гэхдээ муутгаж биш, сайжруулж шинэчлэх хэрэгтэй болов уу?

Яамны хүмүүс эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй интеграци болгох учраас хичээл алга болохгүй гэсэн тайлбар өгч байгаа. Гэвч өөртөө нэгтгэнэ гээд байгаа биологийн хичээл, биеийн тамирын хичээл нь өөрөө маш том агуулгатай, судлагдахуун ихтэй. Тэгэхээр эрүүл мэндийн боловсрол тэр хичээлд өчүүхэн хувийг эзэлнэ гэсэн үг.

- Эрүүл мэндийн хичээлийг 17 жил ЕБС-иудад заасан ч дорвитой үр дүн гараагүй. Төрөл бүрийн тоо баримтаас харахад сурагчдын дунд өвчлөл өссөн үзүүлэлттэй гардаг. Үүний шалтгааныг та юу гэж бодож байна вэ?

Эрүүл мэндийн хичээлийн зөвхөн агуулгыг нь үнэлээд хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг үнэлээгүй. Түүнээс биш хэрэггүй хөтөлбөр гэж хэлж болохгүй. Харин сургалт чанаргүй явагддаг байсан нь үнэн. Сургуулийн удирдлагууд хэрэгтэй хичээл гэж хүлээж авдаггүй юм чинь багшаас яаж санаачлага гарах юм бэ? Дээр нь мэргэжлийн бус олон багш энэ хичээлийг заадаг байсан. Ялангуяа орон нутгаар яваад үзэхээр орос хэлний багш, захирлын туслах эрүүл мэндийн хичээл зааж байх жишээтэй.

Сургуулийн удирдлагууд хэрэгтэй хичээл гэж хүлээж авдаггүй юм чинь багшаас яаж санаачлага гарах юм бэ?

Мэдээж хүүхдийн өвчлөл ихэссэн нь олон шалтгаантай. Хүн амын өсөлт, амьдрах орчны аюулгүй байдалтай ч холбоотой. Гэхдээ хэрэв эрүүл мэндийн хичээлийг огт заадаггүй байсан бол байдал ямар байхыг бодох нь зүйтэй.

Эрүүл мэндийн хичээлийг заах нэг хэрэг, харин сурагч хүн мэдсэн зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлж дадал болгох нь бүр өөр хэрэг. Мэдлэгийг амьдралд шингээхэд нэгдүгээрт хугацаа, хоёрдугаарт орчин хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүд тамхи татаж болохгүй гэдэг мөртөө татуулахгүй байх орчин нь хаана байна? Хүүхдүүд захын дэлгүүрээс тамхи авч татаад, захын бааранд орж архи уугаад л явж байна.

Нөгөө талаар тэр хүүхдэд амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх гэр бүлийн орчин чухал. Хүн амын дунд хийсэн эрүүл мэндийг дээдлэх зан үйлийн судалгаагаар иргэдийн дунд эрүүл мэндийн боловсрол маш муу дүнтэй гарсан. 40 настай хүнд өөх, давс, сахарын хэрэглээгээ багасга гэж хэлээд барагтай өөрчлөгдөхгүй. Түүний оронд энэ бүхнийг хүүхэд байхаас нь төлөвшүүлэх ёстой.

Иргэдийн дунд эрүүл мэндийн боловсрол тааруу байгаагийн нэг илрэл нь таргалалт. Монголд хоёр хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй, гурван хүн тутмын нэг нь тарган. Тэр байтугай биеийн бялдаржуулалт хамгийн сайн байх ёстой цэрэг, цагдаагийн албан тушаалтнууд дунд ч таргалалт их байна. Таргалалтаас болж цус харвадаг, зүрхний шигдээс, хорт хавдар тусдаг.

Өсвөр насныхны жирэмслэлт, үр хөндөлтийн хувь /2005-2013 он/ Эх сурвалж: ikon.mn

Монголд зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар, замын ослоор нас барсан хүмүүс нийт барагсдын 80 гаруй хувийг эзэлдэг. Энэ юу гэсэн үг вэ? Бүгд буруу хооллолт, амьдралын буруу дадал хэвшил, хууль дүрэм мөрддөггүй байдлаас үүдэлтэй. Зохих түвшинд эрүүл мэндийн боловсрол эзэмшсэн хүн эдгээр өвчин эмгэгт өртөхгүй байх бүрэн боломжтой.

Үхэхгүй амьдрах байтугай, өвчлөхгүй амьдрах боломжоо бид алдаад байна. Хорт хавдрын өвчлөл, нас баралт өндөртэй, өвчин нь хожуу илэрдэг, эмчилгээний үр дүн муутай улсуудын тоонд Монгол толгой цохиж байна.

Энэ байдлыг засч, хүн амдаа эрүүл мэндийн боловсрол олгоход энэ хичээл маш чухал үүрэгтэй. Дунд сургуульд зайлшгүй олгох ёстой ерөнхий боловсролын нэг бол эрүүл мэндийн боловсрол.

- Биеийн тамирын багш, биологийн багш эрүүл мэндийг хичээлийг зохих түвшинд зааж чадах уу?

Сургах орчныг нь эхлээд харъя. Биеийн тамирын хичээл зааланд, эсвэл задгай талбайд ордог. Хурд хүч, хөдөлгөөн, уян хатан байдал гэсэн чиглэлээр сурагчдын бие бялдрыг хөгжүүлнэ. Арай өргөн мэдлэгтэй биеийн тамирын багш спортоор хичээллэх нь эрүүл мэндэд ямар тустайг тайлбарлаж өгнө. Түүнээс хэтрэхгүй.

Биологийн шинжлэх ухааны хувьд өөрөө агуулга өргөн, бусад хичээлийг багтаах боломжгүй. Эрүүл мэндийн хичээлийг хольчихвол нэг бол биологоо муутгана, нэг бол эрүүл мэндээ муутгана. Багш нар ч өөрсдөө ингэж ярьдаг.

Сурагчдын дунд явуулсан судалгаагаар тэдний 94 хувь нь эрүүл мэндийн хичээл сонирхолтой гэж хариулсан. Хичээл заадаг багш нар ч гэсэн сонирхолтой хичээл гэж үздэг. 

- Хэрэв эрүүл мэндийн хичээлийг хэвээр нь авч үлдвэл яаж сайжруулах хэрэгтэй вэ?

Багш нарыг чадваржуулж, сургалтын орчинг бэхжүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар эрүүл мэндийн хичээл нь бусад хичээл шиг үзүүлэн, таниулах материалгүй. Эрүүл мэндийн хичээлийн кабинет гэж ямар ч сургуульд байдаггүй. 

Сайжруулахдаа эхлээд асуудлаа үнэлж, хаанаа юу нь болохгүй байна гэдгээ гаргаж ирэх ёстой.  Тодорхой баримт, нотолгоо байхгүй бол хэн нь үнэн, хэн нь худал яриад байгаа нь мэдэгдэхгүй.

-Тэгвэл дэлхийн жишгээр эрүүл мэндийн боловсролыг яаж олгодог вэ?

Ердөө ерөнхий боловсролын сургуулиар. АНУ-д амьдардаг, зургадугаар ангид сурдаг монгол хүүхэд энд ирээд хүнсний бүтээгдэхүүн дээрх шошгыг уншаад надад таарахгүй юм байна гэж хэлэх жишээтэй.

Гэтэл манайд ийм гүнзгий мэдлэг байтугай наад захын эрүүл мэндийн мэдлэгийг хагас дутуу өгч байна.