А.Бакей: Ирэх сонгуулиар тойргийн тоо нэмэгдэнэ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.03.16

А.Бакей: Ирэх сонгуулиар тойргийн тоо нэмэгдэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-Хаврын чуулганаар Сонгуулийн хуулийг хэлэлцэж, батлахаар байгаа. Одоо хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, боловсруулах үйл явц ямар шатандаа байна вэ. Намууд зөвшилцөлд хүрсэн үү?

2013 оны хоёдугаар сад УИХ-ын даргын захирамжаар сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа ажилласан. Энэ хугацаанд ажлын хэсэг нийтдээ зургаан удаа хуралдсан. Холбогдох хүмүүс, улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллагуудаас нийтдээ 140 санал авч, нэтгэж ажилласан байна. Мөн таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Үүний үндсэн дээр Сонгуулийн хуулийн урьдчилсан хувилбар гарсан. Ажлын хэсэгт орсон гишүүд гол асуудлуудаараа санал нийлж байгаа. Мөн санал нийлээгүй буюу цаашид ярьж тохиролцох, зөвшилцөх асуудлууд ч үлдсэн.

Энэ хооронд ажлын хэсгийн ахлагч өөрчлөгдөж, Ж.Батзандан гишүүн болсон байгаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь хуучнаараа, ахлагч нь өөрчлөгдсөн. Тэгэхээр шинэ ахлагчтай ажлын хэсэг ирэх долоо хоногт анхны хуралдаанаа хийхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд сая дурьдсан зөвшилцөх шинжтэй, гол зарчмын асуудлуудаа ярих байх.

-Сонгуулийн хуулийн урьдчилсан хувилбар гэдгийг тодруулахгүй юу?

Сонгуулийн хуулийн төслөөр гурван сонгуулийг хамтад нь нэгтгэж оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохицуулна. Энэ дотроо ерөнхий ба тусгай анги хэсэгтэй гэсэн үг. Ерөнхий ангид нь бүх шатны сонгуульд нийтлэг хамаарах асуудлыг зохицуулна.

Тухайлбал, сонгуулийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, сонгуулийн байгууллага, сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгуулийн сурталчилгаа, маргаан хянаж шийдвэрлэх асуудлууд бол аль ч сонгуульд ялгаа байхгүй.Тийм учраас нийтлэг байдлаар зохицуулна. Харин тусгай зохицуулалтын хувьд дээр дурьдагдсан гурван сонгуульд өөр өөрсдийн тусгайлсан хэм хэмжээг зохицуулахаар тусгасан байгаа.

Түүнчлэн УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуулийг хамтад нь нэг өдөр зохион байгуулах нь зүтэй гэж үзэж байгаа. Энэ нь зардал хэмнэх талаасаа ач холбогдолтой. Мөн хамгийн гол нь жил дараалж, дандаа сонгууль ярьдаг, сонгууль дагасан улстөржилтийг багасгахад ач холбогдолтой. 

-Холимог тогтолцоогоор явуулахдаа пропорцианаль жагсаалтаар сонгогдох болон мажоритараар тойрогт нэр дэвшиж сонгогдох гишүүдийн тоон дээр намууд зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэж байсан?

Энэ тал дээр улс төрийн намууд, тэр дундаа УИХ-д суудал бүхий намуудтай зайлшгүй зөвшилцөх шаардлагатай. Сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдэг асуудал нээлттэй үлдэж байгаа. Холимог систем байх уу, холимог байвал дотроо ямар хэмжээ, харьцаатай байх вэ. Мажоритар систем байх уу, эсвэл пропорцианаль байх уу гэдгийг цаашдаа зөвшилцөх ёстой. Энэ асуудлаар намуудын байр суурь харилцан адилгүй байна.

-Жагсаалтаар болон тойрогт сонгогдох гишүүдийн харьцаа хамгийн чухал асуудал байх. Энэ тал дээр тохиролцоонд хүрч чадаагүй байгаа үед ирэх хаврын чуулганаар хуулийн төслийг батлах нөхцөл, бололцоо байна уу?

Төрийн ажлыг зөв гольдролд оруулж, төлөвшүүлэх нь Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиасаа шалтгаалж байгаа. Энэ хоёр маань зөв гарвал дараа дараагийн удаад төрийг төлөвшүүлэх үйл явц сайжирна. Тийм учраас хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ хоёр хууль хоёулаа орсон. Хоёулангийнх нь ажлын хэсэг ажиллаж байгаа учраас зарчмын шинжтэй том асуудлаар хоорондоо зөвшилцөж чадвал энэ хуулиуд батлагдах магадлал өндөр байгаа.

Шийдлийн Засгийн газрыг байгуулахдаа УИХ-д суудал бүхий бүх намуудын төлөөлөл орсон. Ингэхдээ саяны том хуулиудыг хэлэлцэж, улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс баталж, гаргах нь зүйтэй гэсэн байгаа. Тийм учраас зөвшилцөж чадах байх гэж бодож байна. 

-Нэг тойрогт нэг мандат гэсэн хувилбар дээр намууд санал нэгтэй байгаа юм уу?

Тийм. Сонгуулийн мажоритар тойргийг нэг мандаттай байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Томсгосон нэг тойрог байхаар нэг намаас нэр дэвшигчид хоорондоо ил, далд янз бүрийн байдлаар өрсөлддөг.

Энэ нь эргээд намын эв нэгдэлд сөргөөр нөлөөлж байгаа. Намын төлөвшилд ч бас сөргөөр нөлөөлж байгаа учраас нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөхгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Тэгэхээр ирэх сонгуулиар тойргийн тоо нэмэгдэх нь?

 Тойргийн тоо нэмэгдэх байх.

-Пропорцианаль, мажоритарын хосолсон холимог системээс ухарч, бүр хуучны 76 жижиг тойрог гэсэн тогтолцоо руу орох гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү. Иймэрхүү зүйл яригдсан уу?

Холимог систем, пропорцианаль, мажоритар системийн аль аль нь өөрийн гэсэн давуу болон сул талтай. Мэдээж холимог систем ямар нэгэн хэмжээгээр пропорцианаль системийн элэментийг агуулж байгаа учраас үүний давуу тал ч бий. Сул тал ч бас бий. Тэгэхээр миний бодлоор холимог систем буюу 2012 оны сонгуулийн систем хэвээр хадгалагдах байх.

-Сонгуулийн хуулиас гадна Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль анхаарал татаж байгаа. Энэ талаар товч дурьдах уу?

Улс төрийн намын санхүүжилтийг дотор нь гурав хувааж авч үзэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, улс төрийн намын үйл ажиллагааны зардлын санхүүжилт. Хоёрдугаарт, улс төрийн намын бодлогын санхүүжилт. Гуравдугаарт, улс төрийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилт. Аль ч тохиолдолд эдгээр санхүүжилтийг гаргах эх үүсвэр улс орон болгонд янз бүр байдаг. Жишээлбэл, намын гишүүдийн татвар хураамж, аж ахуйн нэгж, хуулийн этгээдйн хандив, хувь хүний хандив, төрийн дэмжлэг гэх зэрэг.

Эдгээрийг хослуулан хэрэглэдэг улсууд ч байна. Мөн зарим улсад заримыг нь хориглсон байдаг. Жишээлбэл, том аж ахуйн нэгж, компаниас хандив авахыг хязгаарлах ч юм уу. Манай улсын хувьд одоогоор төрийн санхүүжилт явагдаж байгаа. УИХ-д сонгогдсон гишүүдийн суудлын тоогоор, дээр нь сонгуульд нийт санал авсан тоогоор санхүүжилт өгдөг. Гэхдээ энэ санхүүжилтийн ил, тод байдал хангагдахгүй байгаа.

Тийм учраас төрөөс санхүүжиж байгаа нөхцөлд санхүүжилт маш ил, тод байх ёстой. Энэ талын санхүүжилтийг тодорхой болгох хэрэгтэй. Сонгуулийн хуулиар ч гэсэн ялгаа байхгүй. Аливаа сонгуулийг байж болох хамгийн бага зардлаар явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Тэгээд улс төрийн намуудын хувьд нэр дэвшигчдийн тэгш байдлыг хангах үүднээс зарим нийтлэг зардлуудыг төрөөс хувь хэмжээг нь тогтоож өгч, гаргаад, зарцуулалтад нь ил тод байдлыг хангах нь зүйтэй болов уу гэж урьдчилсан байдлаар ярьж байна.

-Ярилцсанд баярлалаа.