Ирэх чуулганаар амин чухал хууль, тогтоомжуудыг хэлэлцэнэ
Улсын Их Хурлын гишүүн, төрийн байгууллалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.03.20

Ирэх чуулганаар амин чухал хууль, тогтоомжуудыг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын гишүүн, төрийн байгууллалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-2014 оны намрын чуулган завсарлалаа. Намрын чуулганы хугацаанд УИХ-ын хийсэн ажилд ямар дүн тавьж байна?

УИХ-ын 2014 оны намрын чуулган нийт 99 өдөр хуралдаж, нийгэм, эдийн засаг, иргэдийн амьжиргаатай холбоотой олон хууль тогтоомжийг хэлэлцэн баталлаа. Мэдээж намрын чуулганы хугацаанд улс төрийн нөхцөл байдал амар байгаагүй. Сөрөг хүчний зүгээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хаших нь зохимжгүй ч гэдэг асуудал тавьж, залгуулаад Засгийн газраас бүтцийн өөрчлөлт хийх төслийг оруулж ирсэн.

Удалгүй Засгийн газрыг огцруулах, шинээр Засгийн газрыг эмхлэн байгуулах гээд зохион байгуулалтын асуудлуудад УИХ-ын анхаарал хандуулж, цаг хугацаа зарцуулсан. Гэхдээ УИХ-ын 2014 оны намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн жагсаалт 70 орчим хувьтай, мөн таван хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй олон хуулийн төслийг хэлэлцсэн.

Нөхцөл байдалтай холбоотойгоор Өрийн удирдлагын тухай хууль, Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоол зэрэг эдийн засгийн холбогдолтой чухал хууль, тогтоомжуудыг хэлэлцэж баталлаа. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Монгол хэлний тухай хууль, Соёлын тухай хууль гээд олон хууль тогтоолыг баталж, шинэчлэн, өөрчлөлт оруулсан.

-Намрын чуулганаар Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг батлахдаа, мөн төсвийн тодотгол хийхдээ зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт оруулсан гэж УИХ-ын гишүүд тодорхойлож байсан. Эцсийн дүндээ төсөв сайжирч чадсан уу?

Жилийн жилд Засгийн газар улсын төсвийн төслийг төлөвлөж, өргөн барихдаа хариуцлагагүй хандаж байсан тал бий. Тиймээс УИХ-аар хэлэлцэх явцад нэлээд өөрчлөлт ордог, үүнээс болж төсвийн тэнцэл өөрчлөгддөг. Үүнээс улбаалан орлого, зарлага, төсвийн алдагдлын тэнцэлийг хангахын тулд дахин ажил болдог. Энэ жил ч ийм байдал давтагдсан.

Ер нь Засгийн газар анхаасаа төсвийг маш хариуцлагатайгаар төлөвлөж, аймаг, орон нутаг, УИХ-ын гишүүдийн саналыг авч, хөрөнгө оруулалт хийх гэж буй тухайн обьектын эрэлт, хэрэгцээг тооцох зэргээр нарийн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр, орлого, зарлага, хөрөнгө оруулалтаа бодитой төлөвлөж УИХ-д оруулж ирсэн тохиолдолд тэр төсөл нэг их өөрчлөгдөхгүй, батлагдах боломж өндөр. Цаашдаа энэ байдалд анхаарах нь зүйтэй.

Улсын төсөв баталчихаад байхад тодотгол хийх гарцаагүй шаардлага үүссэн нь Хөгжлийн банкнаас хийх санхүүжилт, хөрөнгө оруулалт болон Хүний хөгжил сангийн асуудлыг төсөвт нэгтгэсэн явдал. Төсвөөс гадуурх хөрөнгийн урсгалыг төсөвт оруулж тусгаснаар ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын хувь хэмжээ, өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ зөвхөн төсвийн хүрээнд тооцогдох болсон. Энэ удаагийн төсвийн тодотгол үүгээрээ ихээхэн ач холбогдолтой.

Мөн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар халамжийн шинжтэй, тэвчиж болох зарим зардлуудыг багасагах бодлого баримталсан төсөл оруулж ирсэн. Харин УИХ зарим саналыг нь хүлээн авсан. Харин эдийн засгийн хүндрэлтэй ийм үед ард түмний амьжиргааг бодолцох үүднээс хүүхдийн мөнгө, эхчүүдийн мөнгийг цаашид хэвээр нь олгох ёстой гэдэг шийдвэр гаргасан.

-Мөн намрын чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан 40 хувь байх ёстой өрийн таазыг бодит байдалд нийцүүлнэ гэх шалтгаанаар 58.3 хувьд хүргэсэн. Харин үүний дараа Өрийн удирдлагын тухай хууль батлагдсан. Ингэснээр Монгол Улс нэмж зээл авах боломжтой болсон гэх хардлага үүссэн. Та ямар тайлбар хэлэх вэ?

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрэх ёсгүй гэдэг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Гэтэл төсвөөс гадуур зарцуулж байсан хөрөнгө, хөрөнгө оруулалтыг төсөвт оруулж тооцох болсноор ДНБ-д эзлэх өрийн хэмжээ 60 хувьд дөхсөн байсан. Нэгэнт бодит байдал ийм байгаа учир УИХ-ын гишүүд бодит байдалдаа нийцүүлэх нь зүйтэй гэж үзээд 58.3 хувь болгосон. Ингэхдээ ирэх гурван жилийн хугацаанд шат дараалан бууруулах байдлаар 40 хувьд хүргэх ёстой гэдгийг мөн тусгасан. Өрийн удирдлагын тухай хууль ч батлагдсан.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 1 дүгээр сарын 20-нд батлагдсан, харин Өрийн удирдлагын тухай хууль дараа нь батлагдсан шүү дээ?

Өрийн бүрэлдэхүүн хэсэгт чухам юуг оруулах вэ гэдэг нь чухал. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн өр зээлийг энэ бүрэлдэхүүнд оруулах уу гэдэг асуудал яригдсан. Монгол Улсын өрийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа ч өрийн тааз хэвээрээ. Энэ зохицуулалтай холбоотойгоор шинэ боломж гарч байгаа болов уу гэж бодож байна. Нарийн тооцоо Сангийн яаманд бий.

Ер нь бол өрийн таазыг дахиж нэмэх тухай ойлголт байхгүй. Харин өр, зээлийн удирдлага, менежментийг шинэ хуулийн дагуу боловсронгуй болгох замаар оновчтой удирдан зохион байгуулах, аажмаар бууруулах менежмент хийх юм.

-1.8 жилийн хугацаатай эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр батлагдлаа. Өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хөтөлбөр шиг үр дүнгүй байх вий гэдэг болгоомжлол олон нийтэд бий. Харин таны хувьд хэрхэн харж байна вэ?

Богино болон дунд хугацаанд хэрэгжүүлэх зорилтууд тусгагдсан. Дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрүүлжүүлэх, бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг тусгасан нь оновчтой болсон хэмээн үзэж байна. Мэдээж богино хугацаанд төсвийн үрэлгэн зарлагыг бууруулах, татвар, төсвийн орлогыг нэмэгдүүлэх менежментийн чиглэлтэй арга хэмжээнүүд тусгагдсан.

Энэ хөтөлбөрийн үр дүн Засгийн газрын үйл ажиллагаанаас шууд хамаарна. УИХ-аас баталсан шийдвэрийг бодит ажил хэрэг болгох үүднээс оновчтой шуурхай ажиллах юм бол тодорхой үр дүн гарна. Хандлага ерөнхий байгаад, үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэхгүй бол үр дүнтэй байх ямар ч бололцоогүй л дээ. Тийм учраас Засгийн газар санаачлагатай, хариуцлагатай ажиллаж, нөгөө талаас УИХ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ёстой.

-Үр дүнг урьдчилан тооцох боломжгүй гэсэн үг үү?

Эрт байна, гэхдээ хамгийн гол асуудал бол хөрөнгө оруулагчдыг татах асуудал. Энэ асуудал ч амаргүй, Оюутолгой, Тавантолгой гээд хоёр том төслөөс ихээхэн шалтгаалах гээд байна. Эдгээр төслийг хэр хурдан, оновчтой явуулахаас хамаарч гаднын хөрөнгө оруулагчдын хандлага өөрчлөгдөх гээд байна.

Мэдээж сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор улс төрийн орчин тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлалтай байх. Хэтэрхий улс төржөөд, популизм хийгээд байвал хэчнээн сайхан төлөвлөгөө гаргасан ч тэр нь ажил хэрэг болж бодит үр дүн гарахгүй. Тийм учраас УИХ-ын гишүүд, УИХ-д суудалтай нам, улс төрийн хүчнүүд өөрсдийн баталсан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

-Та намрын чуулганы хугацаанд ямар хуулиудын төсөл дээр ажиллаж, ямар ажлын хэсэгт багтаж ажилласан бэ?

Намрын чуулганы хугацаанд нэлээд олон ажлын хэсэгт ажилласан. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, “Монгол хэлний тухай хууль”-ийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан.

Мөн Сонгуулийн тухай хуулийн шинэчлэн найруулгыг бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, Улстөрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт ажилласан бөгөөд өөрийн зүгээс нэлээд идэвх санаачлагатай ажилласан гэж бодож байна. Эдгээр хуулийн төслүүдээс хоёр нь батлагдсан, харин үлдсэн хоёр нь хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Ажлын хэсэгт ороогүй бусад хуулийн төслийн хэлэлцүүлэгт ч гэсэн идэвхтэй оролцож, сонгогчдынхоо саналуудыг хуулийн төслүүдэд аль болох оновчтойгоор томьёолон оруулах тал дээр анхаарч ажилласан.

-Ямар хуулийн төслүүдэд сонгогчид хамгийн олон санал ирүүлсэн бэ?

Намрын чуулганы хугацаанд Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого болон Монгол хэлний тухай хуулийн төсөлд санал өгөх гэж олон сонгогч надад хандсан. Казак үндэстэн Монгол Улсад үндэсний цөөнх гэгддэг цор ганц ард түмэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 8.2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө” гэж заасан.

Энэ заалтын хэрэгжилтийг хангах тал дээр Монгол Улсын төр засаг олон жил ухаалаг бодлого баримталж, хэрэгжүүлж ирсэн. Шинэ хууль, тогтоол батлахдаа ч үүнийгээ тууштай үргэлжлүүлэх тал дээр анхаараач гэдэг санал олон ирсэн. Үүнийг нь зохих шатанд уламжилж, дээрх хоёр хуульд тус бүрт нь хоёр заалт оруулсан.

-Ирэх хавар энэ УИХ-ын зургаа дахь чуулган хуралдана. Бодлогын шинжтэй томоохон хуулиудыг батлах уу?

Нийгэм, эдийн засгийн амьдралд чухал нөлөөтэй шийдвэр гарах, хууль, тогтоомжууд хэлэлцэгдэх, батлагдах учраас хаврын чуулган бол чухал хариуцлагатай үе гэж ойлгож байна. Мөн УИХ-ын бүрэн эрхийн талаас илүү хугацаа өнгөрсөн үед Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон зориултуудыг шийдвэрлэх, дээр нь улс оронд тулгамдаад буй хүндрэлтэй нөхцөлд зөв шийдвэрлэхэд чиглэсэн олон асуудлыг бид шийдэх ёстой. Үүнтэй холбоотойгоор бүх байнгын хороо, хууль санаачлагч субьектүүдээс авсан саналын үндсэн дээр 33 хууль тогтоомжийг хэлэлцүүлэхээр төлөвлөж УИХ-ын тогтоол гаргасан байна. Энэ жагсаалтад улс орны амьдралд нэн чухал нөлөөтэй асуудлууд багтсан байгаа.

Жишээлбэл, “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэх мэт бодлогын шинжтэй том асуудлууд бий. Үүний зэрэгцээ Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл, Худалдааны тухай хуулийн төсөл, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл зэрэг эдийн засгийн чиглэлтэй хуулийн төслүүд багтсан.

Мөн төрийн албыг тогтвортой, оновчтой, үр ашигтай зохион байгуулахад чиглэгдсэн зарим хууль тогтоолууд бий. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дээр нь Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг хаврын чуулганаар батлах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Жагсаалтад ороогүй ч улс орны хөгжилд саад учруулж байгаа зарим асуудлыг эргэж харахтай холбоотойгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж бид үзэж байгаа.

-Улс орны төдийгүй ард иргэдийн амьдралд чухал олон хууль, тогтоолуудыг хаврын чуулганаар хэлэлцэнэ гэлээ. Тэгвэл эдгээр хууль, тогтоолын төсөлд саналаа тусгуулахын тулд иргэд хаана, хэнд хандах вэ?

Дээр дурдагдсан хуулийн төслүүдийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүд УИХ-д ажиллаж байна. Жишээлбэл, ойрын хугацаанд Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл болон Хяналтын тухай хуулийн төслүүдийн талаар иргэдтэй ярилцаж, саналыг нь авахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос зарим гишүүн орон нутагт томилолтоор ажиллах юм.

Зарим хуулийн төслийн эхний хувилбар бэлэн болчихсон бол зарим хуулийн төсөл боловсруулах шатандаа явж байна. Ажлын хэсгүүд хуулийн төсөлтэй холбоотой олон нийтээс санал авах ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран зохион байгуулдаг. Мөн цахимаар санал авах, дээр нь хуулийн төсөлд хамааралтайгаар тодорхой сэдэвчилсэн нээлттэй хэлэлцүүлэг явуулдаг. Энэ ажил завсарлагааны хугацаанд ч үргэлжилж байна, хаврын чуулганы эхээр ч явагдана. Мөн өөр олон арга хэлбэрээр иргэдийн саналыг авч, тусгах байдлаар байнгын хороод, УИХ, ажлын хэсгүүд ажиллах ёстой гэж бодож байна.