Төл бойжилт 98,7 хувьтай байна
Төл
2015.03.23

Төл бойжилт 98,7 хувьтай байна

Өнөөдрийн  байдлаар улсын хэмжээнд  нийт хээлтэгчийн 8.4 хувь буюу  1800.9 мянган эх мал төллөж,  1774.4 мянган төл буюу 4197 ботго, 4471 унага, 35.3 мянган тугал, 842.6 мянган хурга, 887.8 мянган ишиг хүлээн аваад байна. Төллөсөн эх малын тоог оны эхний хээлтэгчийн тоотой харьцуулахад Ховд аймаг 41.4 хувь, Сэлэнгэ аймаг 39.9 хувь, Баян-Өлгий аймаг 26.5 хувиар тэргүүлж байна. 

Одоогийн байдлаар нийт нутгийн 30-аад  хувь  цастай ч ерөнхийдөө   дулаавтар  байгаа  нь  мал төллөлтөд таатай байна.   Хэдий  тийм ч  говь талын нутгаар салхитай байгаа бөгөөд  энэ сарын 25-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Сэлэнгийн сав газраар, 26-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 27-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар цас орж зарим  газраар  түр  зуур  секундэд  16-18 метр хүрч  шороон  шуурга шуурах  төлөвтэй  байна.  

Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Цаг агаар дулаарч таатай байгаа ч гол, мөрний цөмрөлт, гэнэтийн салхи, шуурганаас сэрэмжтэй байхыг малчид, иргэддээ анхааруулж байна.