Хотжилтоос хөгжилд хүрэх зам бий
Хот сонгодог оршихуйн эхлэл. Хотын иргэнд нийтийн амьдралын хэв маягийг дагах хууль үйлчилнэ.
Энэхүү нийтлэлийг бичиглэгч би бээр “Хот сонгодог оршихуйн эхлэл” нийтлэлээ эрхэм уншигч танаа толилуулаад удаагүй байгаа билээ.
Төрөлх хотынхоо төлөө сэтгэл юугаа зориулан явдаг олон олон уншигчдаас урмын үг, амжилт, санаа сэтгэгдэл, зөвлөмж илгээн боломж байвал хот гэдэг их айлын тухай нийтлэлээ үргэлжлүүлэн бичихийг хүссэн юм. Тиймээс та бүхэндээ “Хот сонгодог оршихуйн эхлэл” нийтлэлийнхээ үргэлжлэл болгон хотын тогтолцоо, зэрэглэл, тэргүүлэх үүргийн тухай толилуулъя.
Сүүлийн жилүүдэд хэн хүнгүй л хотжилт ихээр явагдаж байна гэж ярьж, бичих болсон. Чухамдаа хотжилт гэдгийг сайн ойлгохгүй нэг хэсэг байхад хотжилтийг сайн муу гэж дүгнэн ярих өөр нэг хэсэг байна. Товчхондоо хотжилт гэдэг нь хотыг дагасан их нүүдэл, хүн амын төвлөрөл юм. Хотжилт нь эерэг сөрөг үр дагавартай.
Нийслэлд төлөвлөгдөөгүй хүн амын өсөлт болон хот руу чиглэсэн хурдацтай шилжилт хөдөлгөөн нь ажилгүйдэл, замын түгжрэл, агаарын бохирдол, байгаль орчны сөрөг нөлөө, гэр хорооллын тэлэлт зэрэг олон асуудлыг бий болгож байна.
Улаанбаатар хотын нийт хүн амын 60-аас илүү хувь нь цэвэр, бохир усны шугам, цахилгаан эрчим хүч, засмал зам, нийтийн тээвэр, эмнэлэг, сургууль, орон сууц, амралт зугаалгын газар гэх зэрэг орчин үеийн дэд бүтэц хөгжөөгүй гэр хорооллын бүсэд байгалийн гамшигт өртөх эрсдэлтэй газар амьдарч байна.
Хот суурин газар амьдрах иргэдийн сонголтыг хүндэтгэн, тэдний амьдрах орчинг бүрдүүлэх учиртай.
Мөн Улаанбаатар хот дахь төвлөрөл нь бусад хот, суурин газрын хөгжлийг зогсонги байдалд хүргэдэг. Иймд, хотжилтыг улс орон даяар жигд, тэнцвэртэйгээр хөгжүүлэх, Улаанбаатар хотын төвлөрөл, хэт их ачааллыг бууруулах арга хэмжээг бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.
Хотжилтын энэ байдалд бид өрөөсгөл байдлаар, сэтгэл хөөрлөөр, таамгаар хандаж, хотод тохиолдсон хүндрэл бэрхшээлийг засч залруулашгүй зүйл мэтээр ярьж, бичиж ирлээ. Түүгээр ч үл барам өөрсдийн буруу ойлголтод үндэслэсэн шийдвэр гаргах, төлөвлөлт хийх оролдлого үргэлжилсээр байна.
Энэ нь үнэхээр аюул дагуулах үйлдэл бөгөөд алдаагаа яаралтай залруулахгүй бол ирээдүйд гамшгийн хэмжээнд очих хор уршигтай юм. Учир иймээс, Монгол Улс дахь хотын асуудлыг, түүний улсын хөгжилд гүйцэтгэх үүргийн талаар шүүн хэлэлцэх тийм хэмжээнд нэгэнт тулж очоод байгааг онцлон тэмдэглэе.
Харин хотжилтыг сайн төлөвлөж чадвал улс орон бүхэлдээ үр ашгийг нь хүртэнэ. Хот, суурин газар нь хүний хөгжлийг дэмжих таатай нөхцлийг бүрдүүлж чадах боловсрол, инноваци, улс төр, технологийн дэвшил, нийгмийн үйлчилгээ болон санхүүгийн бүхий л нөхцлийг шийдвэрлэсэн цогц төв юм.
Орон нутгаас шилжин суурьшихаар ирэгсдийг төлөвлөсөн, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бэлтгэсэн суурьшилд байршуулах, тэднийг ажлын байраар бүрэн хангах асуудлыг Засгийн газар, хотын засаг захиргаа хамгийн түрүүнд шийдвэрлэх хэрэгтэй .
Хотын өсөлтийг удирдах нь өнөөгийн хамгийн гол асуудал мөн. Хотжилт нь ядуурлыг багасгах, жендерийн тэгш бус байдлыг зөөлрүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих боломжуудыг бий болгодог байна.
Өсөлтийг сааруулах /хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг бууруулах/ оролдлого амжилтанд хүргэхгүй, харин түүнийг тааламжтай чиглэлд хандуулах /зохицуулах/ бодлогыг хэрэгжүүлэх учиртай. Хот суурин газар амьдрах иргэдийн сонголтыг хүндэтгэн, тэдний амьдрах орчинг бүрдүүлэх учиртай.
Хотжилт нь хөгжилд хүргэх зам гэдгийг ойлгох нь чухал. “Хэт төвлөрөл” гэж хий хоосон яригчдад та нар буруу ярьж байна, хөгжлийн өнөөгийн
чиг хандлагыг ухаараач гэж зөвлөмөөр байна. Хамгийн энгийнээр бодсон ч төвлөрөл нь таруугаас давуу талтай шүү дээ. Энэхүү давуу талд эдийн засгийн, нийгмийн, байгаль орчны, хүн ам зүйн хүчин зүйлс орно.
Иймд хотын менежментийг сайжруулах нь хувь хүний асуудал бус, өнөөгийн нийгмийн бодит захиалга мөн
ХОТЫН ТОГТОЛЦОО:
Өнгөрсөн нийгмийн үед манай улсын нутаг дэвсгэрийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн хосолсон зарчмаар хувааж, засаг захиргаа нь аймаг, сум, баг болон хот, район, хороо гэсэн зохион байгуулалттай байсан юм.
1992 онд батлагдсан Шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр нь зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдах болж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн дотор хот, тосгон байршихаар хуульчлагдсан байдаг. Эрх зүйн шинэ орчинд нийцүүлэн, Монгол Улсад хотын тогтолцоо нь хот, тосгон, дагуул хотоос бүрдэнэ, хот нь бичил хот болон хорооллоос, бичил хот нь хорооллоос бүрдэнэ гэж үзэж болох юм.
Монгол Улсад хотын тогтолцоо ямар байх талаар одоо хэлэлцэгдэж буй нэгэн хувилбарыг уншигч танаа толилуулбал:
Хот нь хотын дотор байрших бичил хот, эсхүл хороололд, харин бичил хот нь хороололд хуваагдана. Харин хороолол нь хот, бичил хотын зохион байгуулалтын дотоод бүтэц байж болох талтай. Хотын тогтолцоонд дагуул хот онцгой байр суурь эзэлнэ. Учир нь, дагуул хот нь эдэлбэр газрын хувьд тусдаа байх боловч төв хоттойгоо засаг захиргаа, эдийн засаг, соёл, хүн ам зүйн болон нийтийн тээврийн нэгдмэл тогтолцоотой оршиж,нэг нэгнээ дэмжин хөгжих зүй тогтолтой ажээ.
ХОТЫН ЗЭРЭГЛЭЛ:
Улс орнууд хөгжлийнхөө чиг хандлага, хот байгуулалтын тухайн үеийн түвшин болон хэтийн төлөвийг үндэс болгон хотын зэрэглэлийг тодорхойлж, хот төлөвлөлт, байгуулалт, хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлдэг байна. Хотын зэрэглэл олон янз байх боловч хамгийн
өргөн дэлгэрсэн хувилбар нь дэлхийн хот, тухайн улсын нийслэл хот, орон нутгийн хот гэсэн зэрэглэл ажээ.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар хот нь улсын болон
Өнгөрсөн оны эцсээр Улаанбаатар хотыг улсын зэрэглэлд хамруулах яриа хүчтэй өрнөснийг уншигчид сайн санаж буй байх аа. Улсын нийслэлээр өргөмжлөгдөн, Үндсэн хуулиар зэрэглэл нь тогтоогдсон хотыг зэрэглэл бууруулж, улсын зэрэглэлд хамруулж болохгүй гэдгийг энэ ялдамд тэмдэглэе.аймгийн зэрэглэлтэй байхаар тогтоогдсон билээ. Хотын зэрэглэлийг тогтоох шалгуур үзүүлэлтэд оршин суугчдын тоо, хот бүрдүүлэгч салбаруудын хөгжлийн түвшин, улсын болон бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүргийг харгалзан эрх бүхий байгууллагын шийдвэрээр зэрэглэлийг тогтоон мөрдүүлж байна.
Хотын эрх зүйг шинэчлэхэд хотын зэрэглэлийг нийслэл хот, орон нутгийн хот хэмээх хоёр зэрэглэд оруулах нь манай орны онцлогт нийцэх төдийгүй олон улсын практикийг ч харгалзан үзсэн хэрэг болно.
Харин орон нутгийн зэрэглэлээ дотор нь тэргүүлэх зэрэглэлтэй хот, дэд зэрэглэлийн хот гэж ангилах нь зохимжтой юм. Орон нутгийн тэргүүлэх зэрэглэлийн хотод аймгийн төв, нийслэл дэх хот, дэд зэрэглэлийн хотод сум дахь хотыг хамруулж болно.
ХОТЫН ТЭРГҮҮЛЭХ ҮҮРЭГ:
Хот, бичил хот, дагуул хот нь нэгээс хоёр тэргүүлэх үүрэгтэй байхаар
орон зайн болон эдийн засгийн төлөвлөлт хийж, хэрэгжүүлэх нь эдийн засгийн үр өгөөж өндөртэй байдаг нь олон том хотын практикаар нэгэнт нотлогджээ.
Хэдэн жишээ дурьдвал, Улаанбаатар хот маань төр, инновацийн, Багануур нь эрчим хүчний үйлдвэрлэл, оюутны, Налайх нь барилгын материал үйлдвэрлэлийн гэх мэт тэргүүлэх үүрэг байх санал олон жил яригдсаар байгаа билээ.
Эцэст нь хот нь төлөвлөлтөөр байгуулагдах учиртайг бид бүгдээрээ мартаж болохгүй билээ.
СУДЛААЧ,ЭДИЙН ЗАСАГЧ Ц.САНДУЙ