Р.Бурмаа сайд хатагтай Т.Д.Валоваяг хүлээн авч уулзлаа
Хүнс, хөдөө аж ахуйн яам
2015.03.27

Р.Бурмаа сайд хатагтай Т.Д.Валоваяг хүлээн авч уулзлаа

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р. Бурмаа Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн гишүүн хатагтай Т.Д. Валовая-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хатагтай Т.Д. Валовая Монгол Улстай хамтран ажиллах Санамж бичиг байгуулах замаар хамтын ажиллагааг эхлүүлэх санал тавьсан ба ойрын хугацаанд Санамж бичгийн төслийг боловсруулан дипломат шугамаар хүргүүлэхээр болов.

Түүнчлэн хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүнийг Евразийн орнуудын зах зээлд экспортлоход тулгардаг мал эмнэлэг, хорио цээрийн асуудлаар  холбогдох байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтнуудыг хамарсан дугуй ширээний уулзалтыг  ХХААЯ-тай хамтран зохион байгуулах замаар хамтран шийдвэрлэх боломж бий.Ингэснээр Евразийн орнуудад Монголын мах, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй компаниудын тоо нэмэгдэх тухай тэрээр   онцоллоо.

Сайд Р.Бурмаа хатагтай Т.Д.Валовая-ийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, тарифын (тарифыг бууруулах, тэглэх  зэрэг асуудлууд орно) болон тарифын бус (тээврийн,  эрүүл ахуйн, мал-эрүүл ахуйн, ургамлын хорио цээр зэрэг орно)  хориг саадыг арилгах, Евразийн эдийн засгийн комиссын гишүүн орнуудаас техникийн баг илгээж Монголын мал нядалгаа, мах боловсруулах үйлдвэрүүдэд хянан баталгаа тогтмол хийлгүүлэх, Хянан баталгааны зөвлөмжийг хэрэгжүүлэх, махны экспортод тавих Евразийн эдийн засгийн комиссын стандарт шаардлагыг нутагшуулахад техник туслалцаа авах, Евразийн нутаг дэвсгэрээр Монголын бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг саадгүй дамжин өнгөрүүлэх  зэрэг  асуудалд   анхаарлаа  хандуулахыг  хүсэв   хэмээн  ХХААЯ-ны  хэвлэл  мэдээллийн  албанаас  мэдээллээ.