Хөшгийн хөндийд дэлхийн жишигт хүрсэн хот босох нь
2011.05.05

Хөшгийн хөндийд дэлхийн жишигт хүрсэн хот босох нь

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшгийн хөндийд Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барихаар болсон. Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл өчигдөр энэхүү төсөлтэй холбоотой хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Шадар сайд М.Энхболд, ЗТБХБЯ-ны дэд сайд Т.Пүрэвдорж болон зарим УИХ-ын гишүүд оролцов. Хэлэлцүүлгийн эхэнд Хөшгийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлын төслийн баг танилцуулга хийлээ. Хөшгийн хөндийд зөвхөн нисэх онгоцны буудал бариад зогсохгүй олон улсын жишигт нийцсэн хот байгуулах юм байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 28 тэрбум 807 сая япон иений хөнгөлөлттэй Зээлийн хэлэлцээрийг 2008 оны тавдугаар сарын 1-ний өдөр байгуулж гарын үсэг зурсан ба тухайн ондоо УИХ-аас соёрхон баталсан. Зээлийг эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай  нөхцөлийн   дагуу 40 жилийн хугацаатай авсан ба үүнээс эхний 10 жилд нь зээлийн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн хүүгийн хувьд жилийн 0,2 хувь, Зөвлөх үйлчилгээнд зарцуулах хөрөнгийн зээлийн хүү 0,01 хувь байхаар гэрээнд тусгагдсан талаар тэд хэлж байлаа.

 

Дэлхийн  жишгээс   харахад 88 орон шинэ онгоцны буудал барьж байжээ. Манайх 89 дэх нь болж байгаа юм байна. Бүгд онгоцны буудал дагаж хөгжсөн жишиг хот ч байгуулсан байна. Тиймээс томоохон орнуудын туршлагаас судалж энэхүү бүтээн байгуулалтыг хийж байгаа юм байна.Тэгээд ч өнөөгийн байдлаар "Чингис хаан" нисэх онгоцны буудал цагт 500 зорчигчид үйлчилдэг бол шинэ буудал нь эхний ээлжид цагт 1200 зорчигчид үйлчлэх бөгөөд өргөтгөлийн дараагаар 2400-2500, жилд хоёр сая гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай байх ажээ. Тиймээс олон улсын жишгээр шинэ нисэх онгоцны буудлыг дагаж дагуул хот хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарсан байна. Дагуул хотын барилгажилтын эхний ээлж 2015 онд эхлэх юм байна. Хотыг барьж байгуулах төслийн төсөв нь нийт 3,2 триллион ам.доллар юм байна. Хотод дан ганц барилга байгууламжаас гадна эрчим хүч гэх мэт дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэх боломжтой аж. Энэ бүх тооцоог гаргасан гэнэ. Дагуул хотод ойролцоогоор 100 мянга гаруй хүн амьдрах бололцоотой аж. Шинэ бүтээн байгуулалттай холбоотой олон ажлын байр гарах аж.

 

Нисэх буудалд л гэхэд 4800 ажлын байр гарах бол бусад салбарт 46 мянган хүн ажиллаж хөдөлмөрлөх боломжтой ажээ. Мөн 10 мянган багш ажилчинтай оюутны хотхон, 10 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, тамирчдын хотхон, 30 мянга орчим сурагч суралцах ерөнхий боловсролын сургууль, аж үйлдвэрийн парк барих аж. Шинэ нисэх буудал, хот Улаанбаатар хотоос 54 км-ын зайд байрлана.Тиймээс нийслэлтэй холбосон хурдны зам, төмөр зам, метро барих ажлыг ч хийх гэнэ. Энэ мэт зүйлсийг танилцуулсны дараа хэлэлцүүлэгт ирсэн албаны хүмүүс төслийн багийнхнаас шинэ хот, нисэх буудлыг цахилгаан, дулаанаар хэрхэн хангах, цэвэр усны асуудал, хурдны зам хэзээ дуусах, дутаж байгаа хөрөнгө оруулалтыг хаанаас хангах зэрэг асуудлаар асуулга асуусан юм. Шинэ онгоцны буудал, хотыг эхний ээлжид Налайхын дэд станц зэрэг хэд хэдэн дэд станцаас хангах юм байна. Нисэх буудалд 42 МВт, шинэ хотод 72 МВт цахилгаан шаардлагатай учир ийм байдлаар зохицуулах боломж байгаа аж.

 

Цаашид хот өргөжвөл 600 МВт-ын чадалтай цахилгаан станц барих шаардлага гарах гэнэ.Түүнээс гадна дулаан, цэвэр, бохир усны байгууламжийг шинэ нисэх буудал ашиглалтад орохоос өмнө барих шаардлагатай аж. Харин цэвэр усны асуудлаа эхний ээлжид Зуун мод голын цэвэр усны гурван худгаас хангахаар төлөвлөсөн байна. Харин цаашид хот байгуулагдаад ирэхээр Зуунмод, Бөхөгийн голоос цэвэр усаа хангах аж. Улаанбаатараас шинэ нисэх буудал хүртэлх 53 километр хурдны замын ажлын тендерийг ТӨХ аль хэдийнэ зарласан байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн байгууллага тендерт оролцох мэдүүлгээ өгчээ. Харин тендерийн шалгаруулалт зургадугаар сард болж гүйцэтгэгч компани тодрох гэнэ. Хоёр улсын гэрээнд зааснаар бол зам барих ажил 2013 он гэхэд дуусах ёстой гэдгийг төслийн  багийнхан хэлж байлаа.

 

Хэлэлцүүлгийн үеэр Шадар сайд М.Энхболдоос зарим зүйлийг тодруулсан юм.

-Хөшгийн хөндийн баригдах олон улсын нисэх онгоцны буудлын ажил хэзээ эхлэх вэ?

-ЗТБХБ-ын яамнаас Төв аймгийн Хөшгийн хөндийн баригдах нисэх онгоцны буудлын талаар танилцуулга хийж, УИХ-ны гишүүд болон албаны хүмүүсийн саналыг сонслоо. Энэ нисэх онгоцны буудал цаашид Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал асар том үүрэг гүйцэтгэх, бидний нүүр царайг дэлхий нийтэд харуулах татаасаа чухал ач холбогдолтой төсөл. 2006 оны гуравдугаар сард би Японы ерөнхий сайд Коизүмигийн урилгаар тус улсад айлчлахдаа Монгол Улсад олон улсын онгоцны буудал барих тухай саналаа хэлж ярилцсан. Улмаар тэр оны зургадугаар сард хүсэлтийн бичгээ явуулснаар энэ ажил эхэлж байлаа. Бид өнөөдөр нисэх онгоцны буудал барихаас гадна 100 мянган хүнтэй дагуул хот байгуулах, хотын цахилгаан, дулаанаас эхлээд бүхий л асуудлыг энд нэгтгэж ярьж байна. Ирэх 2012 оноос энэ ажил эхлэх боломжтой. Монгол Улсын Засгийн газар олон улсын гэрээнд заасны дагуу хөрөнгийн эх үүсвэрийг хариуцах ёстой. Хоёр талын гэрээнд энэ талаар тодорхой зааж өгсөн. Тиймээс бид ирэх оны төсөвт хөрөнгийн эх үүсвэрийг суулгах уу, ирэх онд Засгийн газрын үнэт цаас гаргаж хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх үү гэдгээ шийднэ. Ингэснээр 2016 он гэхэд нисэх буудлын анхны хэсэг ашиглалтад орох боломжтой. Ингэж чадвал 2016 оноос эхлэн Төв аймгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд маш том өөрчлөлт орно. Зөвхөн нисэх онгоцны буудал гэлтгүй хотод байгуулагдах бусад үйлдвэр үйлчилгээний газруудад 46 мянга гаруй байнгын ажлын байр бий болно гэсэн төлөвлөгөө гарсан. Нийслэлийн ачааллыг багасгах ч боломжтой.Тиймээс энэ төслийг хугацаанд нь хэрэгжүүлж дуусгахад Засгийн газар онцгой анхаарч ажиллах болно.

-Шинэ хотын харьяаллыг яаж тогтоох вэ?

-Энэ асуудлыг эцэслэн шийдээгүй байна. Үндсэн хууль, хот тосгодын тухай хуулийн дагуу бол нэг бол Улаанбаатар хот эсвэл Төв аймгийн харъяалалтай байх уу гэдгийг УИХ эцэслэн шийдвэрлэнэ.

-Нисэх онгоцны буудал, жишиг хот хэдэн онд бүрэн гүйцэд ашиглалтад орно гэж төлөвлөж байгаа вэ?

-Эхний ээлжид нисэх онгоцны буудал 2016 он гэхэд ашиглалтад орж эхэлнэ. Харин хот байгуулалтын асуудлыг бизнесийн зарчмаар явуулна. Орон сууц, барилга байгууламж барих ажлыг аж ахуй нэгж компаниудын идэвхтэй оролцооны үндсэн дээр шийднэ. Тиймээс тодорхой хугацаа хэлэх бодомжгүй байна. Харин дэд бүтэц, авто зам зэрэг хотын үндсэн байгууламжуудыг улсын төсвийн тодорхой хөрөнгө болон гадны зээл тусламжаар Засгийн газрын оролцтойгоор бүтнэ. Дээр нь барих барилга байгууламж бол цэвэр бизнесийн зарчмаар явах ёстой.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.