Хөгжлийн зүтгүүр хөдөлгүүрээ асаалаа
2011.04.25

Хөгжлийн зүтгүүр хөдөлгүүрээ асаалаа

-1100 км төмөр замын шавыг тавьсан өдрийг түүхэн гэж онцлов-

Удахгүй Таван толгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Тал булаг, Хөөт зэрэг нүүрсний болон зэс, вольфрам, цайр, жонш зэрэг ашигт малтмалын  томоохон  орд ээлж дараалан ашиглалтад орно. Уул уурхайн бүтээгдэхүүнийг зах зээлийн үнэд ойртуулахын тулд тээвэрлэлт хэмээх хамгийн гол том зардал дагуулсан асуудалтай ч нүүр тулах болж байна. Энэ бүхнийг шинээр тавих 1100 км төмөр замаар шийдэх болно гэдгийг онцлох нь тодорхой. Албаны хүмүүсийн хамтаар хэвлэл мэдээллийн сэтгүүлч, сурвалжлагчдын баг энэ сарын 21-нд Дорноговь аймгийг зорилоо. Монгол Улсын түүхэн бүтээн байгуулалт болох Хөгжлийн төмөр замын шав тавих ёслолд оролцохоор явсан нь энэ. Шинэ төмөр зам барьснаар одоогийн нийт ачаа эргэлтийн
хэмжээ 3.5 дахин нэмэгдэх, Зүүн болон говийн бүсүүд төмөр замаар холбогдож, хот суурин газар олноор бий болно гэсэн хар зураг улам тодорч байна. ОХУ-ын Алс Дорнодын боомтыг ашиглан уул уурхайн бүтээгдэхүүнээ Орост болон гуравдагч орнуудад экспортлох боломж шинэ төмөр замаар нээгдэнэ гэдгийг баяртайгаар дуулгая. Зам-Үүдийн чиглэлийн вагон оройн 20 цаг 30 минутад Улаанбаатараас хөдөлж, 04:00 цагт Аршандад ирлээ. Монгол Улс төмөр замтай болоод 70 гаруй жилийг үджээ. Олон улсын тээврийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий туршлагатай төмөр замын салбар болтлоо хөгжсөн ч замын уртаар хөгжлийг тодорхойлбол бараг л 70 жилийн туршид хөгжөөгүй гэлтэй. Анх тавьсан 1900 км зам тэлсэн ч үгүй. Харин одоо л 1100 км төмөр замаар уртсаж, холын тээвэрлэлтэд гарах нь.

Чойбалсангаас Даланзадгад хүртэлх 1100 км урт төмөр замын шавыг тавилаа

Говь нутаг шинэ өглөөтэй золгов. Өчигдөр бороо хур орсон тул агаар гэж амин дэм. Сэвэлзүүр хүйтэн салхитай ч тоос шороо босохгүй болохоор аймгийн төв цэмцгэр. Ар, өвөр шандад ч хөл хөдөлгөөн ихтэй. Өнөөдөр төмөр замын барилгын ажил эхэлж, хөрсөө хуулж, бууриа засна. Шав тавина. Түүхэн бүтээн байгуулалт Дорнын говиос ийн эхэллээ шүү гэсэн бахархал, хариуцлага, их ажлын сүр бараа нүдэнд харагдаж, сэтгэлд буух онцгой өдөр. Түүхэн өдөр болж үлдэх учраас содон. Сайншандаас 10 гаруй км-ийн зайтай "Хар тойрмын тал"-д Чойбалсан-Баруун-Урт Сайншанд Зүүнбаян, Цагаан суварга-Таван толгой-Ухаа худаг-Даланзадгадын чиглэлийн 1100 км урттай шинэ төмөр зам барих их ажлын шав тавих ёслол товлосон цагтаа эхэллээ. Төмөр замын шав тавих ёслолд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, дэд сайд А.Гансүх, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга М.А.Домбреский, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг нарын албаны хүн оролцсон юм. "Монголын хөгжлийн хөтөч болох төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг  төлөвлөгөө ёсоор бид 2.5 жилд багтаан хийснээр Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн шинэ гарц бий болно. Ашигт малтмалын томоохон орд газруудыг ашиглаж, тэдгээрийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, эскпортод гаргах, улмаар  улс   орны эдийн засгийг түргэтгэх, тогтвортой хөгжлийг хангах нөхцөл боломж бүрдэнэ. Хүн амын суурьшил, хот байгуулалт байгаль орчныг хамгаалах асуудлыг ч цогцоор нь шийднэ" хэмээн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга онцоллоо.

Төмөр зам хаана байна, хөгжил тийшээ

"Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого"-ыг УИХ-аас батал-сан нь 1100 км шинэ төмөр зам барих барилгын ажлыг түргэсгэхэд хөшүүрэг болсон юм. Монгол Улс таван мянга гаруй км төмөр замтай болохоор маршрут гаргаад буй. Харин нэгдүгээр ээлжид Сайншандад төвтэй 1100 км шинэ төмөр замын шав тавиад зогсохгүй 2.5 жилийн хугацаанд барихаар төлөвлөж байна. Зам барилгын ажил хэлэлцээрийн ширээнээс нүүж, Дорнын говиос хоёр тийш сунах төмөр замын бүтээн байгуулалт болж өрнөх нь. "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компани төслийн зөвлөхөөр АНУ-ын "Мckinsey Company" компанийг сонгосон. Өнөөдрийн байдлаар зөвлөх компанийн орон тоонд нэг, гүйцэтгэгчээр хоёр компани ажиллаж байна. Сайншанд-Даланзадгадын чиглэлд "Дорнын төмөр зам" буюу "East Railway" компани, Сайншанд-Чойбалсангийн чиглэлд Монгол Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг ажиллахад бэлхэн гэдгээ шав тавих үеэр мэдэгдсэн. Тэд ч ажиллах тусгай эрхээ салбарын сайдаас хүлээн авлаа. Монголчууд төмөр замаар зорчих, тээвэрлэлт хийх нь "үржихийн хүрд" адил өсөн нэмэгдэх байх. Төмөр замын нийт ачаа эргэлтийн 90 орчим хувийг төмөр замынхан дангаараа хангахын зэрэгцээ зорчигч эргэлтийн 40 гаруй хувийг хариуцаж байгаа. Энэ хувь, үзүүлэлт ч шинэ төмөр замыг дагаж өсөх нь баараггүй. Төмөр зам хаана байна, хөгжил тийшээ нүүх учраас шинэ төмөр замын ажилд хүн бүр л амжилт хүсэх биз ээ.

"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг зам барилгын ажилдаа орлоо

Шинэ төмөр зам барих барилгын ажилд Монголын талаас оролцож буй мэргэжлийн байгууллага нь Монгол Оросын "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг. Тэднийх 15 мянган мэргэшсэн ажилчинтай юм билээ. Мөн мэргэжлийн зураг төслийн төвтэй. Энэхүү 110,0 км төмөр зам барих ажлыг 20 орчим компани 50 км бүрээр хуваан аваад 2.5 жилийн хугацаанд барина гэж төлөвлөсөн. "Дорнын төмөр зам" компанийн тухайд төмөр зам тавьж байсан туршлагатай. Харин зөвлөх компаниар сонгогдсон АНУ-ын "Мckinsey Company" компани нь дэлхийн 56 оронд 95 салбар нэгжтэй аж.

Төмөр зам барихадхөрөнгө бүү харамла

Улс орны хөгжилд ач тусаа өгөх шинэ төмөр замын ажилд хөрөнгө оруулагчид илүү их итгэл тээн оролцоосой. Гадаад дотоодын төмөр замын компани их бүтээн байгуулалтад ашиг хонжоо харах бус хамтдаа хөгжих найдварыг өвөртөлж ирээсэй. Өнөөдөр байгаагаас илүүтэй дараа жил тодрох Засгийн газар, УИХ төмөр замын ажлыг гацаах бус, урагш түрж явах учиртайг бүр сайн ойлгоосой. Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолын дагуу "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанид шинэ замын тусгай зөвшөөрөл олгосон. Тиймээс үндэсний төмөр замын томоохон тээвэрлэгч компани Монголд бий болж, дараа дараагийн шинэ төмөр замыг барихад толгой өвдөхгүй байвал болохсон. Хөгжлийн төмөр замаар зүтгүүр вагон хүч нэмэн хурдлах тэр өдөр айсуй. Хөгжлийн гараагаа шав тавьж эхэлсэн эл өдөр 2011 оны дөрөвдүгээр сарын 22 байсныг дахин хэлье.

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга: Бүтээн байгуулалт цааш үргэлжилнэ

-"Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого"-ыг УИХ-аар баталсан. 1100 км төмөр замын трассыг батлуулаад судалж гүйцэтгээд гидрогеологийн ажлыг эрчимтэй явуулсан. Өнөөдөр Сайншандаас төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг хоёр тийш нь эхэлж буй түүхэн өдөр. Бүтээн байгуулалт цааш нь үргэлжилнэ. Дардан замаар энэ ажил бүтчихгүй,Тиймээс нэлээд хүндрэлтэй нөхцөл үүд тулгарах байх.Гэхдээ энэ бүхнийг даван туулаад төмөр замаа барьж дуусгана.

УИХ-ын гишүүн Я.Батсуурь: Зам дагаж хөгжил ирдэг

-Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг баталж, энэ бодлогынхоо хүрээнд эхний ээлжид нэгдүгээр үе шат болох 1100 км төмөр замыг Даланзадгадаас Сайншанд Чойбалсангийн чиглэлд барихаар төлөвлөсөн.Зам дагаж хөгжил ирдэг.Үүнийг манай дорноговьчууд сайн мэднэ. Энэ зам урьд өмнөхөөс илүү их хөгжил, боломжийг бидэнд авчирна гэдэгт итгэлтэй байна.

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг 1000 хүний ажлын байр эхний ээлжид бий болно

-Ерөөлт өдөр болж байна. Монголын төмөр замын түүхэнд хоёр дахь үеийн давлагаа эхэлсэн томоохон бүтээн байгуулалт болж байна. Хөндлөн Төмөр замын эхлэл тавигдлаа. Хүсэн хүлээж байсан ажлын нэг. Энэ ажил эхэлснээр бүтээн байгуулалт, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барих ажил, төсөл хөтөлбөр хэрэгжих боломж бүрдэж байна. Бүтээн байгуулалтын ажилд Дорнын говийнхон оролцоно. Манай аймагт хувийн хөрөнгө оруулалтаар төмөр замын ажилтан бэлтгэх мэргэжлийн коллеж байгуулагдсан. Энд сурч байгаа 100 гаруй оюутан шинэ төмөр замын ажилд оролцоно. Төмөр зам дорноговьчуудын амьжиргаанд нөлөөлөөд зогсохгүй, Монгол Улсад чухал зам байх нь гарцаагүй. Сайншандад төвтэй хоёр замын ажил эхэлж байна. Эхний ээлжийн Таван толгой Сайншандын төмөр зам ашиглалтад ороход 1000 хүний ажлын байр бий болно.

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа: Төмөрзамын доод суурь бүтэцболох далан босгох ажил эхэллээ

-Даланзадгад-Чойбалсангийн чиглэлийн төмөр зам буюу хөгжлийн төмөр зам тэргүүлэх ач холбогдолтой үүрэг гүйцэтгэх нь тодорхой. Сайншанд-Чойлбалсангийн чиглэлд Монгол Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Сайншанд Даланзадгад чиглэлд "East RailWay " компани ажиллана. Нарийвчилсан трасс явж байна. Ажлыг үе шаттай эхэлнэ.Төмөр замын доод суурь бүтэц болох далан босгох ажил эхэллээ. Техник эдийн засгийн үндэслэл хийх компани ажилдаа орсон. Нарийвчилсан үнэлгээ удахгүй гарна.

Сайншанд дахь төмөр замын дөрөвдүгээр ангийн ерөнхий инженер Д.Төгсжаргал: Төмөр замчдын үүрэг хариуцлага өндөрсөж байна

-"Улаанбаатар төмөр зам"-д 21 дэх жилдээ ажиллаж байна. Шинэ төмөр замын эхлэл тавигдаж байна гэдэг төмөр замчдын хувьд тээвэрлэх, нэвтрүүлэх ажил нэмэгдэж, хариуцлага энэ хэрээр өндөрсөж байна. Бидний ажил бол цаг минутаар хэмжигдэж байдаг. Төмөр замын бүтээн байгуулалт маань газраар дамжин өнгөрөх учраас байгалийн нөхцөл байдалд тохирсон чанартай барих нь хамгийн чухал.

ЗТБХБ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ:Тооцоо судалгааг зөвлөх компани хийнэ

-1100 км төмөр замыг барихаар тусгаж байхдаа анхан шатны судалгааг хийсэн. Бүрэн судалгаа хийх, техник эдийн засгийн үнэлгээ хийлгэхээр АНУ-ын зөвлөх компани "Мckinsey & соmраnу" -тай гэрээ хийсэн. Ямар даацын төмөр зам байх, гүйцэтгэгч компанийн үүрэг оролцоо гээд бүрэн тооцоо судалгааг зөвлөх компани хийнэ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.