Сайд Г.Шийлэгдамба Казакстаны элчин сайдтай уулзав
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба8 Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландин
2015.03.31

Сайд Г.Шийлэгдамба Казакстаны элчин сайдтай уулзав

Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландинийг Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд хэлэхдээ  "Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдсоноос хойш анх удаа уулзаж байна. Тиймээс эрүүл мэнд, ялангуяа спортын салбарт цаашид хамтран ажиллах талаар тодорхой санал хэлнэ" гэдэгт найдаж байгаагаа дуулгасан. Элчин сайд Казакстан улс нь эрүүл мэндийн салбарт олон чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна.

Өнгөрсөн жилийн хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар эрүүл мэндийн салбарт тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа. Энэ хүрээнд хоёр улсын эмч нарыг харилцан туршлага солилцуулахаар сургалтад хамруулах ажлыг манай элчин сайдын яам гардан зохион байгуулж байна. Хоёр улсын хооронд 45 орчим хамтран ажиллах баримт бичиг байдаг хэдий ч эрүүл мэндийн салбарт тодорхой баримт бичиг байхгүй байгаа учраас бодлогын түвшинд хамтран баримт бичиг боловсруулан төлөвлөгөө гарган хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа сайдад илэрхийлсэн.

Казакстан улс нь 2022 оны олимпийг эх орондоо зохион байгуулахаар нэр дэвшээд өрсөлдөж байгаа. 2017 онд универсаль тэмцээнийг Казакстан улсад зохион байгуулахаар төлөвлөж байгаа энэ тэмцээнд Монгол улсыг идэвхтэй оролцохыг хүслээ.

Эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлт байгааг хүлээн авч бодлогын түвшинд ямар бичиг баримт боловсруулах тал дээр судалж эргэн бичгээр хариу өгөхөө мэдэгдээд, яамны харъяа Зоонозын өвчин судлалын үндэсний төв Казакстан улсын М.Айкимбевийн нэрэмжит Зоонозын ба хөл хориот өвчний эрдэм шинжилгээний төвтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Спортын салбарт уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлж цаашид анхаарч ажиллах болно гэлээ.