9 дүгээр ангийн боловсролтой Молдавийн ерөнхий сайд
Молдавийн шинэ ерөнхий сайд Кирилл Габурич
2015.04.03

9 дүгээр ангийн боловсролтой Молдавийн ерөнхий сайд

Кирилл Габурич нь олонд огт танигдаагүй байснаа гэнэтхэн л Молдавийн Ерөнхий сайд болчихсон. Гэхдээ түүнийг хүмүүс бага мэдэхээс гадна тэр өөрөө маш бага зүйлийг мэддэг. Түүний төгссөн цорын ганц “дээд сургууль” бол тосгоны сургуулийн 9 дүгээр анги.

Ерөнхий сайд болсноос нь хойш сар хагасын дараа орон нутгийн нэгэн сонин түүний боловсролгүй гэдгийг ньилрүүлжээ. Сэтгүүлчид мөрдлөг явуулж 38 настай залуу ерөнхий сайд төрөлх Логанештагийн дунд сургуульд ердөө 9 дүгээр анги төгссөнийг олж мэджээ. Гэвч чухам ямар замаар их сургуульд элссэнийг нь тодруулж чадсангүй. Тэгэхээр түүний диплом жинхэнэ биш гэсэн үг.

Энэ дуулианаас болж Молдавийн эрх баригчид бужигнаж эхлэв. Хэрэг цагдаагийн байгууллагад очжээ. 

Габуричийн суралцаж төгссөн гэх сургуулиудаас холбогдох бичиг баримтуудыг хурааж авсан байна. Тосгоны сургуулиас гадна тэр Кишинев дэх цахим технологи, микроэлектроникийн сургуульд элсэн суралцсан ч 1995 онд сургуулиасаа хөөгджээ. Бас 1997 онд Молдавийн эдийн засгийн ухааны академиас хөөгдсөн байна. Гэтэл яаж яваад 7 жилийн дараа эдийн засгийн мэргэжлээр диплом авсныг Гэгээрлийн яамны сайд Майя Санда хүртэл мэдэхгүй байна. Санда энэ асуудлаар парламентад дуудагдав.  Дараа нь тэр доодох хүмүүстээ асуудлыг илрүүлэхийг даалгажээ. Гэвч үр дүн гарах эсэх нь эргэлзээтэй. Яагаад гэвэл мөрдлөгийг ахалж буй Дотоод явдлын яамны сайд нь Габуричийг дэвшүүлсэн Либерал ардчилсан намынх. Хоёрдугаарт Габуричийн сургуульд байгаа хуурамч бичиг баримтыг илрүүлэх нэрээр дахиад хэн ч олохгүйн тулд устгах магадлалтай. Юутай ч Габуричийн булхайг илрүүлэх ажилд эрх баригч нам санаа тавихгүй байна.

Түүний улс төрд орсон түүхийг сонирхоё. Коммунистууд парламентын цөөнхийг Ерөнхий сайдаар улс төрчийг биш, бизнесмен хүнийг томил гэж шахахаар нь Молдавийн либерал ардчилсан намын дарга Филат Молдавийн уугуул, гэхдээ Азарбайжанд амьдардаг найз Габуричаа нэр дэвшүүлжээ. Учир нь хуйвалдаан, авлигад хутгалдсан Молдавийн элитүүдэд тэдний эсрэг элдвийн зүйл дуугарч чадахгүй хэн нэгэн хэрэгтэй байсан юм. Тиймээс Габурич нь тохиолдлоор улс төрд орсон утсан хүүхэлдэй гэсэн үг. Гэхдээ 9 дүгээр ангийн боловсролтой Ерөнхий сайд гэдэг арай л дэндэнэ. Уг нь Молдавийн үндсэн хуулиар Ерөнхий сайд нь төрийн гол хүн байдаг.