Ц.Даваасүрэн: Одоо нүүрсээ алдвал өндийж чадахааргүй болно
УИХ дахь бие даагч гишүүд УИХ-аар хэлэлцэх асуудлуудын талаар байр сууриа өчигдөр илэрхийлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй сүүлийн үед яригдаж буй гол хуулийн төслүүдийн талаар ярилцлаа.
-Монголд казино байгуулснаар олон ажлын байртай болж, улсын төсөвт 70 тэрбум төгрөг төвлөрөх зэрэг эдийн засгийн хувьд түлхэц болно гэж байгаа. Бие даагч гишүүдийн хувьд ямар байр суурьтай байгаа бол?
Казиногийн тухай хуулийг бие даагч гишүүд дэмжинэ. Энэ асуудлыг аялал жуулчлалтай нь холбож ойлгож байгаа. Бусад орны хуулиас жишээ авч алдаатай асуудлаа засч, сайн зүйлээр ололтыг нь баяжуулаад казиногоо эхлүүлэх хэрэгтэй. Харин нэг эсвэл хоёр казино байгуулна гээд яриад байгааг ойлгохгүй байгаа юм.
Хоёр нам хувааж авах гээгүй байх. Ялангуяа, аялал жуулчлалын гол цэгүүдэд казино байх ёстой.
Манайх эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс хоорондоо зөрчилдөөд, эрх ашиг нь хөндөгдөхөөр нэгнийгээ нураадаг. Тийм зүйл гарч болзошгүй. Ер нь казино байх ёстой. Казиног хэн тоглодог гэдэг нь ч тодорхой харагддаг. Манайд Казиногийн хууль байхад орлого нэмэгдүүлэх нэлээд сайн эх үүсвэр болж чадна. Өмнө нь гадаад дотоодын тархи угаалт, суртал ухуулга явсаар байгаад энэ хуулийг унагасан. Одоо цаг нь ирсэн. Харин манай иргэдийг оролцуулахгүй байх нь эхний удаад зөв шийдэл гэж бодож байна.
-Сүүлийн үед олны дунд эргэлзээ төрүүлэх болсон Тавантолгойн гэрээний тухайд юу хэлэх бол?
Бид Тавантолгойн төслийг хөдөлсөн гэж үзэж байгаа. Өнгөрсөн жил 5.8 сая тонн нүүрс экспортолсон байгаа. 300 гаруй сая ам.доллар олсон. Өмнөх популист амлалтаас болж тавьсан өрийг нь дээрх мөнгөөр төлсөн болохоос биш аль хэдийнэ хөдөлсөн. Хэрвээ Тавантолгойн орлогыг хүний хөгжил сангийн 21 мянган төгрөг болгож өгөөгүй бол хэдэн зуун тэрбум төгрөгийн ашигтай ажиллах байсан байгаа юм.
Тэгэхээр ийм бялуугаа ашигтай болоод ирэхээр нь нугасалж болохгүй. Ер нь гадаад улс орнуудын өндийдөг цөөн хэдэн баялаг байдаг. Алмааз, нефть бүтээгдэхүүн, алт, зэс нүүрсний орд. Бид нефтиэ алдсан уу алдсан. Зэс, алтаа мөн алдсан. Одоо нүүрсээ алдвал өндийх зүйлгүй болно. Тавантолгойн төсөл харилцан үр ашигтай байх ёстой. Одоогийнх нь байдал болж байна. Зөвхөн одоо байгаа хүндрэлүүдээ шийдэх ёстой. Хоёр төслийг хөдөлгөж байна гээд гадныхны гарт аваачиж өгч болохгүй. Оюутолгойг гадны 14 банкны барьцаанд өгөх гээд байна.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ярьж байхад 5.5 тэрбумд бүгд багтана гэж байсан. Гэтэл одоо багтахгүй болчихсон. Ахиад бидний 34 хувийн өр зээлийг нэмэх гээд явж байна. Ийм том гэрээг сайн ярьж хийх хэрэгтэй. Муу гэрээний үр ашиг муу л гардаг. Тавантолгойн “Чалко”-той хийсэн гэрээнд манай улс нүүрсээ их хямдхан өгөхөөр тусгасан. Гэтэл Австрали улс нүүрсээ 110 доллараар өгч байна. Манайх бол 40 ам.доллараар өгдөг. Өнгөрсөн долоо хоног австраличууд мэдэгдэл хийж “Монгол Улс нүүрсээ Хятад руу хямдхан гаргаж байгаа нь бидний шүдний өвчин болоод байна” гэсэн байна. Тэгэхээр баялгаа ийм хямдхан өгөөд байж болохгүй юм.
-УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх Төсвийн тухай хуульд зарим өөрчлөлт оруулсан нь анхаарал татаж байгаа гэлээ. Чухам ямар заалтууд нэмж оруулсан бол?
Төсвийн тухай хуульд өөрчлөлтүүд орж ирсэн. Энэ хуулийн 60.2.8 дугаар заалт нэмэгдсэн. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж байгаа компанитай холбоотой заалт юм. Ашигт малтмал түүнийг эрхэлж байгаа компани улсын чанартай төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн байвал тэрийг нь нөөцийн төлбөрөөс нь хасна гэсэн сонин заалт орсон.
Үүнд бие даагч гишүүд анхааралтай хандана. Тэр компани үндэсний хэмжээний том баялгийг авчихаад түүнийгээ тээвэрлэх маягаар дэд бүтцийн ажил хийвэл нөөцийн төлбөрөөс хасна гэж байна. Мөн хассан дүнгийн 30 хувийг орон нутагт өгнө гэж байгаа. Улсаа тэжээх хэмжээний ийм том баялаг эзэмшиж байгаа мөртлөө ийм зүйл хийгээд байвал их төвөгтэй болно. “Эрдэнэт” үйлдвэр 18 хувийн нөөц ашигласны төлбөр төлж байна. Харин Оюутолгой таван хувийг төлдөг. Ийм нэг хулгайн заалт орж ирсэн.
Мөн 60.2.7-д ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг орон нутагт үлдээнэ гэж байгаа. Нэг талаасааа орон нутагт мөнгө орж ирэх сайн талтай. Нөгөө талаасаа ядуу, зүдүү байлгаж байгаад ерөөсөө бүгдээрээ газар шороогоо ухъя гэдэг санхүүгийн хөшүүрэг болох вий гэж харах ёстой. Өөрөөр хэлбэл, Гацуурт руу чиглэсэн заалт явж байна уу гэсэн болгоомжлол байна. Товчхондоо дээрх хоёр өөрчлөлтийг хийж байгаа. Бидний хувьд маш анхааралтай хандах болно.
-Төсвийн тогтвортой байдлын хуульд орсон өөрчлөлтийн тухайд?
Энэ хуулийн өөрчлөлт нь өр зээлийн босгыг нэмэхэд чиглэсэн заалт бий. Эрчим хүч, төмөр замын чиглэлээр гаднаас зээл аваад дамжуулан зээлдвэл төсвийн зарлага, тэнцэл талд тооцохгүй гэсэн. Төсвийн тогтвортой байдлын хуулийн заалтуудаас бултаад байгаа хэрэг. Энэ хэмжээгээр зээлээ нэмж болно гэсэн үг.
Өрийн босгыг нэмээд байгаа энэ алхмуудаа үе шаттай хийж байгааг сайн зүйл гэж бодохгүй байна. Ер нь хамтраад засаг барих юм бол сайхан болж, өр, зээлийг нэмэхгүйгээр аваад явах чадалтай улс төрийн хүчин гэж ярьж байсан боловч өр зээл нэмэх тухай асуудал ямар нэг далд хэлбэрээр яваад эхэллээ.
-УИХ-аар 2014 оны Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэхдээ ямар зүйлийг анхаарах нь зүйтэй гэж харж байна?
2014 оны үндсэн чиглэлийг хэлэлцэнэ. Үүнд нэг асуудлыг нэлээд анхаарч хэлэлцэхийг хүсч байна. Хүн юм ярихаар популист гэдэг. Өөрсдөө популизм их хийсэн шүү дээ. Сонгуулийн үеэр иргэдэд 1.5 сая төгрөг өгнө гэхээс эхлээд олон зүйл амласан. Энэ амлалтууд үндсэн чиглэлийг хэлэлцэхэд яг хэдэн хувьтай биелснийг тодруулж ярьж сурах ёстой.
Иргэдэд энэ талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Учир нь хариуцлагын хамгийн дээд талын шат бол улстөрчидтэй хариуцлага тооцох. Улстөрчидтэй хариуцлага тооцдог механизм нь сонгууль юм. Тиймээс улс төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцож байгаа сонгууль нь өөрөө бодит агуулгаараа хариуцлага тооцох хэмжээнд байх учиртай. Тэгэхээр үндсэн чиглэлийг хэлэлцэнэ гэдэг иргэдэд амласан амлалтын биелэлт хэдэн хувьтай, хэр биелж байгаа талаас нь хэлэлцэх ёстой.
Одоо шуурхай оруулж ирээд биелсэн байна гээд шууд батлаад явах гэж байна. Уул уурхайн компаниуд гэхэд төрийн өмчийн оролцоотой дандаа 51 хувь байна гэж байсан. Гэтэл Цагаан суварга яасан. Гацуурт юу болоод яваад байгаа билээ. АН болон Засгийн газрын хөтөлбөр дээр яг ийм байгаа. Үүнийгээ үндсэн чиглэлдээ оруулж хэрэгжүүлж үү гэдэг талаас нь иргэд харах болохоос дөрвөн жил сайхан хөтөлбөр гаргаж өрсөлддөг байж болохгүй. Иргэд ч түүнийх нь биелэлтийг хардаггүй байж болохгүй.
-Та Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг санаачилсан гишүүдийн нэг. Энэ хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлээ бүх малчин төлөх боломжтой юу?
Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл УИХ-д орж ирж байгаа. Энэ боломжийг нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй, 1995-2015 онд мал маллаж байсан хүмүүст олгох юм. 15-60 насны иргэд хамаарах бөгөөд нийгмийн даатгалын шитгэлээ төлөөгүй байвал төлөх юм. Нэг удаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжийг хуулиар зохицуулж өгч байгаа гэсэн үг. Хөдөлмөрийн хөлсний хэмжээний 10 хувьтай тэнцүү байх хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэх хуулийн төсөл гэж товчхондоо хэлнэ.