Хоёр толгойг хөдөлгөхийн сайн, муу тал
Тавантолгой...
2015.04.17

Хоёр толгойг хөдөлгөхийн сайн, муу тал

Засгийн газар өчигдөр /уржигдар/ ээлжит бусаар хуралдаж, хоёр “толгой”-н асуудлыг хаалттай хэлэлцжээ.

Оюутолгой, Тавантолгой аль аль нь гацаанд орсон энэ үед засаг ээлжит бусаар хуралдахдаа хаалгаа хааж, халуун бүлээрээ сууж байгаад улс орны эдийн засагт чухал нөлөөтэй томоохон ордын талаар ярилцсан бөгөөд хоёуланг нь хөдөлгөх эхлэлийг тавьсан гэх сайн мэдээлэл дуулдав. Тодруулбал, эхний ээлжид Тавантолгойн асуудлаар шийдвэрээ гаргаж, гэрээний төслөө УИХ-д өргөн барихаар болсон байна.Үүний дагуу мега төсөл хариуцсан сайд М.Энхсайхан Тавантолгойн төслийг УИХ-д өнөөдөр өргөн барихаар тогтжээ. Ерөнхий сайдын зүгээс УИХ-ын дарга З.Энхболдод хандан 14 хоногтоо багтаан Тавантолгойн асуудлыг шийдвэрлэхийг хүссэн. Энэ дагуу УИХ-ын дарга Тавантолгойн гэрээ УИХ-д орж ирсэн тохиолдолд дараалал харгалзахгүй хэлэлцэхээ илэрхийлээд байгаа юм.

Ц.Даваасүрэн: Өмнөх алдаагаа засах ёстой атал гадны банкуудын барьцаанд өгчихөж болохгүй 

Энэ бол чухал асуудал. Учир нь, Оюутолгой, Тавантолгой бол Монгол орны хөгжил, тэр дундаа эдийн засагт асар их ач холбогдолтой төсөл. Хоёр дахь шатны санхүүжилтийг шийдэхийн тулд өмнө нь гэрээнд гаргасан алдаагаа сайжруулж, засах ёстой. Ингэхгүйгээр өмнө нь хууль зөрчсөнөө бүр баталгаажуулаад дэлхийн томоохон банкуудын барьцаанд тавьчихвал энэ муу зүйл. Ер нь улс орнууд нефть, гааз, алмаз, алт, зэс, нүүрс гэх хэдхэн баялаг дээр босдог. Гэтэл бид нефтээ алдчихсан.

Одоо Оюутолгой гэдэг дэлхийд гуравдугаарт орох ордоо, цаашлаад Тавантолгойгоо тавиад туучихвал эдийн засгийн хувьд өндийх бололцоо, эх үүсвэр гарч ирэхгүй. Эдгээр төслөө урагшлуулж байна, хөгжүүлэх гэж байна гэж иргэдээ эдийн засгийн дарамтад оруулж байгаад ашиг муутай гэрээгээр солих гэж байна шүү дээ. Өнөөдөр үнэндээ Оюутолгойн борлуулалтын нийт ашгийн 5-8 хувь нь л Монголд орж байгаа. Ийм гэрээ хийчихээд одоо дахин муутгах гэж байгаа бол маш буруу. Гадныханд ингэж хөл алдаж, төрөө бөхийлгөж байгааг хараад надад үнэндээ хэлэх ч үг олдохгүй байна.

А.Тлейхан: Засгийн газраас албан ёсны мэдээлэл өгвөл байр сууриа илэрхийлье

Миний хувьд ордуудыг хөдөлгөх ёстой гэдэг байр суурьтай  байдаг. Өнөөдрийн байдлаар эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөж байж дараагийн хөрөнгө оруулалт орж ирнэ. Өнгөрсөн жилүүдэд жилдээ 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ирж байсан юм шүү дээ.

Гэтэл одоо бүр багасаад байгаа. Ер нь хөрөнгө оруулалтыг татаж байж улс орны эдийн засаг сэргэнэ гэдэг хатуу байр’ суурьтай байдаг. Оюутолгойн талаар албан ёсны мэдээлэл алга. Ер нь албан бус мэдээллийн талаар ярих нь зохимжгүй л дээ. Засгийн газраас албан ёсны мэдээлэл ирүүлбэл байр сууриа илэрхийлье. Сураг төдий зүйлийн талаар ярьж болохгүй шүү дээ.