Зөрчилтэй нь тогтоогдвол мандат нь хүчингүй болгохоор заасан
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2015.04.22

Зөрчилтэй нь тогтоогдвол мандат нь хүчингүй болгохоор заасан

Сонгуулийн тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишуүн Р.Бурмаа ажиллаж байгаа. Хуулийн төслийн ажлын явц ямар байгаа талаар түүнээс тодрууллаа.

-Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсон гэсэн. Сонгуулийн зардалтай холбоотой ямар өөрчлөлтүүд орсон бэ?

Энэ хуулийн төсөлд улс төрийн намуудад хариуцлага тооцох заалтууд оруулсан. Сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй, худал мэдүүлсэн байвал дараагийн сонгуульд бүртгэж авахгүй байх гэсэн заалт нэмэгдсэн. Сонгуулийн зардлыг ихээхэн хэмжээгээр багасгасан. Тухайлбал, сонгуулийн үеэр тараадаг зурагт хуудсыг үнэгүй тавих газруудыг зааж өгсөн. Мэдээж нэр дэвшигч бүрт тэгш боломжийг олгоно. Сонгуулиар ажиллах хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаатай холбоотой нарийн заалт орсон. Сонгуулийн зардлын дээд хэмжээг өмнө нь СЕХ гаргадаг байсан. Зарим тохиолдолд хэтэрхий их хэмжээтэй зардал тавих үе ч гардаг байсан.

Өмнө нь зардлын дээд хэмжээ 500 сая төгрөг байна гэх зэрэг зохицуулалт хийдэг байсан бол одоо ямар тооцоон дээр үндэслэж сонгуулийн зардлын хэмжээг нарийвчлаад Аудитын газраас гаргах болно. Хувь хүн хоёр сая, хуулийн этгээд 10 сая хүртэл хандив өгч болохоор байгаа.

Хандив болон сонгуулийн зардалтай холбоотой бүх мэдээлэл шилэн дансны хэлбэрээр явагдана. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэг зүйл зөрчсөн байвал хариуцлага нь өндөр байна. Сонгуулийг санал худалдаж авах хэлбэрээр явуулахгүй байх зохицуулалтыг нарийн хийсэн.

-Хууль зөрчсөн нь тогтоогдвол ямар хариуцлага хүлээхээр тусгасан бол?

Өмнө нь тангараг өргөсний дараа хууль зөрчсөн нь тогтоогдож, хэдий нэрийн жагсаалтаас хасах хэмжээний байсан ч маргаан үргэлжилсээр байдаг байсан. Харин одоо сонгууль болсны дараа зөрчил гарсан нь тогтоогдох юм бол шууд мандат нь хүчингүй болохоор хуульд заасан.

Мандат хүчингүй болно гэдэг нь өөрөө Их хурлын гишүүнийг эргүүлэн татах гэдгээр биш энэ хүнийг ард түмэн сонгоогүй юм байна гэдэг тэр мандат нь хүчингүй болох зохицуулалт байгаа гэсэн үг.

Хариуцлага тооцох олон нарийвчилсан заалт орсон, Сонгуулийн, тухай хууль бараг бэлэн болсон. Намын бүлгүүдээр ороод Ажлын хэсэг дахин нэг өргөн бүрэлдэхүүнээр хуралдаад УИХ-д өргөн барина.

-Сонгуулийг ямар системээр явуулах тухайд намуудын байр суурь өөр байгаа. Хуулийн төсөлд юу гэж тусгасан бэ?

Хуулийн төслийн эхний хувилбар дээр 28:48 буюу 48 нь нэг мандаттай тойргоос сонгогддог, 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдох хувилбар явж байгаа. Гэхдээ намын бүлгүүдээс санал аваад Ажлын хэсгээр хэлэлцэнэ. Тэгэхээр сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах ньэцэслэгдээгүй гэсэн үг. Харин орон нутгийн сонгуулийн хуулийг өмнө нь гуравны нэг нь жагсаалтаар, гуравны хоёр нь тойргоос сонгогддог байсан бол одоо бүгд мажоритар буюу тойргоос нэр дэвшин өрсөлдөнө.

Ингэхдээ улс төрийн нам нэр дэвшүүлж болно. Бие даан нэр дэвшиж болно гэсэн зохицуулалт орсон. Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгууль хоёр хамт буюу сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын нэг өдөр байна гэсэн заалт явж байгаа. УИХ-аас тухай бүр нь сонгуулийг зарлана. Өмнө нь сонгууль зарласан өдрөөс хойш гэж байсныг сонгууль явуулах өдрөөс хойш гэж өөрчилж байгаа