Монголын хөгжлийн нэг гарц нь нийслэлийн хөгжил шүү дээ
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй
2015.04.24

Монголын хөгжлийн нэг гарц нь нийслэлийн хөгжил шүү дээ

Нийслэлийн МАН байгуулагдсаны 90 жилийн ойн баярын арга хэмжээ энэ өдрүүдэд үргэлжилж байна. Баярынх нь өдрөөр нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйтай уулзаж ярилцлаа.

-Танай намын байр хөл хөдөлгөөн ихтэй байна. Нийслэлийн МАН-ын 90 жилийн ойн баяр болоод тэр үү, эсвэл ирэх сонгуулиар нам ялж магадгүй гэсэн найдлага гишүүдэд чинь төрсөн болоод тэр юм болов уу. 2012 оны үед үүдний харуулаас чинь өөр хүн бараг харагддаггүй байсан санагдана?

Баярын өдрөөрөө гишүүд маань намынхаа төв байраар ирэлгүй яахав дээ. Ер нь ч тэгээд гишүүдийн маань идэвх, урам зориг өнгөрсөн хугацаанд сэргэсэн. Энэхүү ойн арга хэмжээ ч гишүүдийнхээ идэвхийг сэргээхэд нэг талаасаа чиглэгдсэн байгаа.

-Та бол энэ намын шинэ залуу удирдлагуудын нэг. Нийслэлийн намын байгууллагын өнгөрсөн 90 жилийн түүхийг ямар өнцгөөр харж байна?

Монголын нийслэлийг бүтээн босгоход үнэлж баршгүй гавьяа байгуулсан улс төрийн хүчин юм гэдгийг хойч үе мартах ёсгүй. өнгөрсөн түүхээ илүү сайн өнгөлж зүлгэж, үнэнээр нь үлдээх ёстой. Гэгээн үйлстэй нам юм гэдгээ энэ өдрүүдэд сануулж байна.Цаашдаа ч улс орны хувь заяаг авч явах түүхэн үүрэгтэй нам гэдгийг гишүүд дэмжигчид маань илүү ухаарсан өдрүүд болж байна.1925 оНы гуравдугаар сарын 7-ны өдөр намын бүгд хурлын тогтоолоор Улаанбаатар хотод намын байгууллага байгуулах шийдвэр гаргаад дөрөвдүгээр сарын 27-нд анхны хурлыг хийснээр нийслэлийн МАН- ын хорооны үйл ажиллагаа эхэлсэн байдаг юм.

-Тэр үед нийслэлийн намын байгууллагад багагүй хөрөнгө хогшил төв намаас чинь тасдаж өгсөн байх даа?

Өгсөн байна. Богдын сангаас нэг гэр, хоёр авдар таслаж өгсөн нь манай намын хорооны анхны хөрөнгө юм. Ингэж эхэлсэн нийслэлийн намын байгууллага маань өнөөдрийн өндөрлөгөөс харахад хорьдугаар зууны эсгий хотоос хориннэгдүгээр зууны дэлхийд данстай хот болтол нь өргөжин хөгжүүлсэн байна.

-Энэ бүх бүтээн байгуулалт дан ганц нийслэлийн намын байгууллагын хүчээр босоогүй гэдэг нь ойлгомжтой?

Наяад оны үед Азийн цагаан дагина гэсэн нэртэй болтлоо хөгжихөд МАН- ын үе үеийн удирдлагууд нийслэлийн МАН-ын хороо гол үүргийг гүйцэтгэж, ачааны хүндийг үүрсэн. “Нийслэл хот нэг өдөр сүндэрлээгүй" гэсэн ард түмний үг надад их таалагддаг. Ерэн жилийн баяр бол намын баяр бус нийслэлчүүдийн баяр. Ерөөсөө МАН-ын үе үеийн бүх удирдлагуудын хүч хөдөлмөр, намын бүх гишүүдийн хөдөлмөрч шаргуу зан чанар, хүсэл тэмүүлэл дээр Улаанбаатар хот боссон. Тухайн үеийн Улс төрийн товчооны гишүүд тус бүрдээ жилд нэг удаа 26 хоног нийслэл дээр ажилладаг байсан юм билээ. Тэд маш их ажлыг амжуулсан. Ажлын бүх өдрөө зөвхөн нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд зориулдаг.

Судлавал маш сонин түүх. Тухайн үед район гэж байсан. Найрамдлын район дээр ямар л бүтээн байгуулалтын ажил өрнөнө тэнд нь өнөө улс төрийн товчооны гишүүн чинь очоод удирдан зохион байгуулаад, асуудлыг нь шийдвэрлээд 26 хоног зогсоодог байж. Ингэж өнөөдрийн нийслэл сүндэрлэсэн учраас энэ тоог бэлгэдэж намын баярыг угтсан 26 өдрийн ажил өрнүүлж байгаа юм. Манай зарим залуучууд ахмад үе минь ямар их хүч хөдөлмөр гаргасныг мэдэхгүй. Төрөхөд нь л ийм хот байсан юм шиг бодож байгаа. Тийм биш шүү гэдгийг ч намын баярын арга хэмжээнүүд хэлж өгч байгаа.

-Өнгөрсөн хугацаанд ачааны хүндийг үүрсэн нэртэй удирдагчид үе үеийн хотын удирдлагад байсныг өнөөдөр ч хүмүүс дурсан ярьсаар байдаг юм билээ?

Хотын намын хороог 24жил удирдсан Алтангэрэл дарга байна шүү дээ. Нийслэлийн нам байгуулагдаад 90 жил болсон гэхэд түүний гуравны нэгд нь энэ хүн хотын намын байгууллагыг удирдаж, хот яаж хөгжих бүх бодлого, шийдвэрийг батлан гаргасан байдаг. Хотыг хөгжүүлэх уураг тархи нь Гэр үед нам байсан гэж үзвэл тэр бүгдийг Алтангэрэл дарга удирдаж байж. Улс оронд түүхэн үүргээ гүйцэтгэсэн хүн гэж байдаг. Тийм түүхэн үүргээ гүйцэтгэсэн хүн бол Алтангэрэл даргаас эхлээд хотын үе үеийн бүх удирдлагууд орно. Тэднийг хойч үе бахархан дуурайж явах ёстой.

-Нийслэлийн МАН-ын хороо нь өнгөрсөн хугацаанд улс төрийн хамгийн нөлөөтэй, хүчтэй байгууллага байсан. Гэвч 2012 оноос хойш, бүр тодруулбал таныг намын дарга болсон тэр үед материаллаг баазын хувьд илт суларсан харагддаг?

Бараг суух өрөө ч үгүй нөхцөлд нийслэлийн намын хорооны даргаар очсон. Ер нь бол үе үеийн нийслэлийн Засаг дарга нар намын даргаа хавсарч хийж ирсэн. Миний үед энэ үе дуусгавар болсон. Түүхэндээ анх удаа МАН Улаанбаатарт ялагдсан, дүүргүүдэд ялагдсан. Намын ажилд нийслэлийн Засаг дарга гэсэн албан тушаал нь нөлөөтэй байлгүй яахав. Харин өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд миний хувьд сорилтын жил байлаа. Яг үнэндээ надад няцах үе байсан. Гэвч надад итгэсэн хүмүүсийн итгэлийг яахав. Уналттай байгаа намаа орхиод явах эрх надад байхгүй шүү дээ.

Намын даргын ажлыг аваад маргааш нь нийслэлийн намын байраасаа хөөгдөж гаднаа тавилга саваа хурааж машины эрэлд гарсан. Ингээд Лениний музейн байр руу очсон. Очоод удалгүй дахиад тэр байраа булаалгасан. Ингээд байр сууцгүй болоод хэдэн ширээ сандлаа ачаад намынхаа төв байр руу явсан даа. Энд нүүж ирсэндээ би хувьдаа бэлгэшээдэг юм. Намын төв байр байгаа энэ суурин дээр хуучин хотын намын хорооны хоёр давхар улаан тоосгон байшин байрлаж, манай аав Ж.Цэндсүрэн гэж сүүлд хотын орлогч дарга болсон хүн Б.Алтангэрэл даргатай ажилладаг, би жаахан хүүхэд орж гардаг байсан юм.

-Цаг хугацаа хурдан байна шүү. Саяхан тийм байтал одоо сонгуулийн уур амьсгал орчихсон байх юм. Танай нам ч бэлтгэлдээ орсон нь намын баяраас чинь харагдаж байна. АН-ын хувьд Бат-Үүлдээ найдлага тавьж, нийслэлийг түшиц газраа болгох бололтой. Танд яаж мэдрэгдэж байна?

Би ч азтай юмаа, ийм нөхцөлд, өрсөлдөгч намынхаа гол түшиц баазтай нь өрсөлдөнөгэдэг ялагдсан намын даргын хувьд, хувь хүний хувьд ч тэр том сорилт болно. Санаанд минь багтаж байгаа гээд хэлчихвэл залуу хүний хийрхүү бодол гэж хэлэх байхдаа. Өнөөдөр төрөөс, нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа нь үнэндээ ард түмний дургүйцлийг хүргэж байна. Магадгүй энэ дургүйцэл цаашаа туйлдаа хүрч ч магадгүй. Энэ нь улс орны төлөө санаа зовнидог хэн бүхэнд мэдрэгдэж эхэлсэн.

Та бүхэн хамгийн сүүлд гарсан Сант маралын судалгааны дүнг харсан байх. Нийслэлд манайх маш ойрхон гарсан байна лээ. Зарим судалгаагаар бол нийслэлд МАН хоёр гурван ч функцээр илүү гарсан. Ерөнхий ханаараа хэн хэн нь ойролцоо яваа. Хэн сайн ажилласан нь ялна. Гэхдээ ийм үед бид нар сөрөг хүчин гээд өнөөдрийн хотын удирдлагууд руу дайраад давшлаад явж болохгүй л дээ. Манай намын зорилго бол тодорхой 2016, 2017 оны бүх шатны сонгуульд бүрэн ялах. Үүнд үйл ажиллагаагаа чиглүүлээд явж байна.

Нийслэлийн МАН- ын хорооныхон өнгөрсөн хугацаанд өдөр шөнөгүй ажиллаж нийслэлийн намын 152 үүр дээр биечлэн ажиллаа. 3041 саналыг тэднээс хүлээн авч өөрийн биеэр судалж, 1000 гаруй хүнд өөрийн гараар хариуг нь бичлээ. Бүгдийнх нь санал хүсэлтэд тулгуурлаж намынхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулж байна. Ингэснээр намын гишүүд, намын байгууллага хоёрын эргэх холбоог сайжрууллаа. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг цахимжуулж одоогоор 70 гаруй хувьтай явж байна. Одоо бид ил гарч ажиллах цаг ирлээ. Гадагшаагаа, нийслэлчүүд рүүгээ илүү гүн орж ажиллаж байна.

-Өнөөдрийн нийслэлийн удирдлагууд Улаанбаатархотыг хөгжүүлэх хөгжлийн томоохон төслүүдээ танилцуулсан. Таныг ч бас нийслэлийн хөгжлийн загваруудыг нийтлэл хэлбэрээр олон түмэнд хүргэж эхэлснийг харсан?

Э.Бат-Үүл дарга засаглал барьж байгаа учраас төслүүд нь хүмүүст илүү хүрч байх шиг байна. Миний хувьд арай бага хүрч байна уу даа. Өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудлууд, шийдлийн гарцууд нь ч тодорхой. Э.Бат-Үүл нарын хотын удирдлагууд бол манай нам нийслэлд засаг барьж байх үедээ эхлүүлсэн ажлуудыг уламжлаад хэрэгжүүлээд  явж байгаа юм. Нийслэлийн иргэд нэг их зүйлийг хүсээгүй.

Юу хүсч байна гэхээр өөрийн орон байртай, сайн эмнэлэгтэй, хүүхдүүд нь  сургууль цэцэрлэгтэй, эрүүл . аюулгүй орчинд амьдрахыг нийслэлийн удирдлага энэ бүх нөхцлийг л бүрдүүлэх ёстой. Бат- Үүл даргын сая хөрөнгө оруулалтын форум дээр тавьсан илтгэл бол бидний үед эхнийх нь бэлэн болчихсон байсан төслүүд. Манай нам нийслэлийг удирдаж байхдаа Нүхтэд ОУ-ын байгууллагууд, Элчин сайдууд гээд саяын форумд оролцсон бүгдийг оролцуулсан томоохон чуулга уулзалт хийж шийдлүүдийг гаргасан нь ном болоод гарчихсан байдаг юм. Тэнд хамгийн гол асуудал нь гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах хөтөлбөр байсан.

Төлөвлөгөө, судалгаа, тооцоо бүх зүйл нь гараад ажлыг нь эхлүүлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Анх 2008 онд 100 айл орчим, Ногоон нуур орчмыг орон сууцжуулж эхэлсэн. Одоо яриад байгаа ахмадын орон сууц нь бид анх гэр хорооллын айлуудын дамжин -өнгөрөх сууц нэртэй барьж байгуулсан юм. Өнөөдөр ахмадын орон сууц нэртэй болоод явж байна. Гудамж төсөл байна. МАН засаглалд байх жилүүдэд замын уулзваруудыг өргөтгөх, замын нягтаршил, түгжрэлийг арилгах олон гарцуудыг хайж ажил эхлүүлсэн нь өнөөдөр Гудамж төсөл гэсэн нэртэй явж байна. Одоо 34 уулзвар гэж ярьж байгаа, үүний 24 уулзварынх нь судалгаа тооцоо, зураг төслийг бид хийж ажлаа эхлүүлсэн байсан.

Үүнийг би өөрөө удирдаад манай хамт олон хийж гүйцэтгэсэн юм. Одоо “Гудамж төсөл’’-д байгаа Батболд хүртэл хотын даргын зөвлөхөөр ажиллаж бид хамт сууж хийж байлаа. Төв талбайн хоёр талыг хоёр урсгалтай болгож, дөрвөн талынх нь уулзварыг шинээр хийснийг иргэд санаж байгаа. Богд уулын араар тавьсан шинэ замыг бид судалгаа тооцоо зураглалыг нь гаргаад анхны шороог нь хүрздэж байлаа, АН-ын үед нээлт нь болсон. Нарны гүүр мөн бидний үед барьж дуусаад 2012 оны 9 дүгээр сард туузыг нь хайчилснаар Э.Бат-Үүлийн үеийн.бүтээн байгуулалт болж байгаа юм.

-Өнөөдөр хотод хийгдэж буй бүх ажлууд өмнө нь эхэлсэн, судалгаа тооцоо нь хийгдсэн байсан гэж үү?

Шууд хэлэхэд тийм. Харин Э.Бат-Үүл дарга шинэ суурьшлын бүс, шинэ дагуул хот бий болгож, тэнд айл өрх, албан байгууллага, иргэд олноор очиж тохь тухтай оршин сууж эхэлсэн бол тэр нь Бат-Үүлийн жинхэнэ шинээр хийсэн ажил болж харагдана. Тэрнээс өмнө нь хийж байсан ажлыг сайжруулаад, мөнгийг нь нэмээд, гоё сайхнаар төсөөлөөд,төсөөлсөнөө маш сайхнаар яриад сурталчлаад байх нь бодит ажил биш л дээ. Гэхдээ бидний хийж хэрэгжүүлж байсан бүхнийг уламжлуулан авч явж, ярьж хийхээр чармайж байгаад нь Э.Бат-Үүл даргад баярладаг. Бид дайсан биш шүү дээ. Нийслэлийнхээ иргэдийн сайн сайхны төлөө хамтдаа л зүтгэх ёстой.

-Танай намыг нийслэлд засаг барьж байхын үеийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн чадамж өнөөдрийнхтэй харьцуулахад ямар байсан бэ?

Мөнхбаяр даргыг хот удирдаж байх үед 28-30 тэрбум төгрөгийн л хөрөнгө оруулалт хийгдэж байсан байх. Одоо бол нийслэлийн эдийн засгийн чадамж 800 тэрбум болсон. Яагаад гэвэл хот улсын төсөвт өгдөг байснаа өөртөө авдаг болсон. Энэ нь ч зөв, ингэж байж хот хөгжинө. Гэхдээ нийслэлээс авах татварын тогтолцоо нь буй явах гээд байгааюм. Манай намын урьд нь судалж тооцож байснаар бол нийслэлийн иргэд нийслэлд оршин сууж хотоос үйлчилгээ авч байгаагийн татвар, газар эзэмшиж үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа татвар гэсэн хоёр л татвар төлөх ёстой.

Энэ татвараараа хотоо зөв төлөвлөж, хотын хөгжлөө авч явна. Одоо бол төсөвтөө тааруулж хот төлөвлөлтөө хийгээд байгаа юм. Тэгэхээр хотод шинэ татварын орчин бүрдүүлэх хуулийг УИХ яаралтай батлан цаг ирсэн. Хамтарсан Засгийн газар яаралтай хотын татварын хуультай болох ёстой. Тэгж байж хот хэнээс ч хамааралгүй, бие дааж хөгжинө. Хоёрдугаарт Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт орох болж байгаа юм. Үндсэн хуулиар Монгол улс ганцхан хоттой.

Гэтэл зайлшгүй өөр хотууд хэрэгтэй байна. Өнөөдөр хотын хүн амын нягтаршлыг харахад хоёр литрийн саванд гурван литр ус хийх гээд халгиаж цалгиаж байгаатай адил байна. Гэхдээ төвлөрлийг сааруулах, төвлөрөл буруу гэх нь тэнэг хэрэг. Хотын амин асуудал төвлөрөл, хүн амын өсөлтөндөө байдаг юм. Төвлөрлөөс хот үүсдэг. Хотын хүн ам их байх тусмаа хот хөгжинө. Харин хотод ирж байгаа хүмүүсийг зөв байршуулж, суурьшуулах нь хотын төр захиргааны ажил байхгүй юу. Үүнийг бид ч хийж чадаагүй, өнөөдрийн удирдлагууд ч хийж чадахгүй байна. Хүн амын өсөлтийн онол, байршлын онол хоёрыг л яриад байна л даа. Үүн дээр хотод яригддаг гурав дахь онол нь харилцан хамаарал бүхий хотуудын онол гэж байна.

Дагуул хотыг байгуулах. Энэ гурван онолыг судалгаа, тооцоо, төлөвлөгөөтэй хийх асуудал. Ер нь бол Лондон, Сөүл бүгдэд нь манай хотын зовлон тулгарсан. Сая ярьсан гурван тулгуур онолоор асуудлыг хурдан шийдэж чадсанд хөгжил нь байгаа юм. Сая хотоос 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулж, бүр тодотгол хийгээд гаргаж ирсэн нь бидний хийж байсан төлөвлөгөөний үргэлжлэл болохоор бид баярлаж дэмжиж байгаа. Мэдээж ажил хийж байгаа хүнд алдаа байна.

Том ажил хийх тусмаа л сүүдэр нь том байна. Тэгэхээр бид зөвхөн сүүдэр яриад байх биш илүү гэрэл гэгээтэй талыг нь харж, ийм их хөгжлийн замыг туулж, маш их хөдөлмөр зүтгэлээр хот бий болсон шүү гэдгийг иргэдэд ойлгуулахын тулд нийслэлийн намын баяраа нийслэлчүүдийн баяр болгосон юм. Ер нь Монгол Улсын хөгжлийн нэг гарц нь нийслэлийн хөгжил шүү дээ. Энд нэг зүйлийг хэлмээр байна. Хот гэдаг бол тэр чигээрээ аж ахуйн ажил байдаг. Жинхэнэ хөдөлмөрлөдөг, зүтгүүрүүд нь хотод очдог. Хотод ямарч улс төр хэрэггүй, яагаад гэвэл аж ахуйн ажил байдаг учраас. Харин улс төрөө УИХ дээрээ хийх хэрэгтэй. УИХ дээрээ бодлогоороо улс төр хийж уралдах хэрэгтэй.

Нам ялагдсан үед, нам уналттай байх үед би хотын намын даргаар ажиллаж байгаа нь надад том сорилт болж байгааг дээр хэлсэн. Энэ хугацаанд ямарч сургуульд боловсрол эзэмшсэнээс илүү туршлага, мэдлэг олж авсан. Магадгүй би нам үргэлж ялж байх үед энэ ажил дээр ирсэн бол улс төр дэх хатуу хүтүүг мэдрэхгүй өнгөрөх байсан байх. Үүгээрээ энэ цаг хугацаа надад үнэ цэнтэй . юм. Надад намын минь олон сайхан ахмадууд, нэртэй улс төрчид, үеийн найз нөхөд, дараа үеийнхэн минь түшиг тулгуур болж яваа мэт хэсэг шүү дээ, төрд алба хашиж байсан намын бүх гишүүд, дэмжигсэд, бизнесменүүд. аймгийн даргаар ажиллах ба^сан бүх хүмүүсийг барьж шалгаж, хорьж цагдаж, ер нь халгамаар байсан.

-Ирэх сонгуулиар нийслэлд нэр дэвших хүмүүсийн уралдаан танай намд хэдүйн эхэлсэн гэж мэдээллийн хэрэгслээр бичих боллоо. Нийслэлийн намын байгууллага нэр дэвшигчддээ ямар шаардлага тавьж байгаа вэ?

Ер нь тавих шаардлага тодорхой доо. Лав л дарга нарт наалдсан, тэр хүний, энэ хүний гэх хаягтай хүмүүс. аль эсвэл тухайн тойрогтоо огт танигдахгүй хүмүүсийг тойрогт өрсөлдүүлэхгүй. Хотын намын даргын хувьд миний баримтлах зарчим, бодлого бол энэ намыг унаж, ядарч байх үед намын төлөө ажиллаж байсан хүмүүс нэгдүгээрт тавигдана Хоёрдугаарт өрсөлдөх тойрогтоо нэр хүндтэй хүн байх ёстой. Гуравдугаарт багаар ажиллах чадварыг нь харна. Ганцаарчилсан тоглолт намын бодлогыг алдагдуулдаг учир ийм хүн намд хэрэггүй, 2016 оны сонгуульд МАН бол нийгэм хүсэн хүлээж байгаа тийм хүмүүсийгөрсөлдүүлэх нь зөв байх.

-Наад асуудал тань таныг нам дотроо нэлээн асуудалтай тулгаруулна даа?

Тулгарна. Гэхдээ илүү том эрх ашиг байна. Монгол улсын хөгжил, ирээдүйн төлөө, намын эрх ашиг ч байна. Энэ бүхний ард хүний асуудлыг тавьж болно биздээ. Нийслэлийн намын байгууллагын бодлого л лав ийм байгаа.