Нэг мод амьдралынхаа туршид 197 сая төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулдаг
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол
2015.04.28

Нэг мод амьдралынхаа туршид 197 сая төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулдаг

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.

-БОНХАЖЯ-наас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг өрнүүлж байгаа. Өнөө жилийн тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааны онцлог юу вэ?

2015 онд улсын хэмжээнд нэг сая мод тарьж, түүнийгээ арчилж хамгаалан, усалж ургуулах зорилгоор “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн"-ийг БОНХАЖЯ-наас өрнүүлээд ажиллаж байна. Энэ хөдөлгөөний хүрээнд мод тарьж ургуулж, орчноо цэцэрлэгжүүлэх гэсэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд манай яаманд олноор хандаж байна. Тиймээс тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-д нэгдэх хүсэлтэй    иргэд, байгууллагуудыг тарьц, суулгац үржүүлж, борлуулдаг иргэд, аж ахуйн нэгжтэй холбох, ойртуулах ажлыг хийж байна.

Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааны санхүүжилтийг БОНХАЖЯ гаргаж, энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүддээ бодитой дэмжлэг үзүүлэхийг зорьсон. Үнэхээр уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хуурайшилт улам бүр нэмэгдэж байгаа нөхцөлд байгаль эх дэлхийн өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх үндэс болсон мод тарьж, ургуулцгаая гэсэн санаачилгыг дэмжиж хамтран ажиллаж байгаа хүн бүхэнд талархаж байгаагаа хэлье.

-“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” хэр амжилттай болох бол. Манайд мод тарьдаг ч тарьсан модоо ургуулдаггүй гэдэг шүү дээ?

Манай хөдөлгөөний нэр бол “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”. Монгол оронд аль болох олон мод тарьж, ургуулах хэрэгцээ шаардлага үнэхээр байгааг бүгд мэдэж байгаа. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан манай оронд 1940-2007 онд агаарын жилийн дундаж температур 2,1 хэмээр дулаарч, хөрсний ууршилт 118,1 хувиар нэмэгдсэн судалгаа, дүгнэлт гарсан. Мөн жилд унах хур тунадасны хэмжээ 30-40 мм-ээр буурч байгаа нь гадаргын усны хэмжээ багасахад нөлөөлж байна.

Монголчууд бид түүхэн уламжлалаасаа байгаль дэлхийтэйгээ харьцан, зохицолдон амьдарч ирсэн ард түмэн. Гэтэл бидний амьдрах орчин сүүлийн жилүүдэд эрс доройтож, хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод л гэхэд агаар, хөрсний бохирдол, тоосжилт аюулын харанга дэлдэх болсон. Хот, суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дундаж 24 м2 байхад, нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ 2014 оны байдлаар 3,2 м2 байгаа нь дэлхийн дунджаас даруй 7,5 дахин бага байна.

Судалгаанаас харахад хайлаас мод 23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, шар хуайс 0,2 кг тоосыг жил бүр өөртөө шингээж авдаг. Үүнийг мөнгөөр үнэлж тооцвол 50 жил ургасан нэг мод амьдралынхаа туршид 38 сая төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж, 197 сая төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулдаг юм байна. Иргэн хүн наад захын эрүүл орчинд амьдрах нөхцөлөө бодоод үзэхэд л мод тарьж, ургуулах бүх нийтийн хөдөлгөөнөөс хойш суухгүй байх аа гэж итгэж байгаа.

-Хуулиар иргэн бүр мод тарих үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлчихэд л таны санаачилсан хөдөлгөөн үр дүнгээ өгөх юм биш үү?

Ойн тухай хуулиар “Аймаг нийслэлийн Засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн*бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах, услах арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана” гэсэн хуулийн заалттай.

Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлигаар 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гаригийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд өмнөх жилүүдэд бүх нийтээр мод тарих өдрийг 10 удаа зохион байгуулж нийт 7,4 сая ширхэг мод тарьсан байна. Энэ тарьсан модны ургалт 60 орчим хувьтай байгаа нь хангалтгүй дүн юм. Иймд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд тарьсан модоо ургуулах, амьдрах хувийг нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа.

Энэ оны бүх нийтээр мод тарих өдөр нь хавар тавдугаар сарын 9, намар аравдугаар сарын 10-ны өдөр тохиож байна. “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн’’-ий хүрээнд бид хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэн бүрийг хуулинд заасан үүргээ биелүүлж мод тарьж ургуулах мэдлэг, дадал олгох зорилт тавьсан. Иргэн бүр хашаандаа мод ургуулах, аж ахуйн нэгж, байгууллага - бүр гадна орчиндоо ногоон байгууламжтай болох, өөрийн байгууллагын нэрэмжит таримал ойн сантай болох асуудлыг ажил хэрэг болгохыг БОНХАЖ-ын сайдын хувьд уриалж байна.